ТОКИО, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /Kyodo/. Саран дээр хиймэл таталцлын хүчийг бий болгосноор амьдрах орчныг бий болгох судалгааг Японы Киотогийн их сургууль, “Kajima” барилгын компани хамтран хийж байна. Ингэснээр Саран дээр очсон хүмүүс Дэлхий дээрхтэй адил нөхцөлд амьдрах боломжийг бүрдүүлэх ажээ.
Киотогийн их сургууль болон “Kajima” корпорац 2030 он гэхэд эргэлтийн тусламжтайгаар таталцлын хүчийг бий болгодог параболоид байгууламж болох “Neo Lunar Glass”-ын анхны загварыг бүтээхээр зорьж байна. Энэхүү технологи нь бичил таталцлын нөлөөнд удаан хугацаагаар өртсөнөөс үүдэн хүний биед үзүүлэх сөрөг нөлөөлөл, тэр дундаа яс, булчингийн масс багасах зэрэг асуудлуудыг шийдвэрлэх юм.
Киотогийн их сургуулийн хүний амьдрах чадварын талаарх судалгааны профессор, төслийн багийн гишүүн Ёсүкэ Ямашики хэлэхдээ, энэхүү төслийг хэрэгжүүлэхэд технологийн томоохон үсрэлт шаардлагатай бөгөөд бид зорилгодоо хүрч, сансрын колонитой болох замыг нээхийг зорьж байна гэлээ.
“Neo Lunar Glass” байгууламж нь 200 орчим м-ийн диаметртэй, 400 м өндөр бөгөөд 10 мянга хүртэл хүн амьдрах боломжтой байна. Энэ санхүүгийн жилээс эхэлж буй төслийн хүрээнд эхлээд загвар, компьютерын симуляциудыг ашиглан учирч болзошгүй сорилтуудыг тодорхойлох ажээ.
Киотогийн их сургууль болон “Kajima” компани бүрэн хэмжээний хамтарсан судалгаа хийж эхэлснээ энэ сарын эхээр зарлах үеэрээ 1:2000 масштабтай загварыг танилцуулсан байна. Судлаачид мөн хиймэл таталцал доторх объектуудын шинж байдлыг харуулсан загварчлалуудыг хийж үзүүлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Миний ОД шүлгээрээ мэндлэн золгосон Ангараг гарагт хүн төрөлтөн зочлон очих замын буудал САР -ыг судлан эзэмших их аяныг түүчээлж яваа Япон зэрэг улсуудын эрдэмтэн, мэргэжилтнүүдэд ТАЛАРHАНА!