sonin.mn

Сахилгагүй, сэргэлэн, хүн егөөдөж, явуулсан, хурдан шалмаг, найрсаг хөгжилтэй ахтай анх 37 жилийн өмнө, 1987 оны намрын нэгэн налгар сайхан өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын Ферм багийн Уртын голын Цагаан толгойн өвөлжөөний малын саравчтай хашаа барьж байхдаа танилцжээ. Түүнээс хойш манай малаас туулцаж, нүүлгэлцэж, бригадын төвийн цагаан байшинд баяан даран бүжиглэцгээж, чонын авд явцгааж, ах дүүс мэт дотносож, юм юм л болж байв. Р. Баттөмөр ахыг тэр үед шүлэг найраг бичдэг гэж ёстой санасангүй. Өөрөө ч энэ талаар нэг ч сэжүүр өгч байсангүй. Хааяа тааралдахаараа баахан маазарч, наргиж хөгжилдөнө. Гэтэл тэр үеэс ч төө өмнөөс шүлэг найраг бичиж байжээ. Бүр зүгээр нэг толгой мөр холбох төдий биш, үг нь цэцтэй, утга тодорхой, уянга эгшигтэй найраг шүлгүүдийг олон жилийн турш уйгагүй бичсээр байсан байх юм.


Монгол хүнд нэг онцгой чанар байдаг нь нутаг амь.

Атираат мянган уулсынхаа оргил тэргүүнд сөгдөж

Алтайн өндөр давааг мацасхийгээд нэг давах сан

Адуун сүргийн манлай ижил хоёр шаргаараа

Аглаг цэнхэр нутгаа дуулсхийгээд нэг туулах сан

Манант шаргал талынхаа чулууг нэг үсчүүлж

Малын тоостой зөргөөр дураараа нэг давхих сан

Мандах нарны туяатай уралдан дөрөө мулталж

Манан хөөрөг зөрүүлж өвгөдтэй нэг тамхилах сан


Ийм гэгээн хүсэл нутгаа гэсэн бүхний цээжинд бий. Гэхдээ хүслээ, сэтгэлээ, мэдрэмжээ найраг шүлэг болгодог нь ховор. Баттөмөр ахын найраг шүлгийн нэг онцлог нь энэ нутаг амь. Нутгийнхаа бараг бүхий л уул хайрхан, дов толгодод шүлэг зориулжээ. Мөр бүхнээс нь нутгаа гэсэн халуун бүлээн сэтгэл нэвт гэрэлтэнэ. Алагхайрхан, Цагаанморьт, Бүсхайрхан, Барзан хайрхан, Цагаанморьт, Айлын цагаан гээд хайрхадуудаа зүгээр нэг магтсангүй, дүр төрхийг нь тодруулан зурахын зэрэгцээ хайрхадтай холбогдсон халуун дурсамжаа гэгээн гунигтай сүлэлдүүлэн бичжээ.


Зандан хүрэн тэмээд нь тахьтай ижилсэж салхилсан

Заг, тооройн шугуйд нь үхэр, мал тааваар идээшилсэн

Зараа, голио царцаа зам сүлжин исгэрэлдсэн Алагнуурын говь, Тахийн тал, Говь-Хонин усны говь, тал нутгаа ч орхисонгүй. Ер нь Бугат нутаг их уулс, их тал, их говь хосолсон үзэмж төгөлдөр нутаг билээ.


Үүлс орооцолдсон хайрхад нь

Үлгэрийн баатар шиг ханхайсан

Үлэмжийн тансаг нутгаа би

Үгээр урлаж дуусахгүй ээ... хэмээн шүлэглэжээ. Үнэхээр ч тийм...

Алганы минь хонхорт үлдэж хоцорсон


Атгахан арвай шиг уулын бяцхан суурингаа ч халуун дотноор дурсан шүлэглэжээ. Бяцхан сумын төвөө алганы хонхорт үлдэж хоцорсон арвайтай зүйрлэж сэрж мэдэрсэн нь эмзэг. Р.Баттөмөр ахын шүлгийн сэдэв зөвхөн нутаг усаар хязгаарлагдсангүй. Хүмүүний амьдралын ухаарал, гуниг харуусал, зовлон жаргалын аялгуу ч сонсогдоно.


Онолын ном заалгаж орчлон ертөнцийг таниагүй ч

Огторгуйн эрхэс ажин өдөр, хоногоо шинжиж

Нүүдэл суудлаа товлож, нүнжиг буянаа эдэлсэн

Нүдэнд дулаахан, нөмөртэй буурал өвгөд минь

Хүж алаг хорвоод өтлөхгүй юм шиг ханхалзавч

Хүмүүн ёсноос гажиж хазгай гишгэж яваагүй

Хүнлэг зангаараа ч хүний хайлан, эрхэм чанартай

Хүслийнхээ дээдээр жаргасан хүглэгэр хөх өвгөд хэмээн нутгийнхаа хөх уулс шигээ дүнжгэр егзөр хөгшдөө зураглаж,

Бурам ааруул ялгахгүй

Босон суун бумбалзсан

Будаа түүдэг болжмор шиг

Булбарай бага насаа ч шүлэглэжээ.

Будаа түүн бумбалзах булбарай бага насных нь гэгээн дурсамжууд найраг шүлгийн мөрүүд болон эгшиглэнэ.

Ээжийнхээ тухай олонтаа шүлэглэсэн байна. Гарсан орсон бүхнийг эвийлсэн, идээ ундаагаа дэлгэсэн сайхан хөгшин байсныг мэдэх юм.

Цантай буурал сар өеөдөж хэвтчихээд

Цас хялмаалаад жихүүн байна ээжээ

Чөмөг царцаам идэр есийн хүйтэнд

Чөдөртэй морь шиг л явна даа хүү чинь

Бурхан ээжгүй болсон, бурхан ээжийгээ үгүйлэн санасан хүүгийн гансралыг ийн тод яруу илэрхийлсэн байна. Нээрээ л ээжгүй болсон орчлонд сар хүртэл өеөдчихдөг, бүлээн салхи хүртэл жиндүүлдэг, явъяа гэсэн ч чөдөртэй мэт эргэцсэн байдаг даа.

“Сарны нулимс” шүлгэндээ,

Болор тунгалаг нулимс нь хүртэл

Борооны үүл шиг хээтэй байлаа гэжээ. Яруу найргийн гялалзсан тод мөр. Байгал ертөнцийн алив үзэгдэл, юмсыг хүнчилж харж, зовлон жаргал, гуниг ганцаардлыг нь сэрж мэдэрч буй найрагчийн дотоод мэдрэмж. Саран ахай,

Нарнаас нуугдаж нулимсаа сөгнөхөд

Намираа бороо болж асгардаг гэнэм...

Угтаа энэ үнэн гэдэгт би эргэлздэггүй ээ.

Намрын тухай, хагацлын тухай, хайрын тухай ч шүлэглэжээ. Тэр бүү хэл,

Нам чи юу юм

Нарнаас цацарч дэлхийг гийгүүлдэг илч билүү

Намираа бороотой орсон шимсэн билүү

Нутгийн минь хөрсөнд ургасан цэцэг сэн билүү

Нуурын минь усанд хөвсөн хун сан билүү

Нам чи юу юм... гэсэн улс төрийн агсамнал ч байна.

Улс төржилт, туйлшралыг хараад, энэ чинь арын асганд ургасан ганц цэцгийн үнэтэй билүү дээ гэж эрхгүй бодогддог доо.

“Сэлгээ цагаан орчлонгийнхоо аясыг таах гэж” утга түшиж, уянга хөглөн мөр тэрлэх эрхэм ахдаа уран бүтээлийн онгод хиймортой байхыг хүсэн ерөөе.

Ингэн буйлаанд нь уярахдаа,

Эргэхээ мартаад шувууд нь өвөлждөг нутагтаа,

Эвий муу хөрзгөр бор ах минь

Эргэж хургасаар л сууна уу даа.



Б.Номинчимэд

2024 оны 7 сарын 5-ны өдөр.