sonin.mn

БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /Reuters/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Францын төрийн тэргүүн Эммануэл Макронтой уулзах үеэрээ гадаадын цэргүүдийг Украинд байрлуулах тухай Францын талын санаачилгыг хэлэлцжээ. 

“Украинд энхийг тогтооход хувь нэмрээ оруулах хүчнийг байрлуулах талаар Ерөнхийлөгч Макроны дэвшүүлсэн санаачилгыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Энх тайвныг тогтооход шаардлагатай бүх алхмыг хэрэгжүүлэхийн тулд бусад түншүүдтэйгээ хамтран ажиллаж байгаа тухайгаа Эммануэл мэдэгдсэн” гэж Зеленский Брюссельд Францын удирдагчтай уулзсаныхаа дараа Telegram сувагтаа бичжээ.




Э.Макронтой хийсэн уулзалтаа В.Зеленский үр дүнтэй болсон хэмээн дүгнээд, Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчийг бэхжүүлэх нь гол зорилт хэвээр байгаа гэдгийг Макронд мэдэгдсэн гэжээ. Тэрбээр мөн Украины дахин нэг бригадыг Францад сургах талаар Макронтой тохиролцсон гэдгээ хэллээ. "Манай армийн нэг бригадыг бэлтгэж буй Францын талд талархал илэрхийлье. Бид энэхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлж, дахин нэг бригадыг сургах талаар тохиролцлоо. Манай цэргүүдийг сургаж бэлтгэх ажиллагаанд бусад түншүүд нэгдэнэ гэж бид найдаж байна" гэж тэрбээр бичжээ.

Энэ удаагийн уулзалт нь В.Зеленскийн хувьд энэ онд Э.Макронтой хийсэн найм дахь уулзалт гэдгийг түүний ажлын албанаас тодотгожээ. Э.Макрон хар салхинд нэрвэгдсэн Майотт мужид очих болсон тул Брюссельд болох ЕХ-ны дээд хэмжээний уулзалт, Украины асуудлаарх уулзалтад оролцохгүй хэдий ч хоёр талын уулзалтын үеэр В.Зеленский түүнд Украины Зэвсэгт хүчинд хэрэгтэй байгаа зүйлсийн жагсаалтыг өгчээ.

Европын орнуудын эрх баригчид Украинд гал зогсоосон эсвэл энхийн хэлэлцээр байгуулсан тохиолдолд тус улсад цэргийн бие бүрэлдэхүүнийг илгээхээр хэлэлцэж байгаа бөгөөд 100,000 хүртэлх цэрэг илгээж магадгүй гэж лхагва гарагт “Reuters” агентлаг Европ болон Украины албаны хүмүүсийн эх сурвалжийг эш татан мэдээлжээ. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг