sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /Reuters/. Пүрэв гарагт Америкийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн хувьцааны ханш дээд цэгтээ хүрснээр зах зээлийн үнэлгээ нь 3.6 их наяд ам.долларын босгыг давсан түүхэн дэх анхны компани боллоо. Энэ нь Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирэхээр болсны дараа Уолл Стритэд ажиглагдсан өсөлтүүдийн нэг юм. 


Бүгд найрамдах намаас нэр дэвшигч мягмар гарагт болсон сонгуульд ялсан нь хөрөнгө оруулагчдад корпорацын татварыг бууруулж, холбогдох зохицуулалтыг сулруулах талаарх өөдрөг төсөөллийг авчирснаар хиймэл оюун ухааны технологиэр дагнасан чип үйлдвэрлэгчийн хувьцааны ханш 2.2 хувиар өсжээ.



Ингэснээр “Nvidia”-гийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3.65 их наяд ам.долларт хүрч, 10 дугаар сарын 21-нд тогтоосон “Apple”-ийн зах зээлийн үнэлгээнээс /3.57 их наяд ам.доллар/ давжээ. Түүнчлэн мягмар гарагт “Nvidia” нь “iPhone” гар утас үйлдвэрлэгчийг гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани болсныг Лондоны хөрөнгийн бирж өмнө нь мэдээлээд байв. Пүрэв гарагт “Apple”-ийн хувьцаа 2.1 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 3.44 их наяд ам.доллар болсон байна. Мягмар гарагт болсон сонгуульд Д.Трамп ялалт байгуулснаас хойш “S&P 500” индекс 4 гаруй хувиар өсжээ.


“Microsoft”, “Alphabet” болон бусад томоохон компаниудын хиймэл оюун ухааны тооцооллын чадавхиа нэмэгдүүлэх, шинэ технологийн салбарт ноёрхох өрсөлдөөний ачаар “Nvidia” нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хамгийн их өсөлттэй компани болоод байгаа юм.


Чип үйлдвэрлэгчийн хувьцаа 11 дүгээр сард 12 хувиар өсөөд байгаа бөгөөд 2024 он гарснаас хойш гурав дахин өсжээ. Ингэснээр “Nvidia”-гийн зах зээлийн үнэлгээ “Eli Lilly”, “Walmart”, “JPMorgan”, “Visa”, “UnitedHealth Group”, “Netflix”-ийн нийлбэр дүнгээс даваад байна.


Шинжээчдийн үзэж байгаагаар, “Nvidia” 11 дүгээр сарын 20-нд улирлын тайлангаа танилцуулах үедээ орлого нь 80 гаруй хувиар өсөж, 32.9 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн тайлагнах төлөвтэй байна.


Энэ оны зургаадугаар сард “Nvidia” түр хугацаанд “Microsoft”, “Apple”-ийг гүйцэж түрүүлснээр дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани болсон юм. Технологийн салбарт тэргүүлэгч гурван компанийн зах зээлийн үнэлгээ сүүлийн хэдэн сарын турш тун бага зөрүүтэй байлаа. “Microsoft” компанийн хувьцаа пүрэв гарагт 1.25 хувиар өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь 3.16 их наяд ам.долларт хүрчээ.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг