sonin.mn

ТОКИО, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /CNN/. Японы сакэ үйлдвэрлэгч “Asahi Shuzo” компани сансарт сакэ нэрэхээр төлөвлөж байна. Тодруулбал, Японы алдарт “Dassai” сакэний брэндийг эзэмшдэг “Asahi Shuzo” компани маш онцгой төрлийн сакэ нэрэхийн тулд Олон улсын сансрын станц руу /ОУСС/ сакэний орц найрлагуудыг илгээхээр төлөвлөжээ.


Энэ төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл 100 мл-ийн савлагаа бүхий сакэг 100 сая иен буюу 653 мянган ам.доллароор зарах гэнэ. Сакэ уух стандарт хэмжээ 80 мл байдаг тул энэ бол маш өндөр үнэ юм.


“Сакэ нэрэх туршилт 100 хувь амжилттай болно гэсэн баталгаа байхгүй” гэж “Asahi Shuzo” компанийн уг төслийг хариуцсан төлөөлөгч Соүя Үэцүки хэллээ. Түүний тайлбарласнаар, таталцлын хүчний зөрүү нь шингэн дэх дулаан дамжуулалтад нөлөөлж, дэлхий дээрхээс өөр процесс явагдаж магадгүй ажээ. “Asahi Shuzo” компани ОУСС-ын нэг хэсэг болох Японы эрдэмтдийн бүтээсэн Кибо туршилтын модульд нэвтрэх эрхийн төлбөрийг Японы Сансар судлалын агентлагт төлсөн бөгөөд туршилтыг “тусгай бичил таталцлын орчинд” явуулахаар төлөвлөжээ. Тус компани сансарт сакэ нэрэх төхөөрөмжийг бүтээж байгаа бөгөөд 2025 онд хөөргөхөөр төлөвлөсөн байна.

 



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг