Шинэ тогтвортой цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх тухай хуулийн төслийг Италийн Сенат эцсийн хувилбараар нь дэмжжээ. Энэ тухай Agenzia Nova агентлаг мэдээлснийг Kazinform дамжууллаа. Тус улсын Хүрээлэн буй орчин, эрчим хүчний аюулгүй байдлын сайд Жилберто Пикетто-Фратин мэдэгдэхдээ, хуулийг баталснаар шинэ цөмийн эрчим хүчний технологийн судлах зорилгооор гурван жилийн өмнө эхлүүлсэн үйл явц дуусаж байна гэв.
Хуулийн төслийг боловсруулахад тус салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг татан оролцуулжээ. Хууль хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд засгийн газар дагалдах хууль тогтоомжуудыг гаргах эрхтэй болох юм.
Хуульд зааснаар, цөмийн тогтвортой эх үүсвэрүүд ба халуун цөмийн урвалаас эрчим хүчийг гарган авах, ашиглахад чиглэсэн үндэсний хөтөлбөрийг боловсруулахаас гадна туршилт, байршуулалт, барилгын ажил, эрчим хүчний объектуудыг ашиглах дүрэм журмуудыг тодорхойлжээ. Мөн цөмийн объектуудыг ашиглалтаас гаргах, цөмийн түлштэй харьцах,түүнимйг хадгалах, бүрэн булшлах асуудлуудыг зохицуулна.
Парламентын шийдвэрийг Италийн Ерөнхий сайд Жорж Мелони “зоригтой бөгөөд ухаалаг сонголт” хэмээн үнэллээ. Тэрбээр хэлэхдээ “Итали улс бараг 40 жилийн дараа цөмийн эрчим хүч үйлдвэрлэх эрхзүйн үндсийг дахин тавьж байна. Бид өнөөдөр хөрш улсуудаасаа цөмийн цахилгаан эрчим хүчийг худалдан авч бөгөөд өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй байна. Харин энэ хууль нөхцөл байдлыг өөрчлөх ёстой” гэв.
Цөмийн эрчим хүчний салбарын хөгжил нь эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулах, гадаад улсуудын нийлүүлэлтээс хамаардаг байдлыг багасгах, олон улсын хямрал нь цахилгаан эрчим хүчний үнэд нөлөөлдөг байдлыг бууруулах ач холбогдолтой гэдгийг Мелони онцлон тэмдэглэлээ.
Одоо засгийн газрын хувьд, аюулгүй байдлыг хангах, зөвшөөрөл олгох, цөмийн хаягдалтай харьцах, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахтай холбоотой дүрэм журмуудыг боловсруулах шаардлагатай болж байна.
Б.Адъяахүү
Баасан - 09 сарын 25,
2026
Сэтгэгдэл0