sonin.mn

ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч М.В.Захаровагийн “Российская газета”-д нийтлүүлсэн өгүүлэл.


Долдугаар сарын эхээр ер бусын сэдэвтэй ердийн нэгэн үйл явдал болсон нь хиймэл оюун ухаанд тулгуурласан мэдээлэл, харилцаа холбооны технологийн сэдвээр хийсэн Гадаад хэргийн яамны Коллегийн хуралдаан байв. Хэдийгээр хэвлэлд нийтлэгдсэн мэдээлэлд хуралдааны үр дүнг нэгтгэн дүгнэсэн боловч үнэн хэрэгтээ энэ нь тус салбар дахь өргөн хүрээтэй, эрчимтэй ажлын эхлэлийг л тавьсан юм.


Хуралдааны үеэр өрнөсөн ярилцлага нь яамны хүрээнд нухацтай хэлэлцүүлгийг өрнүүлж, хиймэл оюун ухааны (ХОУ) өргөн гүн гүнзгий сэдвийн олон улсын хэмжигдэхүүн дэх зорилтуудыг салбарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх үйл явцыг эхлүүлсэн хэрэг байлаа.

Хэлэлцүүлгийн олон нийтэд зориулсан хэсэгт би дижитал өөрчлөлтийн улс төрийн суурь нөхцөл шалтгаан, нейро сүлжээний технологуудын гүйцэтгэх үүргийн талаар илүү дэлгэрэнгүй ярихыг хүсч байна.



Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын гол хөдөлгөгч хүч болох хиймэл оюун ухааны нөлөөн дор аж ахуй, нийгэм-соёл, нийгмийн шинэ хэв маяг дэг журам бүрэлдэж байгаа нь ойлгомжтой.



Ялангуяа улс орнуудын аж үйлдвэр, санхүү-эдийн засгийн салбарт гарсан өөрчлөлтүүд онцгой анхаарал татаж байгаа боловч одоо машин сургалтын үсрэнгүй хөгжил нь улам бүр улс төрийн шинж чанартай болж байна. Энэхүү дижиталчлалын "дотоод шалтгаан"-ы утгын хэм хэмжээг зөв тодорхойлохын тулд хиймэл оюун ухааныг дэмжин сурталчилдаг геополитикийн зарим тоглогчийн өөрсдөдөө зориулж баталсан үзэл суртлын хэмжигдэхүүний системийг тайлбарлах шаардлагатай байгаа юм.


Энэхүү хүрээ нь шинэ колончлолын сэтгэлгээ юм.


Шинэ колончлол буюу неоколониализм нь хиймэл оюун ухаантай хамтраад дэлхий дахинд хэрэглэгдэх практик хэмжигдэхүүнийг бий болгож технологийн хувьд төгс төгөлдөр болж байна. "Алтан тэрбум"-ын хүрээнээс гадуур байгаа дэлхийн хүн ам хараат байдлын шинэ төрлийн механизмуудтай тулгарч байгаа бөгөөд энэ нь колони орнуудыг колоничлогчдод захирагддаг “уламжлалт” хэлбэрээс илүү нарийн, боловсронгуйгаас гадна нэвтрэх хүрээ нь илүү өргөн, нөлөө нь илүү урт хугацаатай болон хувирч байна.


Хөгжиж буй орнууд зөвхөн программ хангамж, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтээс хамааралтай байхаа больж, харин логистик, боловсрол, анагаах ухаанаас эхлээд олон нийтийн санаа бодлыг удирдах хүртэлх гол үйл явцыг хянадаг алгоритмуудын "тохируулга" -аас хамааралтай байгаа тухай ярьж байна. 

Энэ нь мэдээлэл, өгөгдөл, тэдгээрийн чанар, түүнчлэн тооцоолон бодох хүчин чадал ашиглах боломж нь «нөлөөллийг экспортлох» гол хэрэгсэл болж буй өөр түвшний нөөцийн хамаарал юм.


Удирдлагыг дэвшилтэт технологи, тэдгээрийг ашиглах дэд бүтцийг бараг бүрэн монополь эрхээр эзэмшдэг тэргүүлэх улс орнууд, корпорацуудын сүлжээ төвлөрөн хэрэгжүүлж байна. Ийм нөөц бүхий этгээд нь Засгийн газрын болон хувь хүмүүсийн түвшинд болзол тавих, зан үйлийн загвар тулгах, ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлэх, ухамсарт нөлөөлөх, бүр цаашилбал шийдвэр гаргахад нь нөлөөлөх боломжийг олж авдаг. Энэ бүхэн өнөө үед тэдний ярьдагчлан “яг энэ мөчид” буюу бодит цагийн горимд явагддаг болжээ.


Хиймэл оюун ухааны технологиуд өнөөдөр бодит байдлыг аль хэдийнэ урьд өмнө байгаагүй цар хүрээтэйгээр чиглүүлэх, бүр орлуулах боломжийг олгож байна. Энэхүү нөлөөлөл нь мэдээлэл дамжуулах уламжлалт сувгууд, мөн өдөр тутмын амьдралд үл анзаарагдам нэвтэрч буй дижитал орчноор дамжин хэрэгждэг.

Нейро сүлжээний манипуляци нь логик болон баримтад тулгуурласан үндэслэлд захирагдахгүйгээр хариу үйлдлийн түвшинд буюу рефлекс, ёс суртахуун-зан үйлийн хандлага, тэр ч байтугай далд ухамсарт хүртэл нэвтэрдэг.



Ингэснээр ухамсартай сонголт, эсэргүүцлийг алгасч хүний сэтгэл зүйд нэвтрэх зарчмын тэс өөр хяналтын бүтэц бий болж байгаа юм.



Тиймээс хиймэл оюун ухаан нь хөгжил дэвшлийн хэрэгсэл гэхээсээ илүү дарамт шахалтын хөшүүрэг, дэлхий нийтийн өрсөлдөөний хөдөлгөгч хүчин — хүний ухаан санаа болон сэтгэл зүрх, амьдралын хэв маяг, цаашлаад дэлхий дахинд эрх мэдэл дахин хуваарилах хэрэгсэл болон хувирч байна. Дижитал шилжилтийг дэмжигчид "Хүн төрөлхтний хувь заяаны эзэн" гэсэн болзолгүй манлайллыг эрэлхийлж, түүний араас хөөцөлдөх явцад бидний хувьд төсөөлж буй ирээдүй биш, огт өөр ирээдүйтэй нүүр тулах эрсдэл бий. Энэ бол зөвхөн өндөр технологийн салбар дахь өнөөгийн дэвшил төдийгүй, мөн эдийн засгийн бодит нөхцөл байдал, түүний дотор экологийн хүчин зүйлийг ч харгалзах тэнцвэртэй ойлголтыг шаардсан асуудал юм.


АНУ-ын эрчим хүчний сүлжээний хамгийн том оператор PJM Interconnection компанийн энэ оны долдугаар сард хийсэн мэдэгдэлдээ “Хиймэл оюун ухаанд суурилсан чат-бот болон өгөгдөл боловсруулах төвүүд цахилгаан эрчим хүчийг шинэ цахилгаан станц барихаас илүү хурдацтайгаар хэрэглэж байгаа тул хэт их ачаалал үүсч байна” гэжээ. Зарим бүс нутагт энэ зун цахилгааны төлбөр 20 хувиас дээш өсөх төлөвтэй байна. Тухайлбал: энэ нь Иллинойсоос Теннесси, Виржиниагаас Нью-Жерси хүртэл 13 мужийн нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд дэлхий дээрх хамгийн олон өгөгдөл боловсруулах төвүүд төвлөрсөн бүсийн нийт 67 сая хэрэглэгчид үйлчилдэг юм.



Барууны орнуудын хэдэн зууны турш бүрдсэн колонийн сэтгэлгээ, дадлыг харгалзан үзвэл, "хэмжээлшгүй ховдог" хиймэл оюун ухааныг тэжээхэд шаардлагатай байгалийн баялаг, эрчим хүч, бусад нөөцийг олборлох иж бүрэн системд үүсэх үндсэн цогц ачаалал эцэстээ хөгжиж буй орнуудын нуруун дээр буух нь дамжиггүй.



Учир нь эдгээр орнууд “дижитал тэгш бус байдлыг арилгах” нэрийдлээр өгч буй амлалтад нь хууртах аюултай. Их Британи улсад нар хэзээ ч жаргадаггүй эзэнт гүрний үзэл санааг баримталж байсан бөгөөд энэхүү үзэл санааг олон тооны колонит улс гүйцэлдүүлж үйлчилдэг байв. Францчууд франкофон ертөнцийг бий болгож, гол төлөв колоничлолоор байлдан дагуулсан орнуудын нөөц бололцоонд түшиглэж байв. Германчууд түүхийн хар бараан үед мянган жилийн рейх барьж байжээ. Харин өнөөгийн дэлхий ертөнц дэх сүүдрийн улсын шинэ алсын хараатай төсөл бол хиймэл оюун ухаан юм.


Одоо тоон үзүүлэлтүүдийг ашиглан дэлхий дахинд шинээр гарч ирж буй дэлхийн хяналтын төвлөрлийг анхааралтай авч үзье.

Энэхүү төвлөрлийн эхний элемент нь дэлхийн эдийн засаг бөгөөд одоогоор “цахим зам” руу хяналттайгаар шилжиж байна. Үйлдвэрлэл, удирдлага, логистик, түгээлт зэрэг эдийн засгийн бүхий л салбар цахим хэлбэрт шилжиж дижиталчлал хурдацтай явагдаж байна. 


Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын орнууд (хөгжингүй хэмээх орнууд) сүүлийн 6-7 жилд тоон/дижитал сектор хамгийн хурдтай өссөн салбар болох нөхцөлийг бүрдүүлсэн. Одоогийн байдлаар дижитал салбар дэлхийн ДНБ-ий 3%-ийг эзэлж байгаа бөгөөд түүхэнд ийм хурдан, ийм хэмжээний өсөлттэй ямар ч салбар байгаагүй юм.



Дижитал стандартууд хөрөнгө оруулалтанд тавигдах зайлшгүй шаардлага болж, гадаадын хөрөнгө оруулалтын 13 хүртэл хувийг татаж байгаа бөгөөд энэ хэмжээ улам бүр нэмэгдэж байна.



Өнөөдөр хүн төрөлхтөн асар их хэмжээний мэдээллийг үүсгэж байна: долоо хоног бүр өнгөрсөн мянганы бүх хугацаанаас ч илүү их мэдээллийг бий болгодог. Тиймээс хөгжлийн гол чиг хандлага нь "том өгөгдлийн" боловсруулалт юм. Бизнес эрхлэгчид үүнийг хүлээн зөвшөөрч ойлгож байгаа бөгөөд технологи нэвтрүүлэх нь тэдний бүтээмжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломжийг олгодог: компаниудын хувьд наад зах нь 5-6 хувийн өсөлттэй байна.


Энэхүү механизмын хоёр дахь бүрэлдэхүүн хэсэг нь хиймэл оюун ухаан өөрөө бөгөөд дэлхийн аж ахуйн тогтолцоонд улам бүр өсч буй түүний нөлөөлөл юм. Европын Холбооны орнуудын хувьд, Европын комиссын үнэлгээгээр томоохон бизнесийн таван компанийн хоёр нь хиймэл оюун ухааны чиглэлд шилжсэн бөгөөд 2023 оноос 2024 оны хооронд хиймэл оюун ухааны хэрэглээ 100 хувь буюу өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн байна. Шинжээчдийн тооцоогоор энэ жил АНУ-ын хиймэл оюун ухааны технологийн зах зээлийн хэмжээ ойролцоогоор 75 тэрбум ам.долларт хүрч, жилдээ гуравны нэгээс илүү өссөн үзүүлэлттэй гарч, өсөлт үргэлжлэн нэмэгдсээр байна.


Хиймэл оюун ухааны технологиуд дэлхийн хүн амын орчин үеийн ухаалаг гар утас хэрэглэж буй бүх гэр бүлд нэвтэрсэн. Одоогийн байдлаар үүрэн холбооны орчин үеийн үйлдлийн системээр ажилладаг гар утас бүрт нэвтэрч байгаа бөгөөд энэ нь дэлхийн эрэгтэй, эмэгтэй, хүүхэд хүн бүрийн ухаалаг гар утсанд суусан гэсэн үг юм.

Хиймэл оюун ухаанд анхаарал хандуулж буйн жишээг түүнийг хөгжүүлэхэд зарцуулж буй тоон үзүүлэлтүүдээс харж болно. АНУ “Stargate” төсөлд 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан.


Европын Холбоо эдийн засгийн нөхцөл байдал төдийлөн сайн биш байгаа хэдий ч InvestAI-даа 200 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийсэн. Их Британи зөвхөн өгөгдөл боловсруулах төвүүдэд 14 тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийсэн. Шинжээчдийн үзэж байгаагаар, хиймэл оюун ухаанд зарцуулсан Хятадын хөрөнгө оруулалтын зардал ердөө нэг жилийн дотор (2024 оноос) 48 хувиар өсч, 84-98 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрэх боломжтой.

Ийм экспоненциал буюу тодорхой хугацааны турш тогтмол хувиар өсөн нэмэгддэг өсөлт, дижитал шилжилт нь холбогдох хүчин чадлын нөөц болон эрчим хүчний хангамжийн системд шууд нөлөөлөх юм.



Хиймэл оюун ухааны үйлдвэрлэлийг үргэлжлүүлэн өргөжүүлэх, стандартуудыг улам нягт хэрэгжүүлэхэд шаардлагатай гол нөөц нь газрын ховор элемент бөгөөд эдгээрийн нөөц хязгаарлагдмал.



Яг эдгээр металлын төлөө өнөөдрийн зах зээлд хиймэл оюун ухааны шийдлүүдийн гол нийлүүлэгчдийн дунд худалдааны дайн өрнөж байна. Ихэнхдээ ийм нөөцгүй барууны улс орнуудын улс төрийн удирдагчид дэлхийн олонхи болох улс орнуудад байгаа орд газруудад хязгааргүй нэвтрэх эрхийг эзэмшихээр неоколоничлолын түрэмгий бодлого явуулж, тэр ч бүү хэл заримдаа дээрэмдэх, тонох үйлдлийг ч гаргаж байна.


НҮБ-ын Худалдаа, Хөгжил Судлалын Бага хурал (ЮНКТАД) болон НҮБ-ын Сургалт, эрдэм шинжилгээ-судалгааны хүрээлэнгийн (ЮНИТАР) үнэлгээгээр хиймэл оюун ухааны системд шаардлагатай ашигт малтмалын олборлолт нь дэлхийн хэмжээний эдийн засгийн дахин хуваарилалтын төлөөх тэмцэл болж байна. 100 грамм жинтэй ухаалаг гар утсыг үйлдвэрлэхэд гуравдагч ертөнцийн орнуудаас олборлодог ойролцоогоор 70 килограмм түүхий эд шаардлагатай байдаг. Ухаалаг гар утсыг тэрбум тэрбумаар нь үйлдвэрлэж байна. Ашигт малтмалын элемент, эрдэс бодисын гол ордууд хөгжиж буй орнуудад төвлөрсөн учраас барууны үйлдвэрлэгч компаниуд эдгээр орны газар доорх баялаг болон хөдөлмөрийн хүчийг ашиглаж байгааг мэргэжилтнүүд “эрдэс баялгийн колоничлол” гэж нэрлэдэг.


Графит, литий, кобальт зэрэг дижитал шилжилтэд шаардлагатай ашигт малтмалын олборлолт 2050 он гэхэд 500 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь байгаль орчны доройтол болон эдийн засгийн үр өгөөжийн тэгш бус хуваарилалтыг улам хурцатгана.



“Хамтын барууны” орнууд хөгжиж буй орнуудаас нөөц баялгийг үргэлжлүүлэн сорсоор байвал дэлхийн өмнөд бүсийн орнууд тэгш бус дижитал байдлын улмаас ядуурах болно.



Нөөц баялгийн хувьд тулгамдаж буй эдгээр асуудлууд нь тооцоолон бодох хүчин чадлыг хөргөхөд ашиглагддаг эрчим хүч, ус зарцуулах асуудлын хувьд улам тулгамдсан болж буй юм. ЮНКТАД-ын үнэлгээгээр, 2018- 2022 оны хооронд том өгөгдөл боловсруулах 13 томоохон төвийн операторуудын цахилгааны хэрэглээ хоёр дахин өссөн байна. 2022 онд дэлхий даяарх дата төвүүд бүхэл бүтэн Франц улсын зарцуулсантай тэнцэх хэмжээний буюу 460 тераватт цаг (ТВт·ц) эрчим хүч хэрэглэж, энэ үзүүлэлт ирэх гурван жилд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Тухайлбал, АНУ-ын Google компани зөвхөн 2022 онд л өөрийн серверүүдийг хөргөхөд 21 сая гаруй шоо метр ундны ус ашигласан. Харин Microsoft компани 700 мянган литр цэвэр ундны усыг GPT-3 хиймэл оюун ухаандаа хэрэглэсэн юм.  


НҮБ-аас дэлхийн хэмжээнд ундны цэвэр усаар тогтмол хангагдах боломжгүй хүмүүсийн тоог хоёр тэрбум гэж тооцоолсныг сануулъя. Барууныхны үзэж байгаагаар байгалийн оюун ухаанаас илүү хиймэл оюун ухаан тээгчдэд ус илүү хэрэгтэй байдаг аж.


Неоколончлолын тогтолцооны өөр нэг элемент нь экологийн үзэл суртлын платформ болж, неолиберал хүчнийхэн "барууны хамтрал”-ын орнуудад үүнийг сурталчилсаар байна. Тэд зохицуулалтгүй капитализмын хамгийн муу, шунахай уламжлалыг шингээсэн эдийн засгийн дураараа авирлах нийтлэг тогтолцоог өөрсдөдөө бий болгосон. Харин бусад улс орнуудын аливаа эдийн засгийн хөгжил нь барууны “ногоон” стандартуудыг заавал дагах ёстой гэсэн байр суурийг баримталдаг. Эдийн засгийн эрчимтэй хөгжлийн үе шатыг туулсан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын орнууд одоо дэлхийн олонх орнуудын эдийн засгийн өсөлтийг улс төрийн аргаар хязгаарлах бодлого барьж байна. Ашигт малтмал олборлолт, үйлдвэрлэл АНУ болон Европын хотуудаас хол газарт явагдаж байвал тэд өөрсдөө “бохир арга барил”-ыг ашиглахаас буцдаггүй. Блокчэйн, хиймэл оюун ухаан, тавдугаар үеийн хүүрэн холбоо (5G), “эд зүйлсийн интернэт” зэрэг шинэ технологиудын мэдээлэл дамжуулах, боловсруулах, хадгалах хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂)-ийн ялгаралтыг бууруулахгүй, харин нэмэгдүүлж байна. Энэ салбар дэлхий дахины хүлэмжийн хийн ялгаралтын 3,0 хувиас илүүг гаргаж байгаа бөгөөд 2020 онд 1.6 гига тоннын CO₂ эквивалент ялгаруулсан байна. CO₂ ялгаралт логарифмын өсөлтөөр нэмэгдэж байна.


а) цахимжуулалт, 

б) хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, 

в) "ногоон хөтөлбөр" хэрэгжүүлэх ухамсартай "удирдлага"-ын үр дүнд хиймэл оюун ухааны салбар хөгжлийн хувьсгалт үе буюу “квант үсрэлт”-ийн үеийг туулж байна.

 

Өмнөх арван жилийн төгсгөлд трансформер хэмээх гүнзгий нейро сүлжээний шинэ бүтцийг танилцуулж байсан бол энэ арван жилийн эхээр хүн төрөлхтний үйл ажиллагааны бараг бүх салбарт дасан зохицох чадвартай нь батлагдсан ChatGPT зэрэг олон нийтэд түгээмэл бүтээгдэхүүнүүдэд амжилттай хэрэгжсэн. Одоогийн байдлаар цаашдын тогтвортой хөгжлийн бүх үйл явц, дижитал өөрчлөлт, батлан хамгаалах бүтээн байгуулалт, улс төрийн инженерчлэл, олон нийтийн харилцаа холбоо, боловсрол, эрүүл мэнд, өргөн утгаараа бүтээлч үйл ажиллагаа зэрэг бүх үйл явц нь хиймэл оюун ухааныг өргөн хүрээнд нэвтрүүлэхтэй салшгүй холбоотой болно гэдэг нь ойлгомжтой болсон. Хүн төрөлхтөний хөгжлийн цаашдын чиг хандлага ч тодорхой болсон. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хэлсэн энэхүү технологийг үйлдвэрлэх салбарын тэргүүлэгч нь дэлхийн удирдагч болж, түүнийг нэвтрүүлснээр хүн төрөлхтөн өөрийн оршин тогтнох шинэ үеийг эхлүүлж байна гэсэн сэдвүүд хүчээ авч байна. Энэ бол дээр дурдсан шалтгааны улмаас аль хэдийнэ геополитикийн өрсөлдөөн, асар их хөрөнгө оруулалт, технологийн тэлэлтийн шинэ хэлбэрүүдийн орон зай юм.



Хиймэл оюун ухааны сэдвийг мэддэг байх нь бидэнд түүний хэрэглэгчдийн логикийг үргэлжлүүлж, олон улсын харилцааны бие даасан кластер болж аяндаа тодорсон гэдгийг итгэлтэйгээр хэлэх боломжийг олгож байгаа юм.



Нейро сүлжээний асуудал олон улсын болон бүс нутгийн байгууллагуудад үйл ажиллагааны гол сэдэв болон хурдацтай нэвтэрч байна.

Тиймээс, хамгийн анхаарал татсан чиглэлээр Хиймэл оюун ухааны олон улсын судлаачдын бүлгийг байгуулах, Хиймэл оюун ухааны удирдлагын асуудлаар дэлхийн яриа хэлэлцээг эхлүүлэхээр Засгийн газар хоорондын зөвлөлдөх уулзалтууд явагдаж байгаа НҮБ-ын платформыг дурдаж болно. Мөн НҮБ-д энэ салбарт техникийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүдийг дэмжих тусгай сан байгуулах асуудал яригдаж байгаа юм.


Энэ оны эхнээс НҮБ-ын Нарийн бичгийн даргын газрын бүрэлдэхүүнд цахим алба ажиллаж эхэлсэн. ЮНЕСКО-д 2021 онд батлагдсан Хиймэл оюун ухааны ёс зүйн зөвлөмжид үндэслэн хиймэл оюун ухааны ёс зүйн хэм хэмжээ, стандартуудыг боловсруулах талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнөж байна. ЮНИДО-гийн дэргэд Аж үйлдвэрийн салбар, үйлдвэрлэл дэх хиймэл оюун ухааны дэлхийн холбоо үйл ажиллагаа явуулж байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU) “Хиймэл оюун ухаан сайн сайхны төлөө” дээд хэмжээний уулзалт жил бүр зохион байгуулдаг.


Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хүртэл энэ сэдэвт өөрийн байр суурьтай байхаар хичээж байна. Төрөл бүрийн олон талт платформ, чуулга уулзалтууд дээр хурдацтай хөгжиж буй эдгээр бүх үйл явц нь энэ салбар дахь манлайллын төлөөх дэлхийн өрсөлдөөн нэмэгдэж байгаагийн тод илрэл юм. Мөн энэ бүхэн төрөөс, тэр дундаа Гадаад харилцааны яамнаас байнгын анхаарал, идэвхтэй байр суурийг шаардаж байна. Эцсийн дүндээ шударга, олон туйлт ертөнцийг байгуулах нь шинэ колончлолын дарангуйлал, тэгш бус байдлыг “цахим хэлбэрээр” дахин бий болгох оролдлогыг таслан зогсоох чадвараас шууд хамаарах юм.