sonin.mn

МОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай хэдийд ч уулзаж, ярилцахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. 

“Трамп энэ талаар юу ч ярихгүй байгаа тул түүнтэй хэзээ уулзахыг хэлж мэдэхгүй байна. Дөрвөн жил гаруйн хугацаанд түүнтэй огт ярилцсангүй. Хэрвээ тэр хүсвэл би хэдийд ч уулзахад бэлэн байна” гэж В.Путин иргэдийн асуултад хариулдаг шууд нэвтрүүлгийн үеэр хэлсэн байна.




Оросын удирдагч мөн Трамптай ярилцах зүйл гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.




Орос улс "сул дорой байдалд орсон" үед ийм уулзалт болж магадгүй юм гэж Америкийн сэтгүүлч хэлээд энэ тохиолдолд Трампад ямар санал тавих вэ гэж асуухад Путин “АНУ-д та болон таны цалинг төлдөг хүмүүс Оросыг сул дорой байдалд оруулахыг үнэхээр хүсэж байна. Би өөрөөр харж байна. Орос улс сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд илүү хүчтэй болсон гэдэгт би итгэдэг. Учир нь бид үнэхээр тусгаар тогтносон улс болж байна, бид хэнээс ч хараат байхаа больсон. Бид эдийн засгийн тал дээр хөл дээрээ баттай зогсож чадахаар болсон байна" гэж хариулжээ. 




Д.Трамп өнгөрсөн 11 дүгээр сарын 5-нд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан билээ. Түүний тангараг өргөх ёслол нэгдүгээр сарын 20-нд болно. Тэрбээр Украинд цэргийн тусламж үзүүлж байгааг удаа дараа шүүмжилж, дайныг нэн даруй дуусгана гэж мэдэгдсэн юм. Д.Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нартай Парис хотноо энэ сарын 7-нд уулзсаныхаа дараа мөргөлдөөнд оролцогч талуудад хандан нэн даруй хэлэлцээ хийхийг уриалсан юм. Тэрбээр хэлэхдээ “Би Владимир Путиныг сайн мэднэ. Одоо түүний хөдөлж эхлэх цаг нь болсон. Хятад улс тусалж чадна. Дэлхий дахин хүлээж байна!" гэж байлаа. Үүнээс хэдэн өдрийн дараа тэрбээр мэдэгдэхдээ, мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэхэд "бага зэрэг ахиц дэвшил гарсан" гэжээ. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг