sonin.mn

БЕРЛИН, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /DW/. Даваа гарагт шилжих шөнө биткоины ханш түүхэнд анх удаа 105 мянган ам.доллароос давж, 105 142 ам. долларт хүрснийг Binance биржийн дүн мэдээ харууллаа.

Криптовалютын талаар зөөлөн бодлого баримталдаг Австрали, Японд өнөө өглөө хөрөнгийн биржүүд нээгдсэн даруйд ханш түр хугацаанд 106 449 ам.долларт хүрч өссөний дараа буусан байна.   




Ханш ийнхүү огцом өссөн нь криптовалютад ээлтэй бодлого явуулахаа амлаж буй АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын хэлсэн үг, томилгоонуудтай холбоотой.




Тэрбээр Үнэт цаас, биржийн комиссын даргаар криптовалютыг дэмжигч Пол Аткинсыг томилно гэх мэдээлэл цацагдсаны дараа энэ сарын 5-ны өдөр биткоины ханш 100 мянган ам. доллароос давсан билээ. Мөн Сангийн сайдаар криптовалютад хөрөнгө оруулж буй Скотт Бессентийг томилж, криптовалютыг хэрэглэхийг дэмждэг, биткоины зах зээлд багагүй нөлөөтэй Илон Маскад томоохон албан тушаал амласан юм.

Сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Д.Трамп хэлэхдээ, криптовалютын хатуу хязгаарлалтыг зөөлрүүлснээр “АНУ-ыг криптовалют ба биткоины дэлхийн төв болгоно” гэж байв. Үүнээс үүдэн 11 дүгээр эхээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болсон тэр өдөр биткоины ханш 70 мянган долларт хүрснээс хойш тасралтгүй өссөөр байна



Б.Адъяахүү