sonin.mn

Манай сайтын болон baabar.mn-ийн нийтлэлч Доржийн Сүхбаатар ээлжит шинэ номоо уншигчиддаа өргөн барилаа. Тэрээр Зөвлөлт Холбоот Улсад суралцаж хуулийн дээд мэргэжил эзэмшиж, төрөлх Хэнтий аймагтаа болон Багануур, Хан-Уул дүүргийн төр-захиргааны байгууллага, Цаг уур, орчны шинжилгээний газарт мэргэжлээрээ ажиллаж, ардчиллын жилүүдэд сэтгүүлчээр (“Ардын эрх” сонин) хүчээ сорьсон, бичих туурьвих авьяастай нийтлэлч, зохиолч, мөн шүлэгч нэгэн юм.


Түүний бүтээлүүд нийгэм-улс төр, түүх, шашин, олон улс судлал, хүний хөгжил гээд өргөн сэдвийг хамардаг бөгөөд энэ номд нэлээд нь багтжээ.


Түүний бүтээл туурьвилын сан хөмрөгт 10 гаруй ном, 500 гаруй өгүүлэл нийтлэл, олон арван шүлэг, дууны үг, уран сайхны өгүүлэл бий. Д.Сүхбаатарын бүтээлүүд ямагт шинийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн, бодрол бясалгал шингэсэн, дэлхийг монголчуудад нээх гэсэн ариун зорилгод үйлчилдэг. 


Энэхүү шинэ номд ч тийм санаа шингэжээ. “Хувирсан монгол хүн” гэж хэн бэ гэдэгт тэрээр “Баатарлаг монгол хүн”, “Хүнлэг монгол хүн”, “Бурханлаг монгол хүн”, “Совмон хүн” гээд бүхэл бүтэн найман зууны түүхийг МОНГОЛ ХҮН дээр жишээлээд бичсэн нь нэн сонин, бас өвөрмөц шинэлэг санаа сэдэл болов уу. “Совмон хүн” гэдэг шинэ нэршил, түүнд өгсөн тодорхойлолт гээд Д.Сүхбаатарын дэвшүүлсэн санаа нь манай сэтгүүл зүй, түүх судлалд нэгэн шинэ санаа өгөх биз ээ.

“Номын гэрэл-Ногоон дэлхий” ТББ-ын Тэргүүнийх нь болон бичих туурьвих ажилд нь амжилт бүтээлийн дээдийг sonin.mn сайтын хамт олон хүсэн ерөөе!