ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед түүний шинэ засаг захиргаанд алба хаших хүмүүсийн нэрс тодорсоор байна.
Тухайлбал, Швейцарт суух АНУ-ын Элчин сайдаар Каллиста Гингричийг томилсноо Д.Трамп мэдэгдлээ. Төлөөлөгчдийн танхимын дарга асан Ньют Гингричийн эхнэр К.Гингрич Д.Трампын өмнөх засаг захиргааны үед Ватикан дахь АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан юм. Тэрбээр Конгресст 19 жилийн турш Төлөөлөгчдийн танхимд туслах, тус танхимын Хөдөө аж ахуйн хорооны ахлах нарийн бичгийн даргаар ажиллажээ.
Мөн Д.Трампын шилжилтийн багийн хэвлэлийн төлөөлөгч Кэти Миллер холбооны засгийн газрын үр ашиггүй байдлыг бууруулах зорилготой төрийн бус нэгж болох Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг хянах яаманд ажиллахаар болжээ. Илон Маск, Вивек Рамасвами нарын тэргүүлэх шинэ яаманд К.Миллер ямар үүрэг гүйцэтгэхийг Д.Трамп дурдсангүй. К.Миллер Д.Трампын өмнөх засаг захиргаанд тухайн үеийн дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Тэрбээр Д.Трампын цагаачлалын асуудал эрхэлсэн зөвлөх Стивен Миллертэй гэрлэжээ. С.Миллерийн Цагаан ордны бодлогын асуудал эрхэлсэн орлогч даргын үүрэг гүйцэтгэнэ.
Харин бизнес эрхлэгч Скотт Купор засгийн газрын төрийн албыг хянадаг холбооны агентлаг болох боловсон хүчний албыг удирдана гэж Д.Трамп мэдэгдсэн байна. С.Купор “Andreesen Horowitz” технологийн хөрөнгө оруулалтын фирмийн менежментийн түнш бөгөөд “Hewlett Packard” компанид дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Түүнчлэн Бо Хайнсыг өөрийн шинээр санал болгож буй криптовалютын асуудал эрхэлсэн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар томилсон байна. Ингэснээр тэрбээр хиймэл оюун ухаан, криптовалютын бодлогыг хянах үүрэгтэй Цагаан ордны дээд төлөөлөгчөөр томилогдсон технологийн хөрөнгө оруулагч Дэвид Сакстай хамтран ажиллахаар боллоо.
Д.Трамп мөн Батлан хамгаалах яамны хэд хэдэн томилгоог зарласан бөгөөд “Uber” компанийн гүйцэтгэх захирал асан Эмил Майкл Судалгаа, инженерийн асуудал эрхэлсэн Батлан хамгаалах яамны дэд сайдаар, бизнес эрхлэгч Стивен Файнберг Батлан хамгаалахын сайдын нарийн бичгийн даргаар томилогдсон байна. Харин “Project 2025” санаачилгыг гаргасан хүмүүсийн нэг болох Элбриж Колби Батлан хамгаалахын сайдын бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар томилогджээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
адилхан луйварчид Нэмэгдэхүүний байрыг сольсноос нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй