Түүхийн ухааны доктор Д.Хоролдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалтын талаар энэ удаагийн ярилцлагаа эхлэе. Юуны өмнө ХХ зууны эхэн хагаст хоёр хөршийн зүгээс манай улсын тусгаар тогтнолд хэрхэн хандаж байсан талаар товчхон хэлж өгнө үү?
-Тухайн үед олон улсын харилцааны байдал тун ярвигтай, монголын тусгаар тогтнол амаргүй нөхцөл байдалд байлаа. Ялангуяа VIII Богд Жэвзүндамба хутагт хаан 1924 оны тавдугаар сарын 20-нд таалал төгссөн цагаас манай хоёр хөрш монголын талаар хоорондоо шууд тохиролцож, шийдвэр гаргах болсон.
Зөвлөлт Орос Улс, Хятад хоёр мөн оны тавдугаар сарын 31-нд "Асуудал зохицуулах ерөнхий зарчмын тухай" гэсэн хэлэлцээр гэгчийг хоорондоо тохиролцон баталж, “Гадаад Монголыг Хятад улсын бүрэлдэхүүн хэсэг гэдгийг ЗСБНХУ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Монгол нутагт Хятадын бүрэн эрхийг хүндэтгэнэ" хэмээн шууд зааж өгчээ.
Энэ бол Монголын тусгаар тогтнолыг шууд үгүйсгэсэн хэрэг. Энэ мэтээр хөрш орнуудын эрх баригчдын зүгээс манай улсын ашиг, сонирхлыг гаргуунд нь гаргах гэсэн үйл явдал цаашид ч гарч байв. Тухайлбал дэлхийн II дайны гал дүрэлзэж байхад 1943 оны арваннэгдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Африк тивийн Каир хотноо АНУ, Их Британи, Дундад Иргэн улсуудын гурвалсан уулзалтын үеэр хөндөгдсөн байдаг.
-Та энэ тухай тодруулж юу хэлэх вэ?
Гол санаа нь Дундад Иргэн Улсын Гоминьданы удирдагч Чан Кайши гэгчээс Гадаад Монголыг Зөвлөлт Холбоот Улс авчихаад өгөхгүй байгаа тул дайны дараа бид энэ нутгийг эргүүлж авах хүсэлтэй гэсэн аж. Японы эсрэг дайнд олон тэрбум ам.долларын тусламж дэмжлэг аваад зогсохгүй нэмж “Монголыг нэхсэн” хамтрагчийн хүслийг хангах гэж АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт яаралгүй ЗХУ-тай ярилцаж шийдэхгүй бол болохгүй гэсэн хариулт өгч асуудалд дав дув хариу өгөхөөс зайлсхийжээ. Тэр японы эсрэг дайнд ЗХУ-ыг оролцуулах сонирхолтой байж. Тэгэхгүй бол уг дайн 1946 он хүртэл сунжирч, АНУ хүн хүч, цэрэг техник, эдийн засгийн асар их хохирол хүлээх болно гэж тооцоолжээ. Харин ЗХУ нь японы эсрэг дайнд оролцох тодорхой болзол, нөхцүүдийн нэг болгож Монголын статус-квог АНУ, Их Британи их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх бодлого явуулсан. Ингэх сонирхол, хангалттай шалтгаанууд байсан хэрэг. ЗХУ-Германы фронт дахь цус асгаруулсан дайнд Сталин АНУ-ын дэмжлэгийг авахыг хүсч байв. Гэтэл АНУ нь Европт II фронт нээсний хариу болгож мөн л ЗХУ-ыг японы эсрэг дайнд оруулах сонирхолтой байж. Ингэж ашиг сонирхлоороо харилцан наймаалцсан, бие биесээс хамаарал бүхий олон хүчин зүйлсийн харилцан огтлолцол дээр БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудал их гүрнүүдээр шийдэгдэх учиртай болжээ.
Монголын ард түмэн санал хураалтад оролцож буйг харуулсан гэрэл зургийн болон бусад баримтууд Үндэсний архивын сан хөмрөгт хадгалагдаж байна.
-АНУ Дэд Ерөнхийлөгч Хенри Уоллэсийг илгээсэн нь Монголыг үнэхээр сонирхож байсны илрэл гэж ойлгож болох уу?
Каир хотод очоод Чан Кайши гэгч этгээд Монголд санаархаж буйгаа илэрхийлснийг дээр дурдсан. Монголын талаарх өөрийн бодлого, байр сууриа тодорхойлох гэж АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт манай руу зориуд анхаарлаа хандуулжээ. Тиймээс Дэд Ерөнхийлөгч Хенри Эгард Уоллэс/Henry Wallace (1888-1965)-д урт хугацааны томилолт өгч Хятад, Оросын талаарх дэлхийн хамгийн том мэргэжилтэн хэмээн онцлоод Оуэн Латтиморийг дагалдуулан 1944 оны тавдугаар сарын 20-нд явуулжээ.
Тэд Канад, Альяскаар дайрч, Якутск, Сибир, Өвөр Байгаль, Буриад Монгол, БНМАУ, Хятадаар нийт 52 хоногт 43665 км аялан явсан гэдэг. Х.Уоллэс бүр Төв Ази руу замнан Шиньжан Уйгурын төв хот Өрөмчи хотод зургадугаар сарын 18-нд очив. Тэд бас Казакстаны нийслэл Алма-Ата, Узбекстаны нийслэл Ташкент хүрчээ.
Х.Уоллэс ЗХУ, БНМАУ-ын Засгийн газартай урьдчилан тохиролцсоны дагуу мөн оны долдугаар сарын 2-3-нд БНМАУ-д морилон саатаж, хоёр хоног зочилсон байна. Тэрээр, БНМАУ дахь гадаадын өндөр дээд зиндааны хамгийн анхны зочин болов. Түүний хөлөглөсөн “Дуглас” онгоц Буянт-Ухаад газардахад Монголын алтан соёмбот далбаа АНУ-ын далбаатай зэрэгцэн мандаж, онгоцны буудалд БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан, МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, нарийн бичгийн дарга Д.Дамба, МТЯ-ны сайд Ч.Сүрэнжав тэргүүтэй төр, засгийн удирдагчид болон ЗХУ-аас БНМАУ-д сууж байсан Элчин сайд И.А.Иванов нар угтан авч, Нүхтийн аманд найман ханатай гоёмсог сайхан өргөө барьж байрлуулжээ. Х.Уоллэс нар айлчлалын хөтөлбөрийн дагуу Улсын Төв театрт “Учиртай гурван толгой” дуурь, “Шарай голын гурван хаан” жүжиг үзэж, Богд хааны зуны ордон, Чойжин ламын сүм музейг сонирхон, Гандантэгчэнлин хийд, Сонгинын булан дахь Био-комбинатад зочилсон байдаг.
ХАА-н мэргэжилтэй Х.Уоллэст Мал эмнэлэгийн орчин үеийн лаборатор үзэж, 37 монгол ажилтан малын өвчнийг эмчлэх вакцин үйлдвэрлэж байгаатай танилцан өндрөөр үнэлжээ.
Түүнчлэн МУИС-д морилон монголын ард түмэн их дайны үеэр өөрийн их сургуультай болсон явдалд баяр хүргэж, эрдэм шинжилгээний зориулалт бүхий хоёр микроскоп бэлэглэх зэргээр монголчуудад сайхан сэтгэгдэл төрүүлж, багагүй дурсамж үлдээжээ. Тэрээр алс холын Монгол оронтой танилцан, бодит байдлыг биечлэн үзэж, ихээхэн мэдлэг мэдээлэл, эерэг сайхан сэтгэгдэлтэйгээр нутаг буцжээ.
АНУ Монголын тусгаар тогтнолыг дэмжих эсэхээ шийдэх, тэдний зүгээс манай улсын талаар баримтлах чиг шугамаа тодорхойлох гэж зохих хүчин чармайлт гаргасан нь лавтай.
Үүний нэг илрэл нь тэрхүү айлчлал бөгөөд энэ тухай хуучин тогтолцооны үед тэр бүр авч хэлэлцэхгүй шахам байжээ. Сүүлийн үед холбогдох эрдэмтэн судлаачдын ном бүтээл, архивын мэдээ баримтуудаас нэлээд зүйл тодорхой боллоо. Х.Уоллэс эх орондоо эргэж очоод Ерөнхийлөгч Ф.Рузвельтэд танилцуулав. Монголын тухай баттай баримт мэдээллийг өгч, тус улсын байлдааны бэлэн байдал, эх оронч үзэл эрүүл үйл явцтай байна. Хэдийгээр Зөвлөлтийн нөлөө харьцуулшгүй хүчтэй байгаа боловч Монголын улс төр, засаг захиргааны эрх мэдэл нь чадварлаг монголчуудын гарт байна. Иймээс дахин Хятадын автономит болно гэдэг бодит бус бөгөөд ямар ч боломжгүй хэрэг. Харин эсрэгээрээ дайны дараа Өвөр Монгол нь Ар Монголд нэгдэх түгшүүр бодитой байгааг урьдчилан тооцох нь зүйтэй гэжээ.
-Монголын тусгаар тогтнолыг их гүрнүүд 1945 оны Ялтын гэрээгээр шийдсэн гэдэг?
-Тиймээ,1945 оны хоёрдугаар сарын 4-11-нд ЗХУ-ын Хар тэнгисийн Крымийн хойгт орших Ялта хотоос гурван км зайтай Ливадия тосгон дахь Ливадийн ордонд хүн төрөлхтний дайсан фашизмын эсрэг Холбоотны эвслийн тэргүүлэх гурван гүрний төр, засгийн тэргүүний бага хурал болсон. АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт, Их Британий Ерөнхий сайд В.Черчилль, ЗХУ-ын удирдагч И.В.Сталин нар тэрхүү хурлын үеэр БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлыг үндсэнд нь шийдэж, шинэ шатанд гаргаж ирсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, Их эзэн Чингис хааны удирдлагаар цагтаа Ази-Европын олон улсын харилцааны бодлогыг тодорхойлж, Монголын эзэнт их гүрнийг байгуулж явсан монгол орон XХ зууны эхэн хагаст өөрсдийн албат агсан хөршүүд болон харийн их гүрнүүдийн геополитик, улс төр, дипломатын нарийн түвэгтэй харилцаанд татагдан орсон гэж хэлэх үндэслэлтэй.
Монголын ард түмэн санал хураалтад оролцож буйг харуулсан гэрэл зургийн болон бусад баримтууд Үндэсний архивын сан хөмрөгт хадгалагдаж байна.
-1945 оны Монгол Улсын бүх ард түмний санал хураалт, түүний ач холбогдол юу вэ?
-Тийнхүү бүх ард түмний санал хураалтын дүн хүртэл олон улсад, түүний дотор ЗХУ, ДИУ-ын хооронд удаан хугацаагаар уулзалт, яриа хэлэлцээр үргэлжлэн явагдсан. Энэ явцад И.В.Сталин Өвөр Монголыг Гадаад Монголтой нэгтгэх нь Хятадын бүрэн бүтэн байдалд заналхийлэх аюултай гэж үзээд, хамгийн боломжит хувилбар бол Гадаад Монголын статус-квог хадгалах явдал бөгөөд статус-кво гэдэг нь БНМАУ-ын тусгаар тогтнол мөн гэсэн байр суурь баримталсаныг тэмдэглэх хэрэгтэй. БНМАУ-ын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд зөвшөөрөх нөхцөл болж, 1945 оны хоёрдугаар сард Ялтад хуралдсан ЗХУ, АНУ, Их Британий хамтарсан бага хурлаас БНМАУ-ын статус-квог тунхаглав.
Тус хурлын үзэл санаа Подстамын гэрээ болон 1945 оны аравдугаар 20-нд болсон БНМАУ-ын бүх ард түмний санал хураалтын үр дүнгээр баталгаажсан билээ. БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 85 дугаар тогтоолд “Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог, нэрийн доор “зөвшөөрөх” буюу “татгалзах” хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зурна.
Хэрвээ бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар” гэж заасны дагуу санал хураалт орон даяар явагджээ. Санал хураалтын төв комиссыг БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндээр даргалуулан байгуулж, орлогчоор МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, нарийн бичгийн дарга Ч.Сүрэнжав, нарийн бичгийн дарга Д.Дамба, Б.Ширэндэв нар томилогдон ажилласан байна. Ухуулга таниулгын хуудсыг Улаанбаатарт хэвлүүлж, орон нутагт тарааснаас гадна улс даяар 13 мянган удаа хурал цуглаан зохион байгуулж малчин, ард, ажилчин, сэхээтнүүдийг хамруулан оролцуулжээ. Санал хураалтын төв комиссын дарга болон орлогч нар аймаг бүрийг хуваарилан авч, өөрийн биеэр бэлтгэлийн ажлыг зохион байгуулав. Чингээд 1945 оны аравдугаар сарын 20-ны 06:00-23:00 цагийн хооронд БНМАУ даяар тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалтыг амжилттай зохион байгуулсан юм.
Санал асуулгыг нийт 4251 хэсэгт явуулсан бөгөөд нэрсийн жагсаалтад 494074 хүн бүртгэгдсэнээс 487285 хүн буюу 98.6 хувь нь саналаа өгч, улсынхаа тусгаар тогтнолыг манай ард түмэн нэгэн дуугаар баталсан байна.
Улсынхаа тусгаар тогтнолоо байлдан олсон монголчууд үндэсний язгуур эрх ашиг, аюулгүй байдлаа бататган бэхжүүлэхийн төлөө хүнд хэцүү сорилтуудыг туулсаар ирсэн. Монголчууд дэлхийн их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө улс төр, дипломатын идэвхтэй бодлого явуулж байсны нэгэн нотолгоо, түүхэн чухал үйл явдал бол яах аргагүй 1945 оны Монгол Улсын бүх ард түмний санал хураалт мөн.
-Тэрхүү санал хураалтын ач холбогдол юу вэ?
Монгол Улсын тусгаар тогтнолыг төлөөх бүх нийтийн санал хураалтын амжилттай зохион байгуулж, түүний дүнг үндэслэн БНМАУ-ын тусгаар тогтнолыг Хятадын Гоминданы Засгийн газар 1946 онд хүлээн зөвшөөрч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсон юм. ЗХУ-тай тогтоосон найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр орны хооронд 1946 онд байгуулсан “Найрамдал, харилцан туслалцах тухай” гэрээ, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай гэрээ чухал үүрэг гүйцэтгэжээ. Мөн бусад улс, орнуудтай дипломат харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн дэлхийн улс төр, дипломат харилцаанд Монголын нэр хүнд бэхжиж, олон улсын дунд нэр хүнд нь дээшилсэн түүхтэй юм. Монголын ард түмэн дэлхийн II дайны жилүүдэд хамаг нөөц бололцоогоо дайчлан, эрвийх дэрвийхээр хичээн зүтгэж, улаан армид туслах олон түмний хөдөлгөөнийг төр, засаг манлайлан зохион байгуулж, үр дүнд хүргэсэнийг хэрхэвч мартах ёсгүй.
Манай улс Холбоотны талыг тууштай баримталж, германы фашизм, японы милитаризмыг бутцохин дэлхий дахинаа энх тайвныг тогтооход өөрийн хувь нэмрээ оруулж чадсан юм.
Тийм ч учраас Холбоотон гүрнүүд өөрсдийн эрх ашиг, геополитикийн бодлогын хүрээнд дэмжиж, Крымын бага хурлаар БНМАУ-ын статус-квог баталсан гэж үзвээс зохих болов уу. БНМАУ-ын тусгаар тогтнол 1945-1946 онд их гүрнүүдээр хүлээн зөвшөөрөгдсөн нь бид зүгээр сууж байтал аяндаа бүтсэн юм биш гэдгийг зориуд хэлэх хэрэгтэй. Тэр нь 1910-1920-иод оны монгол төрийн бодлоготон, эх орончид, монголын ард түмний зүгээс олон жилийн туршид явуулсан уйгагүй, туйлбартай шударга тэмцлийн үр дүн, ялалт байсан юм шүү гэдгийг зориуд бахархан тэмдэглэж хэлэхийг хүсч байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл14
Иймэрхүү зүйлсийг ерөнхий боловсролын хөтөлбөрт сайн оруулж өгөөсэй. Түүхийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн сайн заавал хичнээн хүчирхэг болдог жишээ Орос байна. Хүмүүс нь түүхээ ярьж нэгдэн нягтардаг.
ОНЦ . Тайваныг дэмжигчид , Оросыг хараагчид монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөө тууштай тэмцэл - эх оронч сэтгэл рүү ус цацагсад гэдгээ мэдэж аваг ...
Хятадын талыг баримтлагчид жил өнгөрөх тусам улам нэмэгдсээр
HARAGDAACH ZA
DAIN HIIJ HARAGDAACH BAS ZA
PUTINIIG CHII DAINI GEMTEN BOLSON
ODOO NYATAD ULS MONGOLTOI DAIN HIIVEL OROSIIN ARAAS ORNO SHUU ZA
1990 онд монгол улс жинхэнэ тусгаар бие даасан улс болсон.
битгий балайраад бай! толгойгоо ажиллуулж түүхийн бодит нийтлэлийг бүрэн уншиж фото зургуудыг нь үз хөө
KOMMUNISTAAS BOLSON BIZ DEE
Энэ хоролдамба гэдэг алнаас нэг тийм янкуудын гаж өмхий үнэр ханхлаад байх юм. Манай улсыг НҮБ д элсүүлэхэд хамгийн их саад хийсэн садистууд бол АНУ,Их британи тэргүүтэй барууны ноход байсныг бид мартаагүй байна.
ARGAGUI SHDEEA
MEDEEJ
TER UED CHINI MONGOL KOMMUNISTUUD BAISAN