sonin.mn

АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд үлдсэн тухай орон нутгийн албаны хүмүүс мэдээлжээ.


Ослын улмаас 38 хүн амиа алдсан бол амьд үлдсэн 29 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Азербайжаны агаарын тээврийн “Azerbaijan Airlines” компанийн J2-8243 дугаартай нислэг үйлдэж байсан нисэх онгоц Казахстаны Актау хотын ойролцоо ослын буулт хийх явцад шатаж сүйрсэн байна.


Уг онгоц ОХУ-ын Грозный хотыг чиглэн нисэж байсан боловч манангийн улмаас чиглэлээ өөрчилсөн гэж тус агаарын тээврийн компани ВВС телевизэд мэдээлсэн байна. Газардах төхөөрөмжөө доошлуулан маш хурдтайгаар бууж байсан онгоц газардах үедээ шатсан нь дүрс бичлэгээс харагдана. Агаарын тээврийн компанийн мэдээлснээр, онгоц Актау хотоос 3 км зайд “ослын буулт” хийжээ. Азербайжаны нийслэл Баку хотоос лхагва гаргийн 03:55 цагт хөөрсөн уг онгоц 06:28 цагийн орчимд осолдсон болохыг нислэгийн хяналтын “Flightradar24” цахим хуудасны мэдээлэл харуулсан байна. 


Оросын хэвлэлээр цацагдсан батлагдаагүй мэдээллээр, онгоц осолдохоосоо өмнө шувууны сүрэгтэй мөргөлдсөн байж магадгүй ажээ.


Нисэх онгоцны ослыг мөрдөн шалгах ажиллагаа дуусах хүртэл Баку болон Оросын Грозный, Махачкала хотуудын хоорондох нислэгүүдийг зогсооно гэж “Azerbaijan Airlines” компани мэдэгджээ. Холбогдох албаныхны мэдээлснээр, онгоцны хар хайрцагны бичлэгийг олсон байна. Зорчигчдын ихэнх нь Азербайжаны иргэд, мөн Орос, Казахстан, Киргизийн иргэд онгоцонд сууж явжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг