sonin.mn

Элон Маск Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Претори хотод 1971 онд инженер эцэг Эррол Маск, загвар өмсөгч эх Мэй Маск нарын хүү болон төржээ. Түүний эхийн талын өвөг дээдэс нь европын Швейцариас Америкт дүрвэж ирсэн немцүүд байлаа. Аав ээж хоёр нь Элоныг бага байхад нь нь салж, Элон хатуу шаардлагатай аавынхаа дэргэд өсчээ. Тэр ааваасаа их юм сурсан юм.


Аавтайгаа хамт сантехникийн засвар хийж, цахилгаан хангамжийн хэвийн ажиллагааг хангаж байв. Аав нь түүнд хамгийн анхны компьютерийг нь 10 настай байхад нь авч өгчээ. Элон компьютерийн программ зохиохыг сурч 12 настайдаа анхны “Бластар”  нэртэй тоглоомын программ бичиж байсан ба энэ программ нь харь гаригаас ирсэн хүмүүсийг лазерийн зэвсгээр устгаж тоглодог видео тоглоом байв.


Тэрбээр энэхүү программаа 500 доллараар худалдсанаар энэ төрлийн бизнес эхлэх санаа бий болж,13 настайгаасаа хувьцааны бизнес хийж эмийн компанид хувьцаа оруулж хэдэн мянган долларын ашиг олж байсан байдаг. Элон 17 нас хүрэх үедээ Хатан хааны их сургуульд суралцахаар Канадыг зорьжээ. Өмнөд Африкаас Канад руу, Канадаас АНУ-руу цагаачлах нь илүү амар байсан учир ийм шийдвэр гаргасан ч гэж үздэг. Маск өсвөр насандаа сурлага сайтай байсан хэдий ч  нийгэмтэй харилцах тал дээр асуудалтай хүүхэд байв. Бусад хүүхдүүдэд их дээрэлхүүлдгээсээ болж хэд хэдэн удаа сургуулиа сольж байжээ. Нэгэн удаа сургуулийн танхай хүүхдүүд түүний хамрыг хуга цохисон явдал ч гарч байв. Элон хаана ч сурч байсан дотно найзтай болж чадаагүй бөгөөд хүнтэй үг дуугардаггүй, үргэлж ном, сонин шагайгаад сууж байдаг зожигдуу хүүхэд байсан хэмээн дунд сургуулийнх нь багш дурссан байдаг.


Элон Маск Хатан хааны их сургуульд хоёр жил суралцсаны эцэст тэндээс амжилтад хүрэхэд хэрэг болох хангалттай мэдлэг олж авахгүй нь гэсэн шалтгаанаар АНУ-ын Пенсильванийн их сургуульд бизнесийн удирдлага, физикийн ухааны тэнхимд шилжин суралцжээ.


Дараа нь Стэнфордын их сургуульд докторын зэрэг горилохоор очсон боловч хоёр хоноод л залхаж хувийн бизнесээ эхлүүлэхээр шийдсэн аж. Элон Маск 1996 онд ахтайгаа хамтарч “ZIP2” нэртэй старт-ап компаниа үүсгэн байгуулав. Тэд программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж гурван жилийн дараа компаниа 302 сая ам.доллараар “Compaq” компанид зарж, гучин нас хүрэлгүй  саятнуудын эгнээнд оржээ.  Элон 1999 онд “XCom ” /хожим Paypal болсон/ компаниа үүсгэн байгуулсан бөгөөд үйл ажиллагаа нь жигдэрч, хувьцааны үнэ нь хурдацтай өссөнөөр өөрийн компаниа 2002 онд “eBay” компанид 1.7 тэрбум ам.долларын үнэд хүргэн зарж чаджээ.


2002 онд “SpaceX” компаниа байгуулав. 2003 онд өөрийн биширдэг алдарт зохион бүтээгч Николас Теслагийн нэрээр нэрлэсэн “Tesla Motors” компаниа байгуулсан юм. Мөн 2006 онд нарны эрчим хүчийг ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “SolarSystem” компанийн гол хөрөнгө оруулагч болжээ.


SpaceX. 2002 онд Маск өөрийн гуравдахь компани SpaceX-ийг байгуулав.Энэ компани бол сансрын хөлөг, пуужин бүтээх хувийн компани юм. 2008 онд Элон Маскийн энэхүү компани НАСА –тай 1.6 тэрбум ам долларын гэрээ байгуулж “Falcon 9” пуужинг 12 удаа хөөргөж  “Dragon”, “MKC” сансрын хөлгийг сансарт нисгэх үүрэг хүлээв. Элон Маск хэлэхдээ түүний сансар судлалыг багаасаа сонирхох болсон нь уран зөгнөлт зохиолд гардаг хүн төрөлхтөн өөрсдийгөө авран хадгалж үлдэхийн тулд өөр гариг руу нисч сансарыг эзэмших санаа ихэд таалагджээ. Маск хүн төрөлхтөн нарны аймгийн гаригуудыг эзэмших нь дэлхий дээр хүн төрөлхтөн мөхөх аюулаас аврагдах ганц боломж юм хэмээн үздэг аж. Маск хэлэхдээ “Манай дэлхийг сансрын хаа нэгтээгээс нисэн ирэх том солир, эсхүл дэлхий дээрхи том галт уулын дэлбэрэлт , эсхүл хиймлээр үүсгэсэн аюулт вирус, сансрын хар нүх, дэлхийн хэт дулааралт, элдэв хөнөөлт технологи, эсхүл атомын аюулт зэвсэг хөнөөх аюултай. Хэзээ нэгэн цагт хүн төрөхлтөний амьдрал манай цэнхэр гаригаас халиж гарах ёстой, эсхүл хүн төрөлхтөн мөхнө” гэдэг байв.


Элон Маск сансрын нислэгийн зардлыг 10 дахин хямдруулах зорилт тавив. Энэ зорилтоо биелүүлэхийн тулд тэрбээр өмнөх компаниа зарж олсон 100.0 сая ам доллароо зориулав. Туршилт хийх явцад бүтээсэн пууижнгууд нь дэлбэрч эсхүл шатаж байлаа. Тэр зорьсноосоо ухарсангүй. Мөнгө нь дуусах дөхөж байхад тэр олон дахин ашиглах зориулалттай хамгийн сүүлчийн пуужингаа туршихад амжилттай болжээ.


Маск 2016 онд олон нийтэд мэдэгдэхдээ “ Манай компани 2031 он гэхэд Марс гариг руу нислэг хийнэ гэжээ. 2016 онд Маск олон нийтэд хандаж “Гариг хоорондын тээврийн систем байгуулах, Хүмүүсийг Марс гариг хүргэх олон удаа ашиглах сансрын тээврийн хэрэгслэлийн тухай” төслөө танилцуулжээ. 2020 онд Илон Маскийн “Grew Dragon” сансрын хөлөгийн нислэг болж “Falcon 9” пуужин тэнгис дээр байгуулсан тавцан дээр амжилттай газарджээ. Сансрын хөлөг нь амжилттай сансарт гарч MKC станцтай амжилттай залгагджээ. Энэ бол том амжилт байлаа.


Tesla. Сүүлийн үед Маскийн байгуулсан цахилгаан автомашины компани амжилттай ажиллаж байна. Маск энэхүү компанийхаа салбар үйлдвэрийг Хятад улсад байгуулж амжилттай ажиллаж байна. 2018 онд энэхүү компаний хувьцаа эзэмшигчид санал гаргаж Илон Маскийн жилийн цалинг 3.0 тэрбум ам доллар болгохоор шийдвэрлэжээ. 2019 онд Илон Маск “Тесла компани ашигтай ажиллаж эхэллээ, компаний акц 20.0 хувь өслөө” хэмээн мэдэгджээ.

 

Амжилтын нууц. Түүний дэлхий нийтийг гайхшруулдаг зүйл бол зөвхөн түүний амжилт биш бөгөөд харин хувь хүний онцгой зан чанар нь аж. Энэ байдал нь ч түүний амжилтын гол түлхүүр байсан гэхэд хилсдэхгүй. Түүний амьдрал, намтар, амжилтын нууцыг өгүүлсэн “Элон Маск” ном 2015 онд хэвлэгдэж байсан бөгөөд гарсан даруйдаа хэдэн сая хувь борлогдсон юм. Номын агуулгаас түүний амжилтын зарим нууцыг дурдвал: Тэр хэзээ ч өөрийн амжилтанд ханаж байгаагүй. “Telsa motors” компанид зуу зуун хүн илүү цагаар ажиллаж байсан  өдрүүдэд ч тэр тэдэнд хандаж үргэлж “Бид сулхан байна, илүү их ажиллах хэрэгтэй” гэж хэлдэг байжээ.Тэр амралт, ая тухыг чухалчилдаггүй байв. Тэр 2000 онд амралтаа авч, Бразил,Өмнөд Африкт аялах үедээ халуун орны хумхаа өвчин тусаж, хүнд өвджээ. Тэр цагаас хойш тэр “Амралт чамайг алах болно” хэмээн хэлсэн бөгөөд  дахин хэзээ ч  амраагүй ажээ. Тэр зөвхөн бусдыг их ажиллахыг шаарддаг удирдагч бус, харин өөрөө хамтдаа  илүү цагаар ажилладаг манлайлагч удирдагч байв.  “Paypal” төсөл дээр хамтран ажиллаж байсан Жюли Акенбрандт дурсахдаа: “Бид өдөрт  20 цагийн турш ажилладаг байсан. Харин Элон Маск 23 цаг ажилладаг байв” хэмээн өгүүлжээ.

 

Нэгэн удаа тэр бээр эхнэрээ төрөх үед хажууд нь байхыг хүссэн компаний ажилтандаа хандаж “Чиний энэ хүсэлт бол бол хангалттай шалтгаан биш. Миний урам хугарч байна. Чи юу чухал болохыг өөрөө бүрэн ухамсарлах ёстой. Бид дэлхийг өөрчлөхөөр ажиллаж байна” гэсэн имэйл бичиж, түүнийг ажлаас нь чөлөөлж байжээ.

 

Илон Маск ялагдал, алдаа дутагдлыг үзэн яддаг. Маск өөрийгөө самурай сэтгэхүйтэй хэмээсэн хэлсэн байдаг. Тэрбээр “Алдаа гаргаж байхаар харакири хийж амиа егүүтгэхийг илүүд үзнэ” хэмээн хэлж байсан удаатай. Түүний үгийн санд бууж өгөх гэдэг үг үл оршино. 2006-2008 онд “SpaceX” -ээс хөөргөсөн бүх пуужин  дэлбэрч, дөрвөн ч хиймэл дагуулыг мөргөж сүйрүүлжээ. Үүнээс үүдэн компани маш өндөр алдагдал хүлээж, дампуурлын ирмэгт очив. Гэсэн хэдий ч компани нь дампуурлаа зарлахаас ердөө хэдхэн цагийн өмнө Маск 1.6 тэрбумын хөрөнгө оруулагч олж чадсанаар нэг жилийн дараа дөрөв дэх оролдлогоороо “Space Falcon” пуужингаа амжилттай хөөргөж байв. Элон Маск өөрийгөө голж байсан удаа үгүй. Дөнгөж 18 настай байхдаа өдөрт 20 ам.долларын цалин авдаг оюутан хүү сонин, сэтгүүл дээрээс уншиж мэдсэн амжилттай яваа бизнесмэн хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцохоор өдрийн хоолонд тэднийг урьдаг байв. Тэр “Мөнгө хэзээ ч чухал биш.  Би өөрийн бүх мөнгөө компаниуддаа зориулаад, эхнэрийнхээ эцэг эхийн машины грашид ч амьдрахад бэлэн байна” гэдэг байв. Элон Маскийн амжилтын нууцаас дурдвал:


1.Хүсэл тэмүүллийн тодорхой мэдрэмжтэй. Түүний хийж бүтээх гэсэн хүсэл эрмэлзэл нь бизнесийн ухаантай нэгдэж чадсан явдал юм.

 

2.Өөрөө суралцах чадвар, тасралтгүй эрэл хайгуулч шинж: Тэрбээр мэдлэгийг заавал хэн нэг багшаар биш, өөрөө олж авахыг илүүд үздэг байв. Элон 8 нас хүрэх үедээ унших номгүй болж, “Британика” нэвтэрхий толийг бүтнээр нь цээжилсэн байв. 12 настайдаа өөрийнхөө шаргуу оролдлогын үр дүнд анхны компьютерийн программаа бичжээ . 2001 онд сансрын пуужин бүтээх үйл явцыг өөрөө уншиж, судалж мэджээ. 

 

3.Хэцүү явдалтай нүүр тулсан ч шантрахгүй байх чадвар: Элон 14 настайдаа дэлхийг өөрчлөх гэсэн агуу зорилго тавьсан цагаасаа олон сорилттой тулгарсан ч алинд нь ч бууж өгөөгүй. 17 настай их сургуулийн шинэхэн оюутан байхдаа өдөрт ердөө нэг доллараар хэрэгцээгээ хангадаг байв. Тэр бээр хэрвээ ердөө ийм хэмжээний мөнгөөр өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангаад сурчих юм бол бизнесээ ч мөн бага хэмжээний хөрөнгөөр амжилттай эргэлдүүлж чаддаг болоход суралцана хэмээн бэлтгэл хийдэг байсан нь яах аргагүй түүний амжилтын гол нууцын нэг юм. 


Түүнчлэн Маск эхний үед өөрийн компаниудын зарим хүмүүс  үргэлж түүний ар нуруунд хутга зоодог буюу захирлын суудлаас нь буулгаж, хувьцааг нь булаахыг оролдож байсан тухай нэгэн удаа ярьж байв. Тухайлбал Тэрбээр “Paypal”-д ажиллаж байх үедээ хуримаа хийжээ. Гэтэл түүнийг бал сарын амралтаа аваад аялалаар явж байх үед нь хувьцаа эзэмшигчид гэнэт хуралдаж захирлын суудлаас нь огцруулж байв. Энэ явдлаас үүдэж тэр бээр “Paypal” компанийг “eBay”-д зарсан гэдэг.

 

Эдүгээ түүний хамгийн гол зорилго бол 2031 он гэхэд хүн төрөлхтнийг Ангараг гарагт нисгэн аваачих явдал юм. Түүний компани хэдхэн жилийн өмнө дэлхийн хамгийн хүчирхэг, сансрын хөлөг “FalconHeavy”-г задгай сансарт амжилттай хөөргөсөн билээ. Маск үнэхээр өөрийн зорилгоо биелүүлж хүн төрөлхтний хөгжлийн тусын тулд тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд хичнээн ч удаа бүтэлгүйтсэн ч  “Би Ангараг гарагт хүрэхдээ л хүрч, тэнд ясаа тавих анхны хүн нь болох болно. Гэхдээ мэдээж ослоор биш” хэмээн хэлж байв. Түүний тухай олон зуун, өгүүлэл, нийтлэлүүд байдгаас хамгийн оносон өгүүлбэрийг Жефф Хамербак: “Одоо үеийн технологийн компаниуд хэрэглэгчдэд зориулсан, донтуулах магадлалтай, хөнгөхөн апп үүсгэж, хурдхан шиг IPO хийж хялбар мөнгө олохыг чухалчилдаг болсон. Харин Элон Маск хүн төрөлхтөний тусын тулд сансар судлал, автомашин, эрчим хүчний салбаруудад хувьсгалтай дүйхүйц нээлтийг хийж байна” хэмээн хэлсэн байдаг. Бизнес хийж байсан эхэн үедээ Маск долоо хоног 80-100 хүртэлх цагийг ажиллаж өнгөрөөдөг, өдөрт ердөө 2-3 цаг л унтдаг байв. Харин 2015 онд өгсөн ярилцлагадаа нэг өдөрт 12.1 цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг. Шөнийн нэг цагаас өглөөний долоон цаг хүртэл өдөрт зургаан цагийг унтаж өнгөрүүлдэг. Энэ тухай “Унтаж, идэх хэрэгцээг үгүй болговол ажлын бүтээмж хэчнээн дээшлэхийг таашгүй. Болдогсон бол тэр цагтаа ч ажиллах юмсан” хэмээн өгүүлж байжээ.

 

Маскийн хэлсэн үгийг дурдвал: “Тэвчээр бол амжилтад хүрэхэд хэрэг болох хамгийн том зэвсэг. Хэн нэгэн чамд бууж өгөхийг тулгаагүй л цагт, хэзээ ч бууж өгч болохгүй. Боловсролыг төгссөн сургуулиар нь бүү дүгнэ. Би Харвардын их сургуулийг төгсөөгүй ч төгссөн хүмүүс нь надад ажилладаг. Онцгой хэн нэгэн болох уу, энгийн уйтгартай нэгэн болох уу гэдгээ сонгох сонголт хүнд үргэлж байдаг. Амьдрал өшөө хорсолд автан оршиход хэтэрхий богино юм. Бүтэлгүйтэл бол тэр чигтээ боломж. Хэрэв чи ямар нэг байдлаар бүтэлгүйтэхгүй байгаа бол чи юу ч бүтээгээгүй байна гэсэн үг. Хэрэв чи ямар нэгэн зүйл үнэхээр чухал гэж бодох л юм бол бүтэлгүйтэл дагуулах байсан ч хамаагүй заавал хий. Заавал оролдоод үзэх хэрэгтэй. Бусад хүмүүс долоо хоногт 40 цаг ажилладаг байх нь хамаагүй. Чи харин долоо хоногт 100 цаг ажиллах хэрэгтэй. Тэгж гэмээнэ бусдын бүтэн жил хийх ажлыг чи дөрөвхөн сарын дотор нугалах боломж бүрдэнэ. Өглөө сэрэхдээ л энэ өдөр хамгийн сайхан, хамгийн бүтэмжтэй өдөр байх болно хэмээн бодох хэрэгтэй” гэжээ.

 

Элон Маскийн хөрөнгө. 2021 оны 1-р сард Элон Маск “Амозоны” Жефф Безосыг ардаа орхиж дэлхийн хамгийн баян хүн болов. Түүний хөрөнгө тэр үед 199.9 тэрбум ам, доллар болсон байв. 2021 оны 10-р сард түүний хөрөнгө 209 тэрбум ам.долларт хүрчээ. 2021 онд түүний хөрөнгө гэрлийн хурдаар өсөв. Удалгүй 2021 оны 11-р сард түүний хөрөнгө 271 тэрбум ам.долларт хүрэв. “Forbes” - ын мэдээлснээр 2021 оны 12-р сарын 1 -ний өдөр “Тесла” компанийх нь хувьцаа эрс өсөх үед түүний хөрөнгө  300.0 тэрбум ам долларт хүрчээ. Дэлхийд ийм амжилтанд өмнө нь хэн ч хүрч байсангүй. Элон Маск дараа нь “Тесла”-гийнхаа 5.0 тэрбум долларын хувьцаагаа заржээ. Харин 2022 онд Элон Маск 122.6 тэрбум доллараа алджээ. Гэвч түүний хөрөнгө дахиад л өсөөд эхэлжээ. Одоо түүний хөрөнгө 2024 оны байдлаар 256.0 тэрбум ам.долларт хүрч дэлхийд эхний байрт магнайлж байна. Элон Маск бол хүн төрөлхтөнийг Ангараг гаригт авааачих мөрөөдлөө биелүүлэх зорилгодоо дөхөж яваа гайхалтай шинжлэх ухаанч, бизнесмен, инженер, тэрбумтан юм.


Доржийн СҮХБААТАР