ТБИЛИСИ, 2024 оны арванхоёрдугаар сарын 15 /Reuters/. Гүржийн хууль тогтоогчид барууныхныг хатуу шүүмжилдэг Михаил Кавелашвилиг бямба гарагт Ерөнхийлөгчөөр сонгожээ. Өнгөрсөн сард Европын Холбоонд /ЕХ/ элсэх асуудлаарх яриа хэлэлцээг зогсоосны улмаас засгийн газрыг эсэргүүцсэн томоохон эсэргүүцлийн жагсаал өрнөж буй үед тэрбээр барууны талыг баримталдаг одоогийн Ерөнхийлөгчийн халааг авч байна.
Эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам ЕХ-нд элсэх үйл явцыг 2028 он хүртэл зогсоож, Үндсэн хуульд тусгасан үндэсний хэмжээний зорилтыг гэнэт үгүйсгэсэн нь Гүржийн иргэдийн дургүйцлийг төрүүлээд байна. Мэргэжлийн хөлбөмбөгчин асан М.Кавелашвили бол барууны үзлийг эрс эсэргүүцдэг нэгэн юм. Гүржийн ерөнхийлөгчийг парламентын гишүүд болон орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчдөөс бүрдсэн төлөөлөн сонгогчдын коллег сонгодог. Хуралд оролцсон 225 төлөөлөн сонгогчийн 224 нь М.Кавелашвилигийн төлөө саналаа өгсөн бөгөөд тэрбээр цорын ганц нэр дэвшигч байв.
10 дугаар сард болсон сонгуулийн албан ёсны дүнгээр эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам 54 орчим хувийн санал авсан боловч сөрөг хүчнийхэн үүнийг луйвар гэж үзэж, бүх сөрөг хүчний нам парламентын үйл ажиллагааг бойкотолсоор иржээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өмнө парламентын ордны гадаа олон зуун жагсагч цугларчээ. Тэдний зарим нь гадаа гудамжинд хөл бөмбөг тоглож, парламентын ордон руу улаан хуудас гаргаж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
М.Кавелашвили бол эрх баригч нам дахь барууны эсрэг бүлгийн удирдагч бөгөөд “гадаадын агент”-ийн тухай хуулийн төслийг боловсруулахад оролцсон юм.
Харин “Гүржийн мөрөөдөл” намыг шүүмжилдэг, ЕХ-ны талыг баримтлагч, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буй Ерөнхийлөгч Саломе Зурабишвили өөрийгөө эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч хэмээн мэдэгдэж, бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа ч гэсэн ерөнхийлөгч хэвээрээ үлдэнэ гэж мэдэгдсээр иржээ. Тэрбээр 10 дугаар сард болсон сонгуулийг луйвар хэмээн үгүйсгэж, парламентыг хууль бус гэж үзэж байна. М.Кавелашвили 12 дугаар сарын 29-нд тангараг өргөсөн ч гэсэн С.Зурабишвилиг хууль ёсны ерөнхийлөгч гэж үзсээр байх болно сөрөг хүчний намууд мэдэгджээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Нэг бөхчин бөмбөгчин мэтийн ноход л улс орноосамардаг юм байнадөө,,,