sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /AP/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Йемений хутичууд болон Израилын цэргүүдийн хоорондох мөргөлдөөн хурцадсанд түгшиж буйгаа илэрхийлжээ. "Йемений хутичууд, Израилын хоорондох мөргөлдөөн хурцадсаныг Ерөнхий нарийн бичгийн дарга буруушааж байна. Сана хотын олон улсын нисэх онгоцны буудал, Улаан тэнгисийн боомтууд болон Йемений цахилгаан станцууд руу пүрэв гарагт Израилын тал агаараас цохилт өгсөн нь ихээхэн түгшүүр төрүүлж байна" гэж түүний ажлын албанаас нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна. 


А.Гутерриш бүс нутгийн байдлыг улам хурцатгах эрсдлүүд үүссэнд ихээхэн санаа зовж байгаа бөгөөд "байлдааны ажиллагааг зогсоож, дээд зэргээр хүлээцтэй байхыг" дахин уриаллаа. 


Тэрбээр мөн олон сая хүний амь насыг аврах тусламж шаардлагатай байгаа энэ үед Улаан тэнгисийн боомтууд, Сана хотын нисэх онгоцны буудалд агаарын цохилт өгөх нь хүмүүнлэгийн ажиллагаанд ноцтой аюул учруулж байгааг анхааруулаад энгийн иргэд болон дэд бүтцийг хамгаалахыг уриалж, хүмүүнлэгийн ажилтнуудыг "онилох ёсгүй, тэднийг хүндэтгэж, хамгаалах ёстой" гэж цохон тэмдэглэсэн байна. Пүрэв гарагт Израилын цэргүүд Сана хотын нисэх онгоцны буудалд агаараас цохилт өгөх үеэр тэнд байсан тухайгаа ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус олон нийтийн Х сүлжээнд мэдээлсэн байна. "Бидний байсан газар буюу явах танхимаас хэдхэн метрийн зайд хөөрөх буух зурвас эвдрэн сүйдсэн" гэж Гебрейесус бичжээ. ДЭМБ-ын тэргүүн өөрөө болон НҮБ-ын ажилтнууд аюулгүй газарт байгаагаа мөн мэдэгдсэн байна.


Израилын цэргүүд пүрэв гарагт Сана хотын олон улсын нисэх буудалд агаараас цохилт өгсөн тухай Ойрх Дорнодын хэвлэлүүд мэдээлсэн байна. Тус улсын Агаарын цэргийн хүчин мөн Йемений Ходейда боомт хот руу довтолсон гэж хэд хэдэн хэвлэл мэдээлжээ. 


Хутичуудын байрлалуудад цохилт өгсөн гэдгээ Израилын Батлан хамгаалах арми (IDF) мэдэгджээ. Цохилтыг “Сана хотын олон улсын нисэх онгоцны буудал, мөн хэд хэдэн цахилгаан станцын нутаг дэвсгэр дэх террорист хутичуудын цэргийн үйл ажиллагаандаа ашигладаг дэд бүтцэд өгсөн” гэж цэргийнхэн мэдэгдсэн байна.  Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдэхдээ, хутичуудын эсрэг цохилт өгөх ажиллагаа "зорилгоо бүрэн биелүүлэх хүртэл үргэлжилнэ" гэжээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг