“Дэлхийн засаглалын форум 2026 (Сюнгань)” аравдугаар сарын 23-25-нд БНХАУ-д болж өнгөрлөө. Олон улсын харилцаанд сүүлийн зуун жилд тохиогоогүй томоохон өөрчлөлтүүд өрнөж буй энэ үед улс орнуудын харилцан итгэлцлийг сэргээх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн засаглалын тогтолцоог шинэчлэх асуудал форумын хэлэлцүүлгийн гол сэдэв байв.
Энэ удаагийн форумд дэлхийн 90 гаруй орны 400 орчим төлөөлөгч оролцож, үндсэн таван чиглэлийн хүрээнд 22 салбар хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологи, соёл, судалгааны байгууллагын төлөөлөгчид дэлхийн засаглалд тулгарч буй сорилтуудыг хамтын хүчээр даван туулах, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замын талаар санал солилцсон байна.
Кыргызстаны Ерөнхий сайд асан Жоомарт Оторбаев: “Форумын үеэр би АНУ-аас ирсэн хэд хэдэн төлөөлөгчтэй уулзсан. Тэдний нэг нь бизнес эрхлэгч байсан бөгөөд ямар зорилгоор ирснийг нь асуухад ‘Дэлхийн засаглалын санаачилгын талаар хэлэлцэхийг хүсэж байна’ гэж хариулсан. Би түүнд ‘Хятадын дэвшүүлсэн санаачилгуудыг АНУ ихэвчлэн эсэргүүцдэг шүү дээ. Тиймээс таны хариулт итгэхэд бэрх санагдаж байна’ гэж хэлсэн. Гэвч тэр надтай санал нийлээгүй. Тэрбээр хиймэл оюун ухааны салбарын олон улсын засаглалын тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Энэ нь Хятадын дэвшүүлсэн санаачилга АНУ-д ч тодорхой хэмжээнд ойлголт, дэмжлэг хүлээж байгааг харуулж байна. Мөн улс орнуудын хооронд илүү өргөн хүрээний яриа хэлэлцээ өрнүүлэх шаардлагатайг илтгэж байгаа бөгөөд энэ удаагийн форумын ач холбогдол ч үүнд оршиж байна” хэмээв.
Пакистаны Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Халид Таймур Акрам: “Өнөөдөр дэлхий ертөнц нэгэн том тосгон мэт болжээ. Гэвч энэ тосгонд маргаан, зөрчил тасрахгүй байна. Ойрх Дорнод, Африк зэрэг бүс нутагт шийдвэрлэх шаардлагатай олон асуудал тулгарсаар байна. Харин Хятад улс талуудын харилцан ойлголцол, зөвшилцлийг идэвхтэй дэмжиж, улс орнууд энх тайвнаар зэрэгцэн орших нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Дэлхийн засаглалын санаачилгаар дамжуулан Хятад улс улс орнууд хэрхэн хамтран ажиллаж, энх тайвнаар зэрэгцэн оршиж болохыг олон улсын хамтын нийгэмлэгт тайлбарлан таниулж байна” гэж онцлов.
НҮБ-ын Хятад дахь Суурин зохицуулагч Сиддхарт Чаттержи: “Өнөөгийн олон улсын нөхцөлд Хятад шиг дэлхийн тавцанд нөлөө бүхий том гүрэн олон талт хамтын ажиллагаа, НҮБ-ын үүрэг оролцоо урьд урьдынхаас илүү чухал болсныг хоёрдмол утгагүйгээр илэрхийлж байгаа нь өөрөө томоохон ололт юм. Хятад улс зөвхөн байр сууриа илэрхийлээд зогсохгүй, Дэлхийн засаглалын санаачилгын хүрээнд НҮБ-ын гишүүн орнууд болон олон улсын байгууллагуудтай бодит хамтын ажиллагаа өрнүүлж байна. Энэхүү санаачилга нь НҮБ-ыг орлох зорилгогүй, харин олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлж, улам бэхжүүлэхэд чиглэж байгаа нь тодорхой юм. Бид Хятад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нийтлэг ойлголцлоо гүнзгийрүүлэн, НҮБ төвтэй олон талт хамтын ажиллагааны тогтолцоонд шинэ эрч хүч оруулахыг хүсэж байна” хэмээн мэдэгдлээ.
Г.Бямба
Даваа - 10 сарын 26,
2026
Сэтгэгдэл0