sonin.mn

СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 14 /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг онц байдал зарласантай холбогдуулан огцруулах үйл явцыг эхлүүлэхийг /импичмент/ Үндэсний Ассамблей дэмжлээ. Ингэснээр Үндсэн хуулийн цэц түүнийг албан тушаалд нь эргүүлэн томилох эсвэл огцруулах эсэхийг шийдэх хүртэл бүрэн эрхийг нь түдгэлзүүлжээ.

Ассамблейн 300 гишүүн бүгд саналаа өгсний дараа Юн Сог Ёльд импичмент зарлахыг 204-85 саналын харьцаагаар дэмжсэн бол гурван гишүүн түдгэлзэж, найман санал хүчингүй болсон байна. Юн Сог Ёльд импичмент зарлах тогтоолыг түүний ажлын албанд хүргүүлсний дараа Үндсэн хуулийн цэц холбогдох шийдвэрийг гаргах хүртэл Ерөнхий сайд Хан Дог Сү Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх юм.




Үндэсний Ассамблейн дарга Ву Вон Шик мэдэгдэхдээ, онц байдал зарласнаас хойш өнөөг хүртэлх ард түмний ардчиллын төлөөх чин сэтгэл, эр зориг, хичээл зүтгэл ийм шийдвэр гаргахад хүргэлээ гэсэн байна. Түүнчлэн гол сөрөг хүчин болох Ардчилсан нам санал хураалтын дүнг сайшаасан бол Ерөнхий сайд Хан Дог Сү төрийн үйл хэргийг тогтвортой явуулахын тулд бүхий л хүчээ дайчлан ажиллахаа мэдэгджээ.


Парламентын 300 гишүүний 192 нь сөрөг хүчний бүлэгт харьяалагддаг бөгөөд дээрх саналыг батлахын тулд гуравны хоёрын санал шаардлагатай байв. Санал хураалтын дүнгээс үзэхэд Юн Сог Ёлийн “Ардын Хүч” намын /АХН/ 12 хууль тогтоогч импичмент зарлахыг дэмжсэн байна. Өнгөрсөн бямба гарагт АХН-ын хууль тогтоогчид санал хураалтыг бойкотлосны дараа Юн Сог Ёлийг огцруулах асуудлаар санал хураагаагүй юм.




12 дугаар сарын 3-нд онц байдал зарласан нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж Юн Сог Ёлийг буруутгасан сөрөг хүчний Ардчилсан нам болон бусад жижиг таван нам Ерөнхийлөгчид импичмент зарлах тухай хоёр дахь хуулийн төслийг пүрэв гарагт дахин өргөн барьжээ. Уг хуулийн төслийг боловсруулахдаа эхний баримт бичгийг шинэчлэн найруулж, Юн Сог Ёлийг буруутгасан зарим зүйл ангийг хассан боловч түүнийг "цэрэг, цагдаа нарт онц байдлын дэглэм хүчинтэй байх хугацаанд хууль тогтоогчдыг баривчлахыг тушаасан" гэх мэт бусад зүйлийг нэмж оруулжээ. 

Одоо уг хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцэд илгээж, Юн Сог Ёлийг албан тушаалд нь эргүүлэн томилох уу, эсвэл албан тушаалаас нь чөлөөлөх үү гэдгийг шийднэ. Шийдвэр гаргах үйл явц 180 хүртэл хоног үргэлжилж магадгүй юм. Хэрэв түүнийг огцруулахаар шийдвэрлэвэл Юн Сог Ёль 2017 онд Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн дараа албан тушаалаасаа огцорсон хоёр дахь ерөнхийлөгч болох ба 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах ёстой.


 



 

Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг