sonin.mn

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 2 жил 7 дахь сардаа үргэлжилж, тэгэх тусмаа фронт ОХУ-ын нутагт дэвсгэрт баттай шилжиж орсонтой холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины unian.net/war сайт, Ateo Breaking портал, шинжээчдийн DeepState сайтаас товчлон орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

 

Хоёр жил 7 сар орчим буюу 930 өдөр шөнө байлдлаа. Үр дүн алга. Гэхдээ хохирлын 60-аас дээш, бараг 80%-ийг Оросын яруу алдарт арми өөртөө үүрч байна. Ateo Breaking ингэж бичжээ:

 

  • Энэ дайныг Орос эхлүүлсэн, үнэндээ ямар ч шалтгаангүй.
  • Шалтаг олсон. Тийм шалтагийг зохиомжлоод гаргаад ирсэн.
  • Орос бол Украинд очиж хэнийг ч хамгаалаагүй, тэгэх тусмаа Донбассынхныг.
  • НАТО-той, эсвэл фашизмтай тэмцээгүй, ариун дайн гэж ойлгуулахыг зорьсон ч оросууд нь хүлээн аваагүй, итгэж үнэмшээгүй, иймд Оросын ард түмнээс дэмжлэггүй.
  • Орос бол зүгээр л Украиныг эзлэн авахыг зорьсон, зарим муж нутгийг эзлэн авч буй.
  • Оросын цэргийнхэн баатарлагаар үхээгүй, эзлэн түрэмгийлэгч учраас устгагдаж байна. Орос бол эзлэн түрэмгийлэгч мөн, хэрэв зөвшөөрч байвал retwееt хий гэжээ.

 

Фронтын мэдээ аль ч талдаа ашигтай гарахгүй, гэхдээ хохирол Оросын талд илүү. Украины дайн явуулах арга тактик, цэргийн номлол, цэргийн байгуулалт Зөвлөлтийн армийн үеийнхээсээ үндсээрээ өөрчлөгдөж, 2.7 жилийн өмнөхтэй эргэж харьцуулбал НАТО, Барууны цэрэг-дайны стандарт руу аль болох шилжиж байгааг олон орны, тэр дундаа оросын өөрийнх нь цэргийн шинжээчид олж харжээ. Оросын явуулдаг дайны арга-тактикаас ялгаатай нь аль болох гамнах, хэмнэх, тэгэх тусмаа цэрэг эрсийнхээ алтан амиар дэнчин тавьж, махан шуургаар давшуулахгүй байх, шинжлэх ухааны ололтыг аль болох цэрэг дайныхаа технологи руугаа шингээх, Оросынхоос давуутай, хөнөөн сүйтгэх хүч чадал илүүтэй зэвсэглэл бүтээхэд чиглүүлж байна. 


Хамгийн сүүлийн үеийн хосгүй зэвсэг нь болох галаар тургидаг дрон фронт дээр оросын байрлалыг ёстой хуйхалж байна. Оросууд нь өөрсдөө гайхаад, өөрсдөөс нь илүү зэвсэг Украин хэзээ ч бүтээхгүй гэсэн сохор итгэлээрээ галд шатаж үхэцгээж байгаа бичлэг сайтуудад олноороо тавигджээ. Бүх юмтай, юутай хээтэй нь тойруулаад галаар хөшиг татчихдаг. Галд бүслэгдсэн орос цэргүүд хүнд байдалд ороод уйлалдаж байгаа ярианы бичлэг ил болжээ. “Шинэ лууны гал” гэж дроноо нэрлэсэн ба Оросын эсрэг бүх фронт дээр ашиглаад эхэлсэн. Ухсан окопны дагуу галаар тургиж юу ч үлдээлгүй шатаадаг шинэ технологийг дайны түүхэнд анх удаа ийнхүү Украин туршжээ.

 

Украины батлан хамгаалах хүчин оросуудыг Нью-Йорк хотын зах болон Харьковын ойролцоох газраас үлдэн хөөжээ. Нью-Йорк, Донецк мужийн Нелиповка, Харьковын ойролцоох Липцы хотод украин байр сууриа сэргээсэн ба Харьков мужид Украины батлан хамгаалахын хүчин 2.5 хавтгай дөрвөлжин км талбайг чөлөөлсөн бол харин оросын зэвсэгт хүчин 1-2 км ухарсан мэдээ байна. Торецкийн чиглэлд Нелиповка дахь гүүрэн гарцыг чөлөөлөх боломжтой болсон тул аажмаар давшина. Донбассын чиглэлд оросын хойд зүгээс Часов Яр, өмнөд зүгээс Селидовог тойрч гарч давшиж чаджээ. Торецк чиглэлд Азовын бригад орсон, Покровск чиглэлд сайн сайн бригадууд очиж Оросын давшилтыг зогсоож чаджээ.

 

Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырский CNN-д өгсөн ярилцлагадаа амжилтуудаасаа нэрлэв.

 

  1. Покровск чиглэлд 7 хоногийн хугацаанд оросууд нэг ч метр урагшлаагүй ба давшилтыг зогсоосон гэж үзэж болно. Энэ чиглэлд оросуудыг маневр хийх, бусад чиглэлээс нэмэгдэл хүч татах боломжийг алдагдуулж чадлаа.
  2. Курскийн тусгай ажиллагааны хувьд Курск хотыг довтолгооны түшиц болгож оросууд ашиглахаас сэргийлж чадсан. Оросын хүчийг өөр бүс нутгаас шилжүүлэхээс өрсөж ажиллаж байна. Курскийг аюулгүйн бүс болгох, олзлогдогсдын солилцооны санг нөхөх, украин дайчдынхаа сэтгэл санааг өргөх талаар ажиллаж байна.
  3. Оросын сул дорой байдал бусад фронт дээр ч мэдрэгдэж эхэлсэн. Ялангуяа их бууны дайралт нь цөөрч байна.
  4. Оросын материаллаг давуу (хүн хүчний, сум галт хэрэгслийн) тал хэвээрээ байгаа тул биднийг илүү ухаалаг, үр дүнтэй дайн хийхэд сургаж байна. Бид тэд яаж байлдаж байгаа шиг байлдаж чадахгүй тул хамгийн үр дүнтэй аргуудыг эрж хайж ашиглах ёстой.
  5. АНУ-ын цэргийн тусламж саатсан нь тулалдааны талбарт бэрхшээл учруулсан. Гэвч тэр саатлыг бид өөрсдөө нөхөж ажиллахыг зорих болно гэжээ.

 

Ийнхүү 3-хан хоногт Украиныг буулгаж авна гэж ороод 3 жил бүх байдгаа бараад, одоо балрах зам руугаа орж байгаа Оросын Европын хэсэг фронт орчмын бүс нутаг болж хувирлаа. Бараг шөнө болгон хаанаас л бол хаанаас украин дрон нисч ирээд Оросын стратегийн түүхий эд ба үйлдвэрлэл рүү нь халдаж байна. Европын Оростоо хамгийн том гэгдэх нефть боловсруулах гурван цогцолбор үйлдвэрийг дэлбэлэх хөнөөл өндөртэй тусгай дропуудаар дэлбэлж шатаажээ. Нефть боловсруулах цогцолбор үйлдвэр гэдэг нь одоо цагт дан ганц оросын өөрийн технологийн ололт биш болсон. Барууны орнуудаас өндөр үнэтэй авсан машин механизм төхөөрөмж бүхий, тэгээд олон жил барьж байгуулсан цогцолборууд ийнхүү шатаж дэлбэрч дуусч байгаа энэ үед оросууд уулга алдах, хэдэн биенээ зэмлэхээс өөр яалтай билээ. Нефть нэрэх, дахин нэрэх үйлдвэр барихад асар их зардалтайгаас гадна технологи нь дан барууных байж таарчээ. Германаас авдаг эд анги, машин гэхэд бүх төрлийн өндөр температурт хайлдаггүй, их даралтын тусгай савнууд, нэрэх тогоонууд гээд жагсдаг. Одоо авахаасаа өнгөрсөн. Нидерландаас бас тийм эд анги, машин тоног төхөөрөмж, тогоо сав авсан. Даралтын хэмжүүр Даниас авсан. Одоо эд бүгд хоригт 60-80 жилээр орсон ба дайны дуусаад энх тайван тогтсон ч оросын нефть боловсруулах үйлдвэрлэл мөд босч ирэхгүй. Чанар нь арай доогуур гээд Хятадын тоноглол авъя гэтэл Хятад нь хоригт орохоосоо болгоомжилж зайгаа барьсан, Хятадын банкууд нь төлбөр тооцоо хийхээс бултсан, энэ янзаараа Оросын дайны машин ба санхүүжилт бүрэн зогсох нь ойлгомжтой болж байна. Аргаа барсан Орос нь Азербайжан, Казахстанаас танк, хуяг, ачааны машиныхаа хэрэгцээнд 100 мянган тонн дизелийн түлш авах тухай бадар барьж гуйсныг нөгөө хоёр түнш нь намрын их ургацын үед гаргахгүй гээд 2025 оны нэгдүгэр сар хүртэл түр хаасан байдалтай байна.

 

Дональд Трамп Украины дайныг хэрхэн зогсоох тухайгаа ярьжээ. “Би ялалт байгуулсныхаа дараа Путин, Зеленский нар руу утасдана. Тэгээд 24 цагийн дотор энх тайвны гэрээ байгуулна. Баррель нь 40 долларын үнэтэй нефтьтэйгээр Путин дайнаа үргэлжлүүлж чадахгүй” гэжээ.

 

Оросын сайн дурын корпусын цэргүүд Украины армитай хамтран ажиллаж Оросын түрэмгийллийн эсрэг хамтран тэмцэж байгаа тухай мэдээ ирсээр байна. Тэдний төлөөлөгчийн ярьснаар, Оросын сайн дуран дайчид Орос орон даяар, мөн Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж, фронтын шугам болон гүн ар талд ажиллаж, Путины дэглэмийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Үр дүн нь нэг л өдөр оросуудын тархинд суутал, оройд нь ортол мэдрэгдэх болно гэжээ.


Англи, opoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь