ТОКИО, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /TASS/. Японы засгийн газар ирэх оны (2025 оны дөрөвдүгээр сараас эхэлнэ) төсвийн төслийг баталсныг сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшимаса Хаяши мэдэгдлээ.
Ирэх оны төсвийг 115.54 их наяд иений хэмжээнд (731.28 тэрбум орчим ам.доллар) баталсан бөгөөд батлан хамгаалахын зардалд 8 их наяд гаруй иен (50.6 тэрбум орчим ам.доллар) төсөвлөсөн нь урьд хожид байгаагүй өндөр төсөвт тооцогдож байна.
Засгийн газар батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, цохилтын зэвсгүүдийг зэвсэглэлд хүлээн авах стратегийн бодлогын хүрээнд цэргийн төсвийг нэмэгдүүлжээ.
Түүнчлэн нийгмийн хамгааллын зардлыг 38.3 их наяд иен (242.9 тэрбум орчим ам.доллар) болгож өсгөсөн нь хүн амын хөгшрөлттэй холбоотой.
Татварын орлого нэмэгдэж, Засгийн газрын бондын дүн 28.65 их наяд иен (181.7 тэрбум ам.доллар) болж буурах боловч өрийн дарамт хүнд хэвээр байгаа бөгөөд улсын өрийн бичиг нь нийт зардлын бараг дөрөвний нэгийг эзэлж байна. Төсвийн төслийг ирэх оны эхээр парламентад хэлэлцүүлэхээр өргөн барина.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0