sonin.mn

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.03) нэгдсэн хуралдаан 10 цаг 01 минутад гишүүдийн 53 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудлыг хэлэлцэхээр товлолоо. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу Д.Амарбаясгалан дарга Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийн талаар мэдээлсний дараа “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.8 хувь нь дэмжсэнээр батлагдав. Иймд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан эцсийн найруулгыг танилцуулсан. Энэхүү тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалааг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалааг Эдийн засгийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр баталсан юм.

Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн юм.


Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы хуралдаанд ирээгүй бусад сайд, дарга нараас онцлон "Хотын дарга хаачив" хэмээв.


Мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: "УИХ-ын дарга аа, энэ хотын дарга Х.Нямбаатар гуай хаачсан юм бол? Энэ хүнээс асуулт асуумаар байдаг. Н.Учрал сайд туслах нь юм шиг өмнөөс нь хариулаад байх юм. Хотод амьдардаг хүний хувьд хотын даргаас юм асуумаар байна" гэсэн юм.


УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нь АН-ын НИТХ-ын сонгуулийн төв штабт пиарын зөвлөхөөр ажиллаж буй гэдэг. Энэ ч утгаараа тэрээр УИХ-ын чуулганы индрийг ашиглан, хотын дарга руу дайрч, АН-ын сонгуулийн сурталчилгааг хийх төлөвлөгөөтэй байсан тул Х.Нямбаатар очоогүй тухай эх сурвалж өгүүлж байна.


С.Сарнай