ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /VOA/. "Умардын урсгал-2" хий дамжуулах хоолойн төсөлд оролцогч Оросын хэд хэдэн аж ахуйн нэгжид АНУ нэмж хориг арга хэмжээ авсан тухай Төрийн департамент лхагва гарагт мэдэгджээ. Мөн төслийн оператор компанид хориг тавихаар тусгасан байна.
Хориг арга хэмжээг уг хоолойг тавихад оролцсон хэд хэдэн байгууллага, мөн хөлөг онгоцнуудын зарим шинэ эзэмшигчдийн эсрэг авсан гэж Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ. Эдгээр байгууллага болон хөлөг онгоцнуудын шинэ эзэмшигчдийг өмнө нь хоригийн жагсаалтад оруулаад байсан юм.
Лхагва гарагт танилцуулсан хориг арга хэмжээний жагсаалтад далайн болон усан тээврийн үйлчилгээ эрхэлдэг Оросын компаниуд, төрийн мэдлийн далайн аврах алба болон 10 гаруй хөлөг онгоц багтсан гэж Төрийн департамент мэдэгдэв. Тодруулбал, "Дворянство" хувьцаат нийгэмлэг, " Коксохимтранс", “Samara Heat and Energy Property Fund” хязгаарлагдмал хувьцаат нийгэмлэгүүд, "Ардал" хязгаарлагдмал хувьцаат нийгэмлэг, Далайн аврах алба, “Фарватер”, КВТ РУС хязгаарлагдмал хувьцаат нийгэмлэг, мөн “Академик Черский”, “Иван Сидоренко”, “Остап Шеремета”, “Антей”, “Гермес”, “Lamantin, Fiona”, “Artemis Offshore”, “Бахтемир”, “Балтийский исследователь”, “Finval”, “Капитан Беклемишев”, “Мурман”, “Нарвал”, “Сивуч”, “Спасатель Карев”, “Умка” хөлөг онгоцуудыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ.
Түүнчлэн “Nord Stream 2 AG” компани, Оросын технологийн МТВ хязгаарлагдмал хариуцлагатай хувьцаат нийгэмлэг болон тус нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, Германы иргэн Маттиас Варниг, төсөлд оролцогчдод даатгалын үйлчилгээ үзүүлэгч Оросын даатгалын “РНКБ Страхование” компанид хориг арга хэмжээ авсан байна.
Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Ведант Патель мэдэгдэхдээ, Оросын геополитикийн төслийг сэргээх аливаа оролдлогыг бид эсэргүүцсээр байх болно гэж цохон тэмдэглэжээ.
"Орос улс эрчим хүчний нөөц бололцоо, эрчим хүчний салбар дахь байр сууриа хэзээ ч улс төрийн ашиг хонжоо олох хэрэгсэл болгон ашиглаж чадахгүй байлгахын тулд бид үргэлжлүүлэн ажиллах болно" гэж тэрбээр сэтгүүлчдэд товч мэдээлэл хийхдээ хэлсэн байна.
“Умардын урсгал-2” нь Арктикаас Герман руу байгалийн хий нийлүүлэх зорилгоор Оросын төрийн мэдлийн “Газпром” компани Балтын тэнгисийн ёроолоор тавьсан хий дамжуулах хоолой юм. Уг хоолой Оросын цэргүүд 2022 оны хоёрдугаар сард Украин руу довтолсны дараа есдүгээр сард эвдэрч сүйдсэн бөгөөд үүний хариуцлагыг хэн ч хүлээгээгүй юм.
Энэхүү хоолой нь Украинд төлөх олон тэрбум ам.долларын транзит тээврийн хураамжаас зайлсхийж, Украиныг тойруулан хий нийлүүлэх боломжийг Оросын талд олгож байснаас гадна Оросын түрэмгийлэлтэй хийж буй тэмцэлд АНУ-ын хүчин чармайлтыг сулруулж байсан тул тус улс Оросын цэргүүд Украин руу довтлохоос өмнө ч гэсэн "Умардын урсгал-2"-ыг эсэргүүцэж байв.
Барууны орнуудын зарим албан тушаалтнууд "Москва өөрөө хоолойг дэлбэлсэн" гэж мэдэгдэж байсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ийм таамаглалыг "тэнэг" гэж мэдэгдэж байв. Хоолой эвдрэн сүйдэхээс хэдэн сарын өмнө Украин уг хоолойг дэлбэлэхээр төлөвлөж байсан тухай мэдээлэл АНУ-д байсан гэж "Washington Post" сонин өнгөрсөн онд мэдээлж байжээ.
Европын ашигтай зах зээлд Оросын байгалийн хийн нийлүүлэлтийг мэдэгдэхүйц бууруулахад хүргэсэн дэлбэрэлтэд Оросын тал АНУ, Их Британи, Украиныг буруутгаж байлаа. Харин эдгээр улсын эрх баригчид үүнийг няцаасан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
АНУ дэлбэлсэн.
Хүн төрөлхтөн байгалийн хийг хэрэглэхээс өөр сайн арга байхгүй. Нүүрсхүчлийн хийг их хэмжээгээр ялгаруулдаг нүүрснээс их татгалзаж байна. Америк тэр утгаараа хүн төрөлхтөний эсрэг ноцтой том дайсагнал хийж байгаа нь энэ жишээ мөн. Байгалийн хий бол нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг түлш юм.