sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /CNN/. Америкийн тэрбумтан Илон Маскийн хөрөнгийн хэмжээ 400 тэрбум ам.долларт хүрснээр энэ босгыг давсан анхны хүн болсон тухай Bloomberg агентлаг мягмар гарагт мэдээллээ.  


SpaceX-ийн үнэлгээг 350 тэрбум орчим ам.долларт хүргэсэн гэрээг байгуулснаар түүний хөрөнгө 20 тэрбум ам.доллароор өссөн байна. Тодруулбал, SpaceX болон түүний хөрөнгө оруулагчид 1.25 тэрбум долларын дотоод хувьцааг худалдаж авахаар тохиролцсон байна.


2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас хойш И.Маскийн хөрөнгийн хэмжээ асар ихээр өсөж байгаа юм. Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай хамтарсан нь түүний бизнесүүд амжилттай тэлэхэд нөлөөлжээ. И.Маск бол Tesla, SpaceX-ийн гүйцэтгэх захирал, мөн X компанийн эзэн бөгөөд Neuralink, xAI, Boring Company зэрэг компаниудын гүйцэтгэх захирал юм. Удахгүй тэрбээр Вивек Рамасвамитай хамт “Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг хянах яам”-ыг /DOGE/ удирдах юм. Лхагва гарагт Tesla-гийн хувьцааны үнэ арилжаа хаагдах үед 424.77 ам.долларт хүрсэн нь дээд амжилт боллоо. И.Маск бол тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч юм.


Сонгуулийн өдрөөс хойш Д.Трампын засаг захиргаанд үзүүлэх И.Маскийн нөлөө нь төрийн зохицуулалтыг хална хэмээн хөрөнгө оруулагчид найдаж байгаа тул цахилгаан автомашин үйлдвэрлэгч тус компанийн хувьцаа ойролцоогоор 65 хувиар өссөн байна.


Wall Street сэтгүүлд мэдээлснээр, хиймэл оюун ухааны гарааны компани болох xAI-ийн үнэлгээ мөн 11 дүгээр сард хоёр дахин өсөж, 50 тэрбум ам.долларт хүрчээ. Bloomberg-ийн тэрбумтнуудын индексээс үзэхэд, дэлхийн хамгийн баян хүний хөрөнгө 11 дүгээр сарын 5-наас хойш ойролцоогоор 136 тэрбум ам.доллароор өсөөд байна. Уг индексийн эхний байрууд ихэвчлэн дээш доош солигддог бол И.Маск хол тасархай түрүүлэх болжээ. 12 дугаар сарын 10-ны байдлаар буюу хөрөнгө нь 400 тэрбум ам.долларт хүрэхээс өмнө тэрбээр дэлхийн хоёр дахь хамгийн баян хүн болох Жефф Безосоос 140 тэрбум ам.доллароор илүү баян байжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ"агенилаг