ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /Reuters/. АНУ-ын Төв банкны үүрэг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулжээ. Инфляцыг бууруулахыг зорьж буй энэ үед ХНС гурав дахь удаагаа дараалан хүүгээ бууруулах шийдвэр гаргаж буй нь энэ юм.
Тус сан лхагва гарагт мэдэгдэхдээ, үнийг бууруулах тал дээр ахиц дэвшил гарсан гэдгийг онцолжээ. Инфляцыг 2 хувьд тогтоон барих зорилтод ойртож, эдийн засгийн бусад үзүүлэлт ч мөн тогтвортой өсөж байгаа нь бодлого боловсруулагчдад урам зориг өгч байна.
“Өнөөдрийн хуралдааны дүнд бодлогын хүүг дээд цэгтээ хүрч байсан үеийнхтэй харьцуулахад бүтэн хувиар буурууллаа. Цаашид ийм шийдвэрийг гаргахдаа илүү нухацтай хандах болно” гэж ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл Вашингтон хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Ирэх онд бодлогын хүүг дахин 50 суурь нэгжээр бууруулах төлөвтэй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордныг орхин явахаас өмнө ХНС бодлогын хүүгийн талаар гаргаж буй сүүлчийн шийдвэр нь энэ бөгөөд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын бодлогын саналууд нь тодорхойгүй байдлыг үүсгэж байна. Тэрбээр хэд хэдэн татварыг бууруулж, үүний сацуу гаалийн татварыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн нь инфляцыг дахин өсгөж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Холбооны нөөцийн сангийн ард байгаа долларын эзэд дур зоргоороо инфляци өсгөж, өөрсдөө үл мэдэгдэх шалтгаанаар улам баяжиж, америкийн иргэд өрнөөс өр зээлээс зээлийн хооронд амьдарч байна.
Алан ГринСпан: "Юуны өмнө холбооны нөөцийн сан бол хувийн компани юм. Өөрөөр хэлбэл ямар ч засгийн газар агентлаг бидний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг өөрчлөх боломжгүй юм. Ямар харилцаатай байх эсэх нь үнэндээ сонин биш юм". Үүнийг өөрөөр тайлбарлавал Холбооны нөөцийн санг хэн ч тагнаж мөрдөх эрх байхгүй гэсэн үг.