sonin.mn

АНАПА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /DW/. Оросын өмнөд нутагт орших Краснодарын хязгаарын Анапа хотын оршин суугчид Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Михаил Мишустин нарт хандан Хар тэнгист мазутын түлш асгарснаас учирсан уршгийг арилгахад туслахыг шаардаж дүрс бичлэг хийжээ. Уг бичлэгийг хэвлэлүүд даваа гарагт нийтэлсэн байна.  

Тодруулбал, хотын оршин суугчид “улс орны өнцөг булан бүрээс мэргэжлийн аврагчдыг яаралтай дайчлах”, “шаардлагатай техник хэрэгслээр бүрэн хангах”, “аврагчдыг гамшгийн бүс рүү хүргэх ажлыг агаарын тээврээр хийх”, мазут асгарсны уршгийг арилгахад "химийн салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоод ба эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг оролцуулах", "гамшгийн бүсэд химийн хамгаалалтын мэргэжилтнүүдийг илгээх" зэрэг шаардлагуудыг тавьжээ. 




“Хөрсөнд нэвчиж буй хор нь секунд тутамд хүрээлэн буй орчныг хордуулж байгаа тул гамшгийн уршгийг арилгах ажлыг хэдэн сараар хойшлуулах боломжгүй" гэж Анапа хотын оршин суугчид үзэж байна. 



Үүнээс гадна, олон улсын хамтын нийгэмлэг болон "өндөр хөгжилтэй орнуудын удирдагчдад" хандан "техник, технологийн туслалцаа үзүүлэхийг хүсэхийг", мөн бүс нутгийн амьтны аймгийг аврахын тулд мал эмнэлгийн үйлчилгээг татан оролцуулахыг шаардав.




Олон хүн зохих хувцас хэрэглэлгүйгээр сайн дураар ажиллаж байгаа нь эрүүл мэндэд нь ноцтой хор хөнөөл учирч болзошгүй гэж нутгийн иргэд ярьжээ. 




Энэ сарын 15-ны ням гарагт Керчийн хоолойд тус бүр 4 тонн гаруй газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэж явсан хоёр хөлөг онгоц осолдсоны улмаас асгарсан шингэн түлш Хар тэнгисийн эрэгт хүрсэн байна. «Гринпис» байгууллагынхны тооцоолсноор, Анапа хотоос Крымийн гүүр хүртэл эргийн дагуух 60 гаруй км газар бохирджээ. Нутгийн олон зуун оршин суугч эргийг бохирдлоос цэвэрлэх ажилд нэгдэж, бусад бүс нутгаас хүмүүс тэдэнд туслахаар ирсээр байна.




Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг