sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 28 /Reuters/. АНУ-ын зүүн хойд нутгийг цас, мөстсөн бороотой хүйтэн шуурга дайрч, баярын дараах амралтын өдрүүдэд агаарын тээврийн үйлчилгээнд саатал үүсгэсэн байна. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас Нью-Йорк, Нью Жерси муж улсуудын эрх баригчид онц байдал зарлажээ.


АНУ-ын Үндэсний цаг уурын албанаас Нью-Йорк, Коннектикут муж улсуудад цас, мөстсөн бороотой шуурга шуурахыг анхааруулсан байна. Лонг-Айленд, Гудзоны хөндийг оролцуулан зарим бүсэд 30 см хүртэл цас орох төлөвтэй байгаа аж.


Нью-Йорк муж улсад 2022 оноос хойш ороогүй их хэмжээний цас орж магадгүйг захирагч Кэти Хочул анхааруулжээ. Цас их орох оргил үед цагт 5 гаруй см цас орох төлөвтэй байгаа бөгөөд зарим бүсэд цас, мөстсөн бороо орж магадгүй байна. Пенсильвани муж улсын томоохон хэсэг, Массачусетс муж улсын ихэнх нутагт, Нью-Жерсигийн томоохон хэсэгт шуурганы сэрэмжлүүлэг гаргажээ. Эдгээр газруудад мөн онц байдал зарласан байна.


Нью-Йорк муж улсын баруун нутагт баасан гаргийн оройноос эхлэн цас орж, бямба гарагт ширүүсжээ. 


FlightAware-ийн мэдээлснээр, АНУ-д баасан гарагт дотоодын болон олон улсын чиглэлд 1600 гаруй нислэг цуцлагдаж, 7800 гаруй нислэг хойшлогдсон байна. Нислэгүүдийн ихэнх нь Нью-Йорк хотын гурван том нисэх онгоцны буудал болох Жон Ф. Кеннеди, Ньюарк Либерти, ЛаГуардиядад цуцлагджээ. Үйл ажиллагаанд нь саатал гарч болзошгүйг нисэх буудлууд урьдчилан анхааруулсан байна.


Бямба гарагт 650 орчим нислэг цуцлагджээ. American Airlines, United Airlines, JetBlue Airways компаниуд шуурганы улмаас аяллын төлөвлөгөө нь тасалдаж болзошгүй зорчигчдын захиалгаа өөрчлөх хураамжийг тэглэсэн байна.


Нью Жерси, Пенсильвани муж улсуудад зарим авто зам, тэр дундаа муж хоорондын хурдны замууд дээр арилжааны тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон байна. Эрх баригчид шуурганы оргил үеэр зорчихгүй байхыг зөвлөжээ.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг