sonin.mn

БЕРЛИН, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /DW/. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер тус улсын парламент болох Бундестагийг тарааж, 2025 оны хоёрдугаар сарын 23-нд парламентын ээлжит бус сонгууль явуулахаар шийдвэрлэснээ өнөөдөр зарлалаа.Тэрбээр Канцлер Олаф Шольцын гаргасан хүсэлтийн дагуу энэ шийдвэрийг гаргажээ.  




Ерөнхийлөгч Штайнмайер парламентыг тараахаар төлөвлөж байгаагаа энэ сарын 20-ны өдөр мэдэгдэж байсан юм. Тэрбээр тухайн үед “парламентад тогтвортой олонхийг бүрдүүлэх ямар ч боломжгүй болсон” гэдгийг дурдаж байв. Энэ сарын 16-нд Германы парламентад болсон санал хураалтаар гишүүдийн олонх нь /394 депутат/ Канцлер О.Шольцын тэргүүлсэн засгийн газарт итгэл үзүүлэхгүй гэсэн санал өгсөн байна.  




Эрх баригч эвслээс Чөлөөт ардчилсан нам гарсны дараа одоогийн засгийн газар Бундестагийн гишүүдийн олонхийн дэмжлэгийг алдсан юм. Социал-демократ намаас сонгогдсон Канцлер О.Шольц 11 дүгээр сарын 6-нд Сангийн сайд Кристиан Линднерийг албан тушаалаас нь огцруулсны дараа либерал сайд нар бүгдээрээ сайн дураараа огцорно гэдгээ мэдэгджээ. Ингэснээр Социал-демократ нам, Чөлөөт ардчилсан нам, Ногоон намаас бүрдсэн эрх баригч “гэрлэн дохионы эвсэл” задрахад хүрсэн юм.

Эрх баригч эвсэл задран унаж, засгийн газар хямарснаас үүдэн Бундестагийн ээлжит бус сонгуулийг 2025 оны есдүгээр сарын сүүлчээр хийхээр төлөвлөж байсан бол Ерөнхийлөгч Штайнмайерын шийдвэрээр ийнхүү хоёрдугаар сард явуулахаар төлөвлөлөө.


Б.Адъяахүү