sonin.mn

Германы батлан хамгаалахын аж үйлдвэрийн Rheinmetall компанийн гүйцэтгэх захирал Армин Папаж саяхан Украины хэвлэлд өгсөн ярилцлагадаа, тус компанийн Украинд байгуулж буй дөрвөн үйлдвэрийн эхнийх нь үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд явган цэргийн байлдааны машин үйлдвэрлэнэ гэжээ. 


Энэ тухай ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев хэлэхдээ, Тэд үйлдвэрийн дээгүүр Оросын “Ёслолын буудлаг” олж харах байх гэсэн байна. Энэ нь холбогдох үйлдвэрүүдийг Орос бай болгож магадгүй гэсэн үг гэж Оросын хэвлэлүүд бичиж байна.


Германы Rheinmetall компанийн гүйцэтгэх захирал Армин Папаж мөн: "Эхний үйлдвэр ашиглалтад орлоо. Украины батлан хамгаалах үйлдвэр нь бидний түнш. Бид одоогоор үйлдвэрийн болон үйлчилгээний байгууламжтай болсон. Энэ оны эцсээр мөн Украинд анхны "Линкс" явган цэргийн байлдааны машиныг үйлдвэрлэнэ" гэжээ. 



"Өнөөдрийн Орос" телевизийн тоймч Томас Лепер хэлэхдээ, "Rheinmetall компанийн хувьд энэ нь бүрэн ашиг. Тэд Украинаас зэвсгийн захиалга авдаг ч төлбөрийг нь барууны орнууд төлж байна. Украин барууны орнуудаас аль болох олон зэвсэг авдаг. Гэсэн хэдий ч Украин үйлдвэрүүдтэй байлаа гээд Орос-Украины дайны байдлыг өөрчилж чадахгүй. Тэд зүгээр л цагаа үрж, барууны орнуудын цэргийн аж үйлдвэрийн цогцолборын төлөө илүү их мөнгө хэвлэж, илүү олон хүний амийг хөнөөх нь дайны байдлыг огт өөрчилж чадахгүй юм" гэжээ. 


Украинд нийлүүлэх аливаа зэвсгийн систем нь Оросын армийн хууль ёсны бай болно гэдгийг Москва барууны орнуудад удаа дараа анхааруулсан гэж "Риа Новости" агентлаг мэдээлсэн ба АНУ болон НАТО Украиныг шууд мөргөлдөөнд оруулж, зэвсэг нийлүүлээд зогсохгүй бас Их Британи, Герман зэрэг орнуудад хүмүүсийг бэлтгэж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өмнө нь мэдэгдэж байсан юм. Украинд зэвсэг нийлүүлж, нөхцөл байдлыг зохицуулахад саад болж, улмаар НАТО-гийн гишүүн орнуудыг мөргөлдөөнд хамруулах нь "галаар тоглож байгаа хэрэг" хэмээн Орос үзэж буй аж.


Наянтайн Далантай