ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд асан, улс орноо дэлхийн хүчирхэг гүрэн болгон хувиргаж чадсан Манмохан Сингх 92 насандаа таалал төгссөн тухай тус улсын одоогийн удирдагч Нарендра Моди пүрэв гарагт мэдэгджээ.
“Энэтхэг улс хамгийн нэр хүндтэй удирдагчдынхаа нэгийг алдсандаа эмгэнэн гашуудаж байна. Ерөнхий сайдын хувиар тэрбээр ард түмний амьдралыг дээшлүүлэхийн төлөө ихээхэн хүчин чармайлт гаргасан” гэж Н.Моди нийгмийн сүлжээний хуудсандаа нийтэлсэн байна.
М.Сингх пүрэв гарагт гэртээ ухаан алдаж, Шинэ Дели хотын эмнэлэгт хүргэгдсэн гэж Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлжээ. Энэтхэгийн Анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн мэдэгдэлд, түүнийг сэхээн амьдруулах боломжгүй болсныг дурдаад, орон нутгийн цагаар 21:51 цагт нас барсан гэв.
М.Сингх нас дээр гарсантай холбоотой өвчний улмаас эмчилгээ хийлгэж байжээ. Конгрессын сөрөг хүчний удирдагч Рахул Ганди мэдэгдэхдээ, би зөвлөгч, чиглүүлэгчээ алдлаа гээд, М.Сингх асар их мэргэн ухаан, үнэнч байдлаар Энэтхэгийг удирдсан гэлээ.
Түүнийг биширдэг сая сая хүмүүс түүнийг бахархалтайгаар дурсах болно гэж Р.Ганди нэмж хэлжээ. 1932 онд одоогийн Пакистаны нэгэн тосгонд төрсөн М.Сингх эдийн засгийн чиглэлээр суралцаж, Кембриж, Оксфордын их сургуульд суралцах тэтгэлэг авч, Оксфордод докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр төрийн хэд хэдэн өндөр албан тушаалыг хашиж, Төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж, НҮБ зэрэг байгууллагуудад янз бүрийн алба хашиж байжээ. Улмаар 2004 онд Ерөнхий сайдаар томилогдсон байна.
М.Сингхийг санхүүгийн томоохон хямралын дараа дэлхийн хамгийн олон хүн амтай улс орныг дэлхий дахинд нээж өгсөн эдийн засгийн шинэчлэлийн архитектор гэж үздэг. Тэрбээр мөн Энэтхэгийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор АНУ-тай цөмийн чухал хэлэлцээр байгуулж байв.
Гэсэн хэдий ч түүний хамтарсан Засгийн газар хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа авлига хээл хахуулийн хэрэгт холбогдож, эдийн засгийн өсөлт удааширч, инфляц гаарсны улмаас олон нийтийн итгэлийг алджээ. Түүний дэмжигчид М.Сингхийн томоохон амжилтуудыг сайшаадгийн дотор нийгмийн хөтөлбөрүүдээр дамжуулан олон сая хүнийг ядуурлаас гаргасан гэж үздэг. Хожим нь М.Сингх Н.Модигийн эдийн засгийн бодлогыг эрс шүүмжлэгч болсон бөгөөд нийгмийн бүлгүүд хоорондын зөрчлөөс үүдэн Энэтхэгийн ардчилалд учирч болзошгүй эрсдэлүүдийн талаар саяхан анхааруулж байжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
iim gaihamsigtai hymyys ee!!ard tymen yamarch ylasiinh martdaggyi l yum daa,yhehed ch od bolon harbana daa....Manaid ene met zytgesen hyndee haltai bydyyleg niigem yilchildeg ene bol yadyygiin zoblon yy?...esbel ygaasaa bidnii chysand bna uu?......