Хэрэв тэр бээр эдүгээ амьд сэрүүн байгаад өөрийнх нь талархдаг байсан Зөвлөлт Холбоот Улс нь олон улс болж задраад бүр сүүлдээ хоорондоо дайтаж байгааг харж гэмээ нь энэ дайныг эсэргүүцэж, бухимдан “Дайн” гэдэг сэдвээр зурсан сан бол нэг иймэрхүү хурц өнгөтөй, гол дүрүүд нь монгол цамын догшин бурхадын дүр байх байсан болов уу гэж надад бодогдож байна. Хэрэв зээ, аугаа их зураач, сэтгэгч Пабло Пикассо энэ цаг үед амьдарч, манай Монголд зочлон ирсэн сэн бол маш гоё өнгөлөг, олон сайхан бүтээл зурах байсан даа гэж надад бодогддог юм.
Оросын аугаа их зураач, сэтгэгч Рерихээс эхлээд, ер нь Монголд ирж судалбар зураг, уран бүтээлээ хийж байсан гадаадын зураачдын бүтээлүүд хурц өнгөтөй болоод байдгийг тэдний уран бүтээлүүд “хэлээд” байдаг. Тэд өөрсдөө ч танайд ирээд зурахаар өнгө чангараад байна аа, гэж ярьдаг, бичдэг юм.
Манай орны нэг гоё онцлог болох нарлаг өдөр нөлөөлдөг юм шиг байгаа юм. Аргагүй шүү дээ, жилийн 300 орчим нь нартай байдаг гэдэг биз дээ. Тэгэхээр эрхэм Пикассо манай Монголд ирсэн сэн бол мөн л өнгө нь ингэж чангарах байсан байх даа хэмээн бодогддог доо. Францын зураач гэж дэлхийд нэрд гарсан, испани үндэстэн, аугаа их Пабло Пикассо бол дайн түрэмгийллийг эсэргүүцэгч байсан. Түүний 1937 онд зурсан “Guernica” гэдэг дайны эсрэг сэдэвтэй энэ уран зургийг одоо Мадрид дахь Reina Sofia музейд дэлгэн үзүүлдэг.
3.49 метр өндөр, 7.76 метр урт том хэмжээтэй, тосон будгийн энэ зураг нь түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бөгөөд олон урлаг судлаачид түүхэн дэхь дайны эсрэг хамгийн сэтгэл хөдөлгөм, хүчтэй зураг гэж үздэг.
1937 оны 4-р сарын 26-нд Нацист Герман, фашист Италийн нисэх хүчин эх орных нь хойд хэсэгт орших Guernica хотыг бөмбөгдөж сүйрүүлснийг эсэргүүцэж, уурлаж бухимдсан Пикассо Парис дахь урландаа үүнийг зуржээ. “Guernica” гэдэг энэ уран зураг нь өнгө тоны хувьд сааралдуу зураг юм. Тэр жилдээ Парисын олон улсын үзэсгэлэнд, дараа нь дэлхийн бусад газруудад үзэсгэлэнд аялан дэлгэгдэж дайны хөлд үрэгдэж буй Испанийн хүн ардад туслахад зориулж хөрөнгө мөнгө босгож тэдэнд бэлэглэж байжээ. Энэ зураг удалгүй олны талархал дэмжлэгийг хүлээж, 1936-1939 онд болсон Испанийн иргэний дайнд дэлхий дахины анхаарлыг хандуулахад тусалсан юм.
Хэрэв тэр бээр эдүгээ амьд сэрүүн байгаад өөрийнх нь талархдаг байсан Зөвлөлт Холбоот Улс нь олон улс болж задраад бүр сүүлдээ хоорондоо дайтаж байгааг харж гэмээ нь энэ дайныг эсэргүүцэж, бухимдан “Дайн” гэдэг сэдвээр зурсан сан бол нэг иймэрхүү хурц өнгөтөй, гол дүрүүд нь монгол цамын догшин бурхадын дүр байх байсан болов уу гэж надад бодогдож байна. Тэр этгээд зураач монгол цамын багнуудыг анзаарахгүй, зурахгүй, уран бүтээлдээ тусгахгүй өнгөрнө гэж ёстой “номонд хазгай” гэж би боддог. Тэр бээр ингэж зурах байсан байх.
Ямар учир жанцантайг мэдэхгүй юм даа, юутай ч би бээр тэртээ 2009 онд нэг ийм зураг зурж байсан байх юм. 90х90 см хэмжээтэй. Зотон даавуун дээр тосон будгаар зурсан. Гэрийн нэг мухарт өлгөөтөй байж л байдаг. Ер нь мартагдсан гэсэн үг. Харин Орос-Украины дайнд эмзэглэж, сэтгэл өвдөж явдаг хүний хувьд, зураачийн хувьд энэ нийтлэл бичиж эхэлсэн цагаасаа хойш энэ зургаа харах бүрдээ олон түмэндээ нэг үзүүлье гэж бодоод л явдаг байсан юм. Миний энэ зурагт дүрслэгдсэн монгол цамын догшин бурхадын дүр, хэлбэрийг экспрессионист (аливаа дүр, дүрсийн үндсэн хэлбэрийг зориудаар эвдэж зурдаг дүрслэх урлагийн нэг этгээд урсгал) арга барилаар зурсан. Яг тэр бурхан гэж оноосон тодорхой дүрслэл биш юм. Миний уран сайханы хэтрүүлэг. Урлагийн урсгал чиглэлийн хувьд сюрреалист хэлбэрт хамаарах байх.
Энэ бол аугаа зураач Пикассо-гийн дайны сэдэвтэй зургаас санаа авч монгол зураач, монгол маягийн гэмээр хэлбэрт оруулж, гэхдээ түүний экспрессионист дүрслэлийг шингээсэн зураг юм. Бусдын уран бүтээлээс санаа авч өөрийнхөөрөө зурдаг энэ хэлбэрийг оюуны өмчийн хуулиар “үүсмэл бүтээл” гэж үздэг. Яг таг хуулаагүй учир “шинэ бүтээл” гэж үздэг.
Зүйрлэвэл, хэн нэг дуучны болон хамтлагийн дууг нөгөө дуучин болон хамтлаг өөрийнхөөрөө дуулдаг шиг. “Ковер” гээд байх шиг байдаг. Дэлхийд нэрд гарсан нэрт зохиолуудаар кино найруулагчид өөр өөрийн өнгө аястай кинонууд хийдэг шиг л юм даа. Гэхдээ үүсмэл бүтээлийнхээ эхийг заавал дурьдах хэрэгтэй. Ийм бүтээлүүд урлагийн салбарт үй түмээрээ бий. Энэ нь угаасаа урлагийн хөгжлийн жам ёсны үзэгдэл, зүй тогтол юм. Хэрэв Пикассо Монголд ирсэн сэн бол ингэж зурах байсан байх. Миний л бодол, миний л сэтгэмж ухаантай юм даа.
Тодын Отгонбаяр ( Лондон зураач ) 2026.09.23
Пүрэв - 09 сарын 24,
2026
Сэтгэгдэл1
AI байхад уран бүтээлчид одоо цаашаа.