sonin.mn

КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 28 /NHK/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцээ хийх үеэрээ улс орондоо аюулгүй байдлын баталгаа авахыг хүсэж байгаагаа мэдэгджээ.


Хоёр удирдагч ням гарагт буюу өнөөдөр АНУ-ын Флорида муж улсад уулзах бөгөөд Зеленский, Трамп нар Орос, Украины дайныг зогсооход чиглэсэн энхийн төлөвлөгөөний гол заалтуудыг хэлэлцэх төлөвтэй байна.


Зеленскийн нисэх онгоц бямба гарагт Украинаас хөөрсөн байна. Нислэгийн үеэр тэрбээр аудио холбоогоор дамжуулан сэтгүүлчдэд хэлэхдээ, хоёр удирдагч шийдэгдээгүй үлдсэн бүх асуудлыг шийдэхийн төлөө ажиллах ёстой гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Украины газар нутагтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд ахиц гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, АНУ-аас харилцан тохиролцож болох санал ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна. Оросын тал Украиныг газар нутгийн хувьд буулт хийхийг шаардаж байгаа юм.


Зеленский хэлэхдээ, Украины хувьд аюулгүй байдлын найдвартай баталгаа байгаа эсэх нь хамгийн чухал хүчин зүйл гэдгийг онцлов. Хэрэв Ерөнхийлөгч Трамп үүнийг хүлээн зөвшөөрвөл талархах болно гэж тэрбээр хэлжээ.


Бямба гарагт Украины нийслэл Киев хот дахин Оросын томоохон довтлолтод өртжээ. Киев хотын дарга Виталий Кличкогийн мэдээлснээр, нэг хүн амиа алдаж, 30 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн хотын барилгын гуравны нэг орчим нь халаалтгүй болжээ.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг