ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо хэдэн зуу, мянгад хүрч магадгүй байна гэж тус бүс нутгийн албан тушаалтан ням гарагт мэдэгджээ. Францын эрх баригчид аврах албаныхан болон шаардлагатай тусламжийг яаралтай хүргэхээр ажиллаж байна.
Энэтхэгийн далайд оршдог Францын харьяаны уг нутаг дэвсгэрт нисэх онгоцны буудлууд болон цахилгаан эрчим хүчний шугам сүлжээнд гэмтэл үүсээд байгаа нь аврах, тусламж үзүүлэх ажиллагаанд саад болж байна. Тус бүс нутагт шуурга дайран өнгөрөхөөс өмнө ч ундны цэвэр ус хомсдоод байжээ.
Майоттегийн захирагч Франсуа-Ксавиер Бивиллийн “Mayotte la Premier” телевизэд мэдээлснээр, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хэдэн зуу, хэдэн мянган хүн амиа алдсан байж магадгүй байна. Ихэнх оршин суугч лалын шашинтай, нас барагсдыг 24 цагийн дотор оршуулдаг уламжлалтай тул “амиа алдсан хүмүүсийн эцсийн тоог гаргахад хүндрэлтэй байна” гэж Ф.Бивилл нэмж хэллээ.
Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен "Европын Холбооны зүгээс тусламж үзүүлнэ" гэж ням гарагт мэдэгджээ. “Чидо” шуурга Майоттед их хэмжээний хохирол учруулаад байгаа энэ үед бид францчуудтай зүрх сэтгэлээрээ хамт байна. Бид дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж тэрбээр Х хуудсандаа нийтэлжээ.
Франс-Пресс агентлагийн мэдээлснээр, 14 хүн амиа алдсан нь батлагджээ. Түүнчлэн Майоттегийн нийслэл Мамуцу хотын дарга Амбдилвахеду Сумайлагийн ярьснаар, есөн хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа бол өөр 246 хүн хүнд гэмтэл авсан байна. “Эмнэлэг, сургуулиуд эвдрэн сүйдсэн. Байшингууд бүрэн сүйдээд байна” гэж тэрбээр нэмж хэлжээ. Майоттед 100 мянга орчим хүн бүртгэлгүй нууцаар амьдардаг гэж Францын Дотоод хэргийн яам тооцсоныг үзвэл, үнэн зөв мэдээллийг гаргах нь маш хүндрэлтэй байх төлөвтэй. Тэдний зарим нь өөрсдийг нь Майоттегээс явуулах вий гэхээс эмээж, тусламж хүсэхээс татгалзаж байж магадгүй хэмээн сувилагч асан Оссени Балахачи ярьжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
наадах франц чинь хэнд хэрэгтэй юм керчийн хоолойд шуурганаас болж хоёр танк живчхээгүй байхад монголын русфобчууд украйны дрон устгаж гэнэ хохь нь тэр гэж сонины эхэнд бичжээ