sonin.mn

-Хятад судлаачдын ярилцлагын төгсгөл хэсэг


Ярилцлагын 1-р хэсэг:


  https://sonin.mn/newsDetail/4849


Ярилцлагын 2-р хэсэг:


 https://www.sonin.mn/newsDetail/4975


Ярилцлагын 2-р хэсэг:


https://sonin.mn/newsDetail/5049


Д.Баярхүү:–Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагаанд “эрдэс баялгийн” шинэ үе шат эхлүүлэх санаа сэдэл бүхий зүйл л бид хоёр яриад байна. Түүх сөхөж үзвэл анхлан америкчууд хөгжлийнхөө гарааны шатанд бүгд л алт олзворлолт руу хошуурцгаасан байдаг. Калифорнийн алт олзворлолтын үеэр овсгоотой сэргэлэн нөхөд алт олзворлох гэж дайраагүй ерөөсөө алт ухах хүрз, гол мөрөн гаталгах завь, бүр алт ухагчдын жинсэн өмд, цангаа тайлах кока-кола зэрэг дагалдах үйлчилгээний ажил эрхлээд, алт олборлогчдоосоо илүү их ашиг олсон гэдэг биз дээ. Түүн шиг манай улс бусдыг дагаж намирах биш, ердөө ганц хоёрхон ашигтай салбарыг барьж хүчээ хаян голлон хөгжүүлээд тэр “хүрзний наймаачид” шиг их ашиг олох боломжтой юм гэдэг санааг дээш нь хүргэх нь Та бид хоёрын ярилцлагын зорилго билээ.

 

Д.Болдбаатар:–Тийм ээ, маш зөв санаа. 1990 оны өмнөх үндэсний бүх үйлдвэрлэлээ сэргээгээд бүх нийтээрээ ажил албатай болоод цэнгэлийн манлайд хүрэх тухай үлгэр ярьж сууснаас ганц хоёрхон давуу, илүү зүйлээ зөв арилжаалаад жаргаж болдог цоо шинэ эрин үед бид ирээд байна. Тийм давуу, илүү зүйл нь Монголын хөрсөн дор, бүр агаар тэнгэрт ч арвин байна. Та бид хоёрын ярьж байсан сэдэв–газрын гүний дулааны эх сурвалж гээд аваад үзэхэд тухайн салбарын технологиор тэргүүлэгч АНУ-тай хамтран газрын гүний дулаанаар ажиллах цахилгаан станцууд олноор нь байгуулах бүрэн боломжтой. Түүнд түшиглэсэн хиймэл оюуны үйлдвэрлэл эрхэлдэг Америк болон бусад улсын томхон компаниудыг үйл ажиллагаа явуулах боломж ч аяндаа бүрдэх нь тодорхой. Америкчуудын хувьд Монголын газрын ховор элемент, бараг өнө мөнхийн гэж болохуйц газрын гүний тогтвортой дулааны нөөц онцгой чухал. Зарим улс орны хувьд газрын гүний дулааны нөөцийг ашиглахын тулд 20-80 км гүн цооног ухах хэрэгтэй. Тэр нь бараг бүтэшгүй зүйл. Харин Монголын хувьд илүү хялбар. Ганц жишээ. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дэвсгэрт орших 200 гаруй галт уулын дор тун магадгүй хэдэн арав, ихдээ хэдэн зуун метр ухаад дэлхийн гүний дулаантай холбогдох магадлал маш өндөр. Ялангуяа галт уулын бэл хормойтой залгалдсан халуун рашаануудын бүс нутаг нь газрын гүний дулааны баялаг нөөцтэй байдгийг анхаарах хэрэгтэй юм байна лээ шүү.

 

Д.Баярхүү:–Таны судалгаагаар биш, энэ маань шинжлэх ухаанаар нотлогдсон 200 гаруй сөнөсөн галт уул уу? Нэг аймгийн ганц суманд 200 уул?


Д.Болдбаатар:–Тийм. Эх сурвалжийг их холоос хайгаад хэрэггүй. “Монголын галт уул, Дарьганга сум” гээд google дээр хайгаад үзэхэд гараад ирнэ. Цаашаа ярья. Өмнөд хөрштэй хамтран ажиллах шинэ боломж ингэж харагдаж байна, надад. Газрын гүний дулааныг шууд ашиглан хот суурингийн дулааны асуудлыг амжилттай шийдэж чадсан Хятад улстай энэ салбарт хамтын ажиллагааг эхлүүлэхийн тулд хоёр талын яриа хэлэлцээ өрнүүлж болно. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг томхон хотуудын дулааны хэрэглээг шийдэх хялбар арга зам, шийдэл чухам энд байж мэдэх юм шүү. Хятад улсын хувьд одоогийн байдлаар Бээжин, Тяньжин зэрэг том хотуудынхаа ахуйн дулааны хэрэглээний чамгүй том хувийг газрын гүний дулаанаар хангаж байгаа жишээг газар дээр нь үзэж судлах хэрэгтэй санагддаг. Цаашлаад газрын гүний дулааныг ашиглан том цар хүрээтэй хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх боломжтой бөгөөд энэ тал дээр арвин туршлага хуримтлуулсан Нидерланд улстай хамтын ажиллагаа эхлүүлж үйлдвэрлэсэн бүтээгдхүүнээ хоёр хөршийн зах зээлд экспортлох, хүн амаа эрүүл хүнсээр хангах өргөн боломж харагддаг.

 

Д.Баярхүү:–Таны яриа онц сонирхолтой байна. Үнэхээр хөгжил дэвшил хаяанд ирчихсэн мэт сэтгэгдэл буухаар. Нэг анхаарах асуудал байна. Манайхны 40 тэрбумын аугаа бүтээн байгуулалт гэж яриад байдаг руу ярилцлагаа холбоё. Энэ маань Пак Жөн Хийн цөөн тооны том компаниудад түшиглэж хөгжих гэсэн Өмнөд Солонгос маягийн зовиуртай хөгжлийн хэв маяг, загвар руу орчих юм шиг сэтгэгдэл төрүүлээд болдоггүй. Та бид хоёрын ярилцлага түүнтэй харшуулаад эдийн засгийн хөгжлийн цоо шинэ, гэхдээ боломжийн хувилбар дэвшүүлэн тавьж байгаа гэж ойлгож байна. Зөв үү?

 

Д.Болдбаатар:–Тун зөв. Миний яриад байгаа энэ санаануудыг болж өгдөгсөн бол Ерөнхийлөгчийн институц гардаж аваад хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж би үздэг. Ноён У.Хүрэлсүх бол өмнө нь Ерөнхий сайд байсан, жаргал зовлон, хэрэгцээ шаардлагаа сайн мэдэх хүн. Олон ч хөтөлбөр дэвшүүлээд ажиллаж байна. Гол нь Ерөнхийлөгчийн ч бай, Засгийн газрын ч бай, аль ч түвшинд манай эрдэс баялгийг зөв хамтран ашиглах ухаалаг яриа хэлэлцээ хийх явдал нэн чухал, бас оройтуулж болохгүй далд санааг минь энэ ярилцлага хүргэвэл сайнсан. Үнэхээр 40 тэрбум долларын тухайд бодитой байдагсан бол маш их мөнгө л дөө.


Таны ажиллаж байсан Египет улс 5 сая хүн амтай шинэ нийслэл байгуулахдаа 40 тэрбум долларын хөрөнгө зарцуулах гэж байгаа тухай нэлээд дээхнэ уншиж байсан. Дэлхийд хүн амын тоогоор 4-рт ордог Индонез улс нийслэлээ шилжүүлэхэд 30 тэрбум доллар зарцуулахаа зарласан байна билээ. Тэгвэл 40 тэрбумаар доллараар 577 том төсөл хэрэгжүүлнэ гээд байгаа нь манайх жижиг улсын хувьд арай ахадсан тоо байж мэдэх юм. Тэдгээрийн хэд нь “цавчаа ногоон автобус”, олон түмний нүдэнд ил өртөөд шүүмжлэл дагуулах болсон “боржурын бизнестэй” төсөөтэй зүйл байж мэдэх вэ гэдгийг ч бодож тунгаамаар санагдана. Би хатуухан хэлчихлээ, уучлаарай.

 

Д.Баярхүү:–Хатуу тусмаа уншигчдын сэтгэлд илүү хүрч, ой тоонд нь орно доо. Газрын гүний дулааны эрчим хүчнээс цаашаа өөр ямар ямар боломжуудыг Та олж харж байна вэ?

 

Д.Болдбаатар:–Одоо бүхий л улс орнууд болж өгвөл хиймэл оюун, цахилгаан машин, түүний батарей, чип үйлдвэрлэл рүү хошуурч байна. Тэдгээрт зэс онцгой чухал ач холбогдолтой, тэр нь манайд арвин их нөөцтэй байна. Бидэнд ил байгаа мэдээллээр. Америкчуудын хувьд сонирхлыг нь асар ихээр татаж мэдэх газрын ховор элемент, газрын гүний дулааны нөөцийн талаар өмнө нь бид хоёр бишгүй ярилаа. Америкчууд Монголын газрын ховор элементийг зөөвөрлөн аваачаад шууд ашиглах боломж одоогийн байдлаар хомс гэдгийг өөрсдөө ч ойлгож байгаа. Харин өөрт буй технологийн давуу талыг ашиглан Монголын газрын гүний дулаанаар ажиллах цахилгаан станц олноор байгуулах тал дээр сонирхол нь давамгайлж байгаа нь бараг тодорхой болов уу. Энэ бол миний итгэл үнэмшил, бас хүсэл. Бас нэг чухал салбар байж болно. Монголчууд бидний хувьд, миний хүсч байгаагаар АНУ-ын талд санал болгох боломжтой нэг салбар байдаг нь жижиг дунд оврын боловч хамаагүй ямар нэгэн чипний үйлдвэр Монголд байгуулах асуудал юм.

 

Тэр бүр Орос, Хятад хоёр үгсээд дандаа хааж боогоод байх боломж бас хомс. Орос тэртэй тэргүй Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаандаа суларч дуусч байна. Араасаа түмэн зовлон дагуулаад нэг хэсэгтээ хүндхэн байна. Хятадад үл хөдлөх хөрөнгийн хямрал нүүрлэх магадлалтай. Том гүрнүүдийн гацаанд орсон харилцаа зөөлөрч л таарна, нэг өдөр. Ер нь ч харилцаагаа сайжруулах талын яриа хэлэлцээ далдуур явагдсаар байгаа нь ч тодорхой.

 

Тийм болохоор бид ойрын үед Монгол, АНУ хоёр орны хооронд нээгдэх магадлалтай агаарын шугамаар дамжуулан Монголд үйлдвэрлэсэн чипийг Америкийн зах зээлд гаргаад байх боломж бүрдэж л таарна. Чипний үйлдвэрлэлд байгаль орчны цэвэр ариун, онгон дагшин байдал онцгой чухал гэдгийг бодолцвол манай Хөвсгөл, Архангай, Булган зэрэг хангайн бүсийн нутгууд маш тохиромжтой байж таарна. Тиймэрхүү цэвэр орчинд үйлдвэрийн суурь тавиад мэс заслын өрөөнөөс 100 дахин илүү цэвэр орчинг үүсгэж үйлдвэрлэл явуулдаг гэхлээр Монгол маань Америкийн болон уг үйлдвэрлэлийн технологийн нөхцөлд яах аргагүй тохирч таарна. Дээр нь эцсийн бүтээгдхүүнийг агаараар тээвэрлэх бүрэн боломжтой. Удахгүй явагдах Монгол-Америкийн Засгийн газар хоорондын хэлэлцээн дээр энэ асуудлыг дэвшүүлэн тавих бүрэн боломжтой юм.

 

Ач холбогдол нь юу юм гэдэгт олон тайлбар хэрэггүй. Хэрэв америкчууд Монголд жижиг дунд оврын чипний үйлдвэр байгуулаад өгчихвөл тэдний хувьд монголчууд ноолууран цамц, эсгий таавчигаа Америкийн зах зээл дээр гаргаж байгаагаас өөрцгүй жижиг л асуудал. Харин Монголын хувьд чипний үйлдвэртэй болчихвол Оюутолгой, Тавантолгойгоос олдогоос дутуугүй том орлогын эх үүсвэр нээгдэж мэдэх юм шүү.

 

Энэ ярилцлагад Америк, Хятад хоёр их гүрний том өрсөлдөөн дунд Монгол Улс ямархуу байр суурь баримтлан гурван талын эрх ашгийн тэнцвэрийг оновчтой тогтоох боломжийн талаар би санаа бодлоо ярьж байна. “Хоёр их гүрний дунд хавчуулагдсан Монгол бол дэлхий дээр аюулгүй байдал нь хамгийн сайн баталгаажсан улс орон юм. Америкийн бараг бүх түншүүд ирэх сонгуулиар Трамп дахин сонгогдоод гараад ирэх вий хэмээн айж түгшиж байгаа. Харин Америкийн түншүүд дундаас ганц л улс айхгүй санаа амар байж болох нь Монгол гэж хэлж болно. Яагаад гэвэл тэнд Америкийн хувьд маш том эрх ашиг оршиж байгааг Трамп ч гэсэн сайн ойлгодог болохоор тэр л дээ” хэмээн хятадын нийгмийн сүлжээнд нэг блогчин бичсэн нь миний анхаарлыг гойд татсан. Тэр утгаар Монгол нь АНУ-ын хувьд хэн бэ, Хятадын хувьд хэн байх вэ гэдэгт санаа сэдэл өгөх, анхааралдаа зайлшгүй авах Монголын тэр давуу талыг санаж яваасай гэсэндээ яриад байна.


Д.Баярхүү:–Тэр ойлгомжтой. Чухал чухал санаа оноог Та гаргаад байна. Байгалийн нөөц баялаг гэснээс Хятад бол том хэрэглэгч гэдгийг бид мэднэ. Тэр хэрээрээ бас том нөөцлөгч нөөц бүхий улс биш бил үү? Экспортлогч байснаа импортлогч улс болж хувирах тухай элдэв таамаг ч бас байдаг.

 

Д.Болдбаатар:–Тийм. Хятадын газрын ховор элемент ердөө 15 жилийн ашиглалтын нөөцтэй үлдсэн. 2050 он гэхэд Хятад улс газрын ховор элементийн том импортлогч орон болох тухай би саяхан хятадын хэвлэлээс олж уншсан. 1994 онд Хятад нь олборлосон газрын тосныхоо 10 хувийг гадагш экспортлодог байсан шүү дээ. Гэтэл одоо дэлхийн хамгийн том газрын тос импортлогч орон болчихоод байгааг бодолцож үзвэл дээрхи таамаглал үнэний ортой байх магадлал өндөр юм. Өөрөөр хэлбэл тун ойрын ирээдүйд Хятад улс хүссэн ч, эс хүссэн ч Монголын газрын ховор элементийг импортлогч орон болон хувирна. Тэр үеийг угтан хараад манай улс газрын ховор элемент олборлох, боловсруулах талын чадварлаг мэргэжилтнээ олон арваар нь, бүр хэдэн зуугаар нь сургаад бэлтгээд авсан байх хэрэгтэй юм л даа. Тэгэхгүй бол эд мэдэхгүй хүн эдийн нэрийг гутаана гээч болох вий. Үнэндээ Хятадын газрын ховор элементийн нөөц баялаг их байх үед дийлэнхийг нь япончууд худалдан аваад хав дарчихсан гэлцдэг. Хятадууд тэнэгтээ тэгж айхтар алдаагүй байж таарна. Гол нь түүхий эдийнхээ үнэ цэнийг төдийлөн сайн мэддэггүй, дээр нь холбогдох нарийн мэргэжлийн боловсон хүчин хангалтгүй байсантай холбоотой биз. Газрын ховор элементээс гадна Хятадын коксжих нүүрсийг бас л маш хямд төсөр худалдан аваад манай 5 давхар угсармал байшингийн дайтай том төмөр бетонон хоолойнуудад хийж битүүмжлээд Нагояагийн булан дахь далайн усанд давхарлаж хураагаад дээгүүр нь битүүмжлэн бэхлэж хиймэл арал байгуулчихсан гэдэг. Хятадын блогчид өөрсдийн тэнэгийг гайхаж, япончуудыг муу санаатай хэмээн харааж зүхдэг нэг жишээ энэ л дээ. 

 

Манай улс төрчдөд геополитик талын ойлголттой хүмүүс ер нь ховор талдаа тул бид хоёрын ярилцлага энэ тал дээр гайгүй салхи сэвэлзүүлэх байх гэж бодоод би ил цагаан зоригтой ярьж байна. Бид газрын дулааны энергийн баялаг нөөц, газрын ховор элемент гэсэн хоёр том тамга хөзөр атгаад сууж байгаа азтай ард түмэн. Түүний дэргэд алт, зэс, нүүрс хүртэл жижиг юм гэдгийг товойлгож өгөх гээд яриад байгааг минь тэд ойлгоосой билээ. Калифорнийн их сургуулийн Беркли дэх салбар сургуульд нүүрснээс бензин гаргах жижиг оврын үйлдвэр байгуулсан жишээг би эшлэсэн. Хоногт 1000-5000 тонн газрын тос нэрж евро стандартын бензин үйлдвэрлэдэг жижиг оврын үйлдвэр 10 сая долларын өртөгтэй гэж. Монголын 5 бүсэд нэг нэг байхад шатахууны хэрэгцээг дотооддоо бүрэн хангахаар төсөл шүү дээ. Ердөө 50 сая доллараар. Ер нь Америкийн шатахуун үйлдвэрлэлийн 50 хувийг, Японы шатахуун үйлдвэрлэлийн 37 хувийг 50 мянгаас 100 мянган тонны хүчин чадалтай жижиг оврын үйлдвэрийн бүтээгдхүүнүүд эзлэдэг. Эндээс их энгийн логик харагдаад байгаа юм. Нэг том үйлдвэрт шатахуун үйлдвэрлэчихээд өргөн уудам нутаг даяар тараавал эдийн засгийн хувьд хичнээн алдагдалтай байх вэ? Тэгсний оронд хямд төсөр газрын тосыг бүс нутгууд руу хүргээд тэндээ нэмүү өртөгтэй шатахуун үйлдвэрлэж хэрэглэгчдэд ойр дөт, хурдан шуурхай хүргэвэл тэр хэрээр хямд төсөр байж таарнаа даа. Дорноговьд ганц газрын тосны, Америк, Японд ч томд тооцогдох үйлдвэр байгуулчихаад түүнийгээ алс хязгаарын бүс нутгуудад хүргэнэ гэснээс Орос, Казахстанаас шууд бэлэн бүтээгдхүүн худалдан авсан нь илүү хямд төсөр тусаж таарна. Манай тог цахилгааны үйлдвэрлэл дээр ч ийм л дүр зураг харагдаад байдаг. Тайширын усан цахилгаан станц ганц аймгийн цахилгааны хэрэгцээг бүрэн хангах хэмжээний хүчин чадалгүй. Тэндээс үйлдвэрлэсэн цахилгааныг захын сумдад хүргэх гэж зарим талдаа 900 км цахилгааны шугам татсаны алдагдал 25-30 хувьтай байдаг тухай бас л хятадын хэвлэлээс уншиж байсан. Манай мэргэжлийн хүмүүс ч энэ асуудлыг их шүүмжилдэг шүү дээ. Ер нь бүсчлэн хөгжүүлэхийн утга чанар иймэрхүү асуудлыг нааштай шийдэхэд орших болов уу гэж боддог.

 

Д.Баярхүү:–Ярилцлагын төгсгөл рүү оръё. Геополитикийн сэдэв хөндөе.


БНХАУ-ын Дэд дарга манай улсад айлчлан ирж байна. Үүнд хамаатуулах гэсэн санаа бидэнд байхгүй. Гэхдээ мэдээлэл байна. Хятадын албан бус байр суурь ингэж өгүүлж байна хэмээн улс төрд тун ойр нэг шавь маань хэлж байна билээ. Юу гэвэл “Иж бүрэн стратегийн түншлэлтэй хоёр хөрш бол гадаад бодлого, олон улсын харилцааны бүх асуудал дээр иж бүрэн, нэгдмэл, нэг байр суурьтай байх ёстой” гэх шахуу ярьж тулгаж шахдаг болсон гэх мэт. Тэр үнэн үү? Хятадын нөгөөх фээс бүлгийн постууд дотор цухалзаж байна уу?


Хойд хөршийн Гадаад хэргийн сайд, цаашлаад ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, бүр Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга нь хүртэл биднийг ШХАБ-д жинхлэх хэрэгтэй гэж нэр цохон уриалж шаардаж байсныг бид мэднэ. Тэдний шаардлагыг дэмжсэн мэт өмнөд хөрш албан бусаар шүүрч авч нэмэрлээд “Монголчуудад гуравдагч зам гэж байхгүй, Монголчууд тэр “гуравдагч хөрш” гэж нэрлэсэн явуургүй, өөрийгөө дөнгөлсөн дөнгөөсөө салах хэрэгтэй” гэж зөвлөсөн явдал байна уу? Хятад судлаач өөр нэг шавийнхаа оруулсан постоос би тэгж олж уншлаа.

 

Д.Болдбаатар: Миний бие бага залуугаасаа хоёр талын болон олон улсын хурал чуулгануудад чамгүй олон удаа орчуулга хийж явсан. “Гуравдагч хөрш” гэдэг ухагдхууны талаар хятадууд ихэд гайхсан ойлгож ядсан янз байдал эхний үеүүдэд харагддаг байж билээ. Сүүлийн үед Хятадын удирдагчдын олонтаа ярьж бичих болсон “Хүн төрөлхтөний хувь тавилангийн хамтын цогц” хэмээх тэр ухагдхуун чухам юу болох талаар яг ийм зүйлийг хэлж байгаа юм гээд барим тавим хэлчих хүн манай хятад судлаачдын дунд хэд байгаа бол? Манай Монголын “Гуравдагч хөрш” гэдэг бол яг л түүнтэй төсөөтэй сонирхолтой ойлголт л доо. Сүүлийн үед Хятадын тал “Гуравдагч хөрш” гэдэг ухагдхууны талаар ихэд эмзэглэсэн янз байдал илэрхий мэдрэгдэх болсон. Түүний өөдөөс манай улс төрчид “Орос, Хятадтай харилцах бол манай гадаад харилцааны тэргүүлэх чиг шугам мөн. Түүний сацуу Монгол Улс Америк, Япон тэргүүтэй бусад улс орнуудтай эрх тэгш харилцах нь Та бүхний дэвшүүлэн тавьдаг “Хүн төрөлхтөний хувь тавилангийн хамтын цогц” гэсэн ухагдхуун лугаа яв цав нийцэж байгаа хэрэг юм” гээд тас няс хийтэл хэлчихэж яагаад болохгүй байх билээ.

 

Ерөөсөө олон улсын туйлын амаргүй өнөөгийн нөхцөлд Монгол улс ШХАБ-т элсэхгүй, бас үзэл санааны эрхэмлэдэг үнэт зүйл ижил гээд өрнөдийн том гүрнүүдийн талд шууд орчихгүй жинхэнэ төвийг сахисан ухаалаг бодлого баримтлах учиртай. Одоогийн байдлаар тийм байр суурин дээр байсаар байгааг би судлаачийн хувьд их дэмждэг. Учиргүй хэн нэгэнтэй нь илүү наалдаж ойртох хэрэггүй л болов уу? Хүн хоорондын харилцааны хувьд ч эвлэгхэн зохистой зай барьж харьцаад байгаа хүн өөрийн эрхгүй бусдын хүндлэл хүлээдэг гэдгийг бодууштай. Гол нь өөрийн орны онцлог нөхцөл байдалтай уялдсан гадаад бодлогын тулгуур зарчмаа барьж ажиллаад байхад тэр болгон учиргүй айхтар дарамт шахалт ирээд байх нь юу л бол. Энэ бол зөвхөн миний хувийн бодол шүү. Яг гал тогоонд нь ороод ажиллаж байсан хүний хувьд Та илүү сонирхолтой зүйлсийг өгүүлэх байх аа.

 

Д.Баярхүү:–Ингэсгээд ярилцлагаа төгсгөе. Илүү сонирхолтой гэдэгт хариулт өгнө. Гэхдээ тийм сонирхолтой байж чадах эсэхийг мэдэхгүй. Эшлэл авна. Харин Та ярилцлагын төгсгөлд базаж дүгнээд хэлэх санаа юу байна вэ?

 

Д.Болдбаатар:–Хятадын нийгмийн сүлжээн дээр Монгол Улсыг гутаан доромжилсон, манай улсын тусгаар тогтнолыг үгүйсгэсэн нийтлэл, мэдээлэл, сэтгэгдлүүд арвин байдаг л даа. Ой мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай байдаг юм хойно хувь хүн өөрийн сэтгэгдлийг илэрхийлээ биз гэж бодоод дуугүй өнгөрдөг байсан. Харин энэ удаа манай Монголын нүүр номд тодорхой бүлэг этгээдүүд ижил төсөөтэй үйл ажиллагааг олон өдөр, олон сарын турш давтан давтан явуулаад байгаагийн хариу няцаалт болгож Тантай ярилцлага хийхдээ мөн л зөвхөн судлаачдын байр суурь үзэл бодлоо илэрхийлсэн болохыг тэмдэглэмээр байна. Би урьд өмнө цөөнгүй ярилцлагадаа “Сайн муу удирдагч гэж байхаас бус муу ард түмэн гэж байдаггүй” хэмээн хэлдэг байсан. Тэр байр сууриа одоо ч давтахыг хүсч байна. Нөгөө талаар олон үеийнхний шургуу хүчин чармайлтаар өдий зэрэгт хүрсэн Монгол-Хятад хоёр орны найрсаг харилцаа цаашид эрүүл, зөв чиг хандлагаар хөгжөөсэй. Ганц нэг гажууд зүйлс гарвал түүнийг газар дээр нь даруй түргэн засах юмсан гэдэг бодол өвөрлөж явдагаа нуух юун.

 

Ковидын үеэр тайванийн нэг хэвлэлд Монгол Улсыг “Дорнод Азийн Ойрхи Дорнод–Монгол Улс” хэмээн нэрлэсэн байж билээ. Өөрөөр хэлбэл манай улс байгалийн асар их баялагтай болохыг олон улсад нэгэнт хүлээн зөвшөөрсөнийг дээрхи нэршил харуулж байгаа хэрэг. Үнэндээ Ойрхи Дорнодтой зүйрлэмгүй их баялаг байгаа нь эргэлзээгүй юм.


Гол нь тэр их баялгийг зөв зохистой ашиглаж, ард түмэндээ үр шимийг нь хэрхэн тэгш шударга хүртээх вэ гэдэгт л асуудлын учиг оршиж байгаа. Нүүрсийг аж үйлдвэрийн талх, газрын ховор элементийг аж үйлдвэрийн амин дэм хэмээн нэрлэдэг. Тэгвэл эрчим хүчний баялаг нөөцтэй улс орон олон улсын тавцанд үг хэлэх илүү давуу эрхтэй болж байгаа нь ч нууц биш ээ. Манай улсад аж үйлдвэрийн амин дэм болсон газрын ховор элементийн нөөц маш баялаг их юм байна. Түүн дээрээ түшиглэн Хятад улстай өргөн хамтран ажиллая. Өөрт байгаа газрын гүний дулааны нөөцөндөө тулгуурлан уг салбарын технологиор тэргүүлэгч АНУ-тай түлхүү хамтран ажиллая. Америктай хамтран газрын гүний дулаанаар үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчинд тулгуурлан хиймэл оюуныг хөгжүүлэх паркуудыг байгуулж дэлхийн тэр чиглэлийн томхон компаниудын ирж ажиллах нөхцлийг бүрдүүлье гэдэг гол санааг дэвшүүлэн тавьсаныг Та бид хоёрын ярианаас манай уншигчид, ялангуяа эрх баригчид, төрийн түшээд сайтар ухааран ойлгосон байх аа. Үнэхээр 40 тэрбум доллар нь байгаа бол одооноос тэр чиглэлийн дэд бүтцийг байгуулах тал дээр ажиллавал яасан юм бэ гэдэг далд санаа ч яваад байгааг гярхай хүн бол ажиглахаар л даа.

 

Ер нь ганц энэ сэдвээр хязгаарлагдахгүй цаашид түүх уламжлал, гүн ухаан, шашин соёл, төрийн тогтолцоо зэрэг өргөн сэдвээр иймэрхүү сонирхолтой ярилцлага хийж яагаад болохгүй байх билээ. Уншигчид маш идэвхтэй уншаад санал сэтгэгдлээ илэн далангүй илэрхийлж байгаа нь надад тийм бодол сэдэл төрүүлсэн. Та Америкийн зохиогч сэтгэгч С.Хантингтоны “Иргэншил хоорондын мөргөлдөөн” номыг орчуулалцаж, ерөнхий редакц хийснийг манай уншигчид сайн мэдэх буй за. Тэгвэл Хантингтоны соёлын талаар бичсэн том бүтээл хятад хэлэнд орчуулагдан гарсан байна лээ. Би түүнийг олж аваад унших номын жагсаалтад нэлээд дээгүүр байранд залчихсан байгаа.  

 

Д.Баярхүү:–Эшлэл авна гэснээрээ дор төгсгөх үгээ орлуулъя. “Хятад улс дэлхийн улс орнууд өөр өөрсдийн хөгжих замыг сонгох эрхийг хүндэтгэж ирснийг олонтаа мэдэгдэж байсан. Бид өөрсдийн үзэл бодлыг бусдад тулган хүлээлгэхгүй. Бид Монгол Улс болоод хөрш орнуудаа хамтдаа хөгжих сайн түнш, энх тайван тогтвортой байдлыг сахин хамгаалах сайн найз гэж үздэг. Бид дийлэнх хөршүүдтэйгээ түншлэлийн харилцаа тогтоогоод байна. Цаашид ч хөршүүдтэйгээ найрсагаар харилцах, түнш болох зарчмыг барьж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, баян чинээлэг болгох бодлогыг баримтална. Бид хөршүүдтэйгээ харилцахдаа эвтэй найрсагаар, чин сэтгэлээсээ, үнэнч шударгаар хандаж эвсэг хөрш, амгалан хөрш, баян хөрш байх бодлого баримтална” хэмээн 10 жилийн өмнө БНХАУ-ын дарга Си Жиньпин УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаанд хэлсэн үгэндээ тэмдэглэсэн билээ. Арван жил гэдэг нэг талын богино хугацаа. Нөгөө талын урт хугацаа. Энэ 10 жилд Монгол маань өмнөд хөршийнхөө итгэлтэй найрсаг түнш нь хэвээрээ байсаар ирсэн. Хэн ч маргахгүй. Хөгжлийн замаа сонгох эрхээ эдэлсээр байна. Тийм хөгжлийн замын сонгодог жишээ нь “Гуравдагч хөршийн бодлого” хэмээн үздэг. Нийгмийн байгуулал ба засаглалын хэлбэр өөр өөр байгаа ч тэр нь Монгол-Хятадын харилцаанд огтхон ч саад бэрхшээл учруулахгүй. Монголчууд ардчиллын замаасаа ухрахгүй. Монголын Төр ард түмэндээ хатуу хяналт тавьж албадаж цагдах ямар ч нөхцөл үгүй. Энэ бол бас л сонгон авсан хөгжлийн зам маань. Аль ч өнцгөөс харсан Монгол нь эвсэг хөрш, амгалан хөрш нь хэвээрээ л байна, харин баян хөрш байх замын бэлчирт байна. Ер нь аливаа их гүрэн их гүрэн байх тусмаа, хөгжил дэвшил нь жигдрэх дээшлэх тусмаа уужуу талбиу байх ёстой юм л даа. Үүнийг ойлгуулахад л Та бид хоёрын ярилцлага чиглэлээ. Танд талархлаа илэрхийлье. Судалгааны ба соён гэгээрүүлэх ажил үйлсэд тань амжилт хүсэн ерөөе!



Д.Баярхүү