sonin.mn

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа “Цэлмэг тэнгэр” санаачилгын сэргээгдэх эрчим хүч хариуцсан инженер Ц.Цолмонбаатарыг урьж, ярилцлаа.

 

Улаанбаатарын агаарын чанар ДЭМБ-ын стандартаас зургаа дахин муу байна


-Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудал болоод багагүй хугацаа өнгөрлөө. Үүнээс үүдэж иргэд ч маш ихээр хохирч байна. Тодруулбал, агаарын бохирдол нь амьсгалаар дамжиж хүний бүх бие эрхтэнд хүрч, амьсгалын болон зүрх, мэдрэлийн олон өвчин тусах гол шалтгаан болж байна. Хүүхэд өвдлөө гэхэд эцэг эх хоёрын аль нэг нь ажил, сургуулиасаа чөлөө авч боловсрол болон ажлын бүтээмжээрээ хохирч өвлийн цагт цалингаа эм тарианд зарцуулж байна шүү дээ.


Сүүлийн үед өвөл гадаадад очиж амьдрах нь Улаанбаатарт өвөлжиж эм тариа, хоол хүнсэнд зарцуулах мөнгөтэй дүйцэж байна гэх яриа хүртэл гарсан. Тиймээс эх оронч сэтгэлтэй инженерүүд нийлж өнгөрсөн зургаан сарын хугацаанд агаарын бохирдлын өнөөгийн нөхцөл байдал, сорилт, шийдэх арга зам, бусад орны туршлагыг судалж, судалгаа хийлээ.


Судалгаан дээр үндэслэн 2030 он гэхэд утааг бууруулах бүрэн боломжтой “Цэлмэг тэнгэр” санаачилгыг боловсруулсан. Тус санаачилга нь хэрэгжүүлэх зургаан төсөлтэй. Тодруулбал, гэр болон хувийн байшинг дулаална. Дулааны алдагдал ихтэй байшин нэмж барихыг зогсооно. Түлшээ солино. Хийн түлш ашиглах, урамшуулал дэмжлэг үзүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашигласнаар 2030 он гэхэд Улаанбаатар хот болон бусад суурин газар утааны асуудалгүй болох юм. Сонирхуулахад, өнгөрсөн хугацаанд агаарын бохирдолтой холбоотой төрөл бүрийн чиглэлээр гадаад, дотоодын 30 орчим судалгаа хийгдсэн байдаг юм байна. Нэг судалгаагаар гэр хорооллын хүүхдүүдийн цусанд хүнд металл буюу хар тугалга агуулагдаж байгаа нь тогтоогдсон байсан. Гэхдээ энэ талаар эцэг эхэд нь хэлээгүй нь зүрх шимшрүүлж байв. Улаанбаатар хотын агаарыг бохирдуулдаг нэгдлүүдээс хамгийн хортой нь болох PM2.5 тоосонцор нь Монгол Улсын агаарын чанарын MNS4585:16 стандартад заасан хэмжээнээс 2.1 дахин их гэх боловч ДЭМБ-ын стандартаар тооцвол зургаа дахин их байгаа юм.


Гэр болон байшингийн дулаалгыг сайжруулснаар шахмал түлшний хэрэглээ 30 хувиар буурна


-Нийт гэр хорооллын 45 хувь нь уламжлалт монгол эсгий гэр, 55 хувь нь хувийн орон сууцууд байна. Тодруулбал, 73.3 мянган гэр, 87 мянган байшин байна гэсэн үг. Монгол гэр нь нүүдлийн соёл иргэншилд зориулагдсан сууц. Гэтэл бид хэв загварыг нь өөрчлөөд өнөөг хүртэл ашиглаж ирлээ. Монгол гэр энгийн байшингаас 60 хувийн илүү дулаан алддаг. Тодруулбал, гэр нь ойролцоогоор 24 мкв гэж үзвэл халааж буй дулаанаар нь 60 мкв байшинг халаах боломжтой. Дулаан алдагдал их учир гэрийг цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчээр халаах нь асар их зардалтай байгаа юм. Тэгвэл гэр хорооллыг орон сууцжуулах хүртэл багадаа 10 жилийн хугацаа байна. Энэ хугацаанд хүмүүс гэрт амьдарсаар байх болно. Тиймээс монгол гэрийг дулаалах нь хамгийн үр дүнтэй арга гэж үзсэн. Учир нь Монгол гэрийг дулаалах, халаалтыг нь шийдэх маш олон төсөл хэрэгжсэн байдаг.


Тухайлбал, НҮБ-ын төслийн хүрээнд гэрийг дулаалж, цахилгаан халаагуур тавьж, үүдний амбаар тавьсан зэрэг олон төрлөөр туршилт хийсэн байна лээ. Дулаалга нь сайн бол үр дүнд хүрдэг гэдгийг төслийн багийнхан хэлж байсан. Тиймээс “Цэлмэг тэнгэр” санаачилгадаа бид монгол гэр дээр бусад шийдлүүдийг хэрэгжүүлэхээсээ өмнө дулаалах нь зүйтэй гэж үзсэн.


Ингэхдээ таван см зузаан дулаалъя гэдэг санаачилгыг гаргасан. Шал, дээвэр туурга, үүдний амбаар, тооно зэрэг бүхэлд нь дулаалахаар төлөвлөсөн. Гэрийн дулаалгыг шилэн хөвөн болон машины хучлага, майхны материалаар хийх боломжтой. Жишээлбэл, Майхныг бид уур, ус тусгаарлагчтай маш сайн хийдэг болсон. Мөн машины өвлийн хучлага машиныг гадаах хэмээс 10 хэм дулаан байлгадаг. Тэгвэл машины хучлага болон майхны материал шиг дулаан хэр нь уур, ус тусгаарлагчтай шинэ технологиор гэрийн дулаалгыг хийх бүрэн боломжтой. Дулаалгын материал үйлдвэрлэж буй дотоодын компаниудтай уулзсан. Гэр хорооллыг дулаалах материал үйлдвэрлэх бүрэн боломжтой гэдгээ хэлж байсан. Мөн цаашид гэрийн дулаалгыг шинэ технологиор маш сайн хийдэг болох боломж бүрдэнэ. Гэр хорооллын 73.3 мянган гэрийг таван см дулаалахад 300 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа бол 87 мянган байшинг дулаалахад 800 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Гэр хороололд аж ахуйн аргаар буюу иргэд өөрсдийн гараар барьж байгаа барилгын дулаалга маш муу байна. Монгол Улсын өнөөгийн мөрдөгдөж буй дүрэмд байшинг 15см дулаалах ёстой гэсэн байдаг. Гэвч дулаалга нь таван см байгаа юм. Тодруулбал, баруун Европт гадна агаарын хэм нь -10 байхад байшингийн дулаалга нь 30 см байдаг. Манай улсад гадна агаарын хэм 40 байхад гадна дулаалга 10см байдаг.


Нэг үгээр иргэд өөрийн боломждоо тааруулан хямд, төсөр аргаар байшин барьж, гал их түлсээр байгаа юм. Дулаан алдалт багасвал гал түлэх нь багасна шүү дээ. Тиймээс гэр хорооллын 160 мянган өрхийг 1.4 их наяд төгрөгөөр дөрвөн жилийн хугацаатай үечилж дулаалбал дулааны алдагдал буюу шахмал түлшний хэрэглээг 30 хувиар бууруулах боломжтой.


Ингэснээр жилд түрж буй 560 мянган шахмал түлшнийхээ 160 мянгыг түлэхгүй байх боломж үүснэ. Мөн барилгын стандартыг олон улсын стандарттай (Канад, Шведийн) нийцүүлэн шинэчилж, бүх орон сууц, байшинг халаалтын зардлын хувийн хэрэгтэй болгоно. Түүнчлэн, дулааны алдагдал бага, эрчим хүчинд ээлтэй, цонхтой, агааржуулагчтай, өндөр хана, хаалгатай монгол гэрийн шинэ дизайн гаргаж дэлгэрүүлэх талаар бодох нь зүйтэй юм. Дээр дурдсан дулаалгын аян болон барилгын шинэ стандартыг нэвтрүүлж, хатуу хяналт тавьж хэрэгжүүлбэл Улаанбаатар хотын халаалтын хэрэгцээг 40 хүртэл хувь бууруулж, тэр хэмжээгээр агаарын бохирдлыг арилгах боломжтой. Харин нийтийн орон сууц, үйлчилгээний байгууламжууд стандартын дагуу маш сайн дулаалгатай баригдаж байна. Угсармал орон сууцуудыг төслөөр дулаалж байгаа нь сайн хэрэг.


Шахмал түлшийг солих хэрэгтэй


-Түүхий нүүрс түлэхээ больсон нь хамгийн зөв шийдвэр байсан. Үүнээс үүдэж бид нүүрсээ боловсруулж, хэвлээд шахмал түлш хийхээс гадна түүнийгээ түгээх дэд бүтцээ шийдэж чадсан. Гэхдээ шахмал түлшээ солих цаг болсон. Учир нь Улаанбаатар хотод угаарын хийгээр хордсон тохиолдол түүхий нүүрсний хэрэглээг хориглохоос өмнө 100 мянган хүн тутамд зургаа байсан бол шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш 40 болж хэд дахин нэмэгдсэн. Энэ жил хэрэглэх шахмал түлшээ хэрэглэх байх. 2025 оны намраас Улаанбаатар хотод шахмал түлш түлэхээс үе шаттай татгалзаж, хагас коксжсон нүүрс түлж чадвал 2030 он гэхэд утаагүй болох бүрэн боломжтой. 2030 он хүртэл ой цэвэрлэх болон бусад хаягдал боловсруулах замаар хорголжин түлш, хагас коксын шахмал түлшийг тус тус үйлдвэрлэж айл өрх, аж ахуйн нэгжид түгээх боломжтой. Одоогийн нүүрсний шахмал түлшний үйлдвэрүүдийг хагас коксын шахмал түлш болон мод, үртэс, аргал зэргийг ашигласан хорголжин түлшний үйлдвэр болгон өөрчилж ажлын байрыг нэмэгдүүлнэ. Хагас кокс нь нүүрсийг жигнэж утаа тортогийг нь ялгаруулснаар цэвэр буюу утаагүй нүүрс нь ялгарч үлддэг. Хагас кокс бол бидний хэрэглэдэг шорлогны нүүрс юм. Гэхдээ коксжсон нүүрс гаргаж авах өртөг нь их. Нэг тонн Багануурын нүүрсээс 350-450 кг хагас коксжсон нүүрс гардаг. Гэхдээ давирхай, хийн түлш зэрэг давхар гардаг. Нүүрсээ боловсруулдаг, тараадаг дэд бүтцээ бид хийчихсэн учир боломж байна. Өнгөрсөн өвөл хагас кокосжсон нүүрс импортоор оруулж ирж түлэх талаар яриа гарсан. Энэ нь зөв шийдвэр байсан. Нэг хэсэг газрыг сонгож аваад хагас кокосжсон нүүрс түлүүлж үр дүнг нь харах хэрэгтэй байсан. Бид түүнээс ч их мөнгийг нүднээс далд утаанд зарцуулж байна шүү дээ.


Хийн түлшээр гэр хорооллыг халаах


-Манай улс жилд 45 мянган тонн хийн түлш импотоор оруулж ирдэг. Тэгвэл энэ хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 42 мянган тонн хийн түлшийг халаалтад зарцуулах хэрэгтэй. Энэ нь 150 мянган тонн шахмал түлшийг орлох юм. Учир нь нэг кг хийг шатаагаад гаргаж авч байгаа дулаан нь 3.2 кг сайжруулсан шахмал түлштэй тэнцдэг. Хоёр жил бид зөөврийн байдалтай хийн түлш хэрэглэж байх хооронд дотоодын хийн түлшний үйлдвэрийг ашиглалтад оруулж, нүүрсээ боловсруулж түүнээсээ хийн түлшээс гадна давирхай, дизель түлш зэргийг гаргаж авах боложмтой. Учир нь МАК, MCS зэрэг том компаниуд нүүрс шингэрүүлэх төслүүд хэрэгжүүлж байгаа. Тиймээс энэ нь цаг хугацааны л асуудал юм. Сайжруулсан шахмал түлшний нэг өрхөд ноогдож буй хэмжээ нь 3.5 тонн. Зардал нь 530 орчим мянган төгрөг байгаа юм. Гэтэл улсаас шахмал түлшийг үйлдвэрлэх татаасанд сая гаруй төгрөг олгодог.


Нэг тонн сайжруулсан шахмал түлшийг бид 150 мянган төгрөгөөр авч байгаа бол түүнийг үйлдвэрлэх өртөг нь 450 мянган төгрөг. Үүний зөрүүг нь төр даадаг. Тэгвэл орон гэрээ дулаалаад хийн түлш, хагас кокс ашиглавал төлбөр нь одоогийн нүүрсний хэрэгцээтэй ойр болно.


Тиймээс өөрсдөө хийн түлш үйлвэрлэдэг үйлвдвэртэй болтлоо импортын түлшээр гэр хорооллын халаалтыг шийдэх боломжтой гэж үзсэн. Мөн иргэдэд хагас кокс болон хийн түлш, цахилгаан халаагуур зэрэг сонголтыг олгох хэрэгтэй байгаа юм. Хэн ер нь нүүрс, галтай зууралдаад байхыг хүсхэв дээ. Тиймээс ямар боломжууд байгааг иргэдэд харуулах хэрэгтэй байна.Төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний компаниудтай уулзсан.


Маш олон туршилтыг хийсэн байна.Тодруулбал, гэр хороололд нарны цахилгаан үүсгүүр, агаар ус төрлийн дулааны насос, агаарын вакум коллектор тавьж дулаалга хийсэн байсан. Боломж байгааг бас дээрх судалгаа хийсэн компаниуд хэлж байсан.


Манай “Step sollar” компани бас энэ тал дээр туршлагатай. Би 2009 МУИС-ын физик технологийн сургуулийн сэргээгдэх эрчим хүчний ангийг төгсөөд “Step sollar” компанид ажилд орж Монголд анхны газрын гүний дулаан болон нарны дулаанаар халдаг байшинг барьж байлаа. Тэр үед бид Германы хамгийн сайн компаниас бүх тоног төхөөрөмжөө авчирч, байшинг нь дотоодын компаниар бариулж байсан. Гэтэл нэгдүгээр сар гаргаад нөгөө байшин маань хөлдчихсөн. Уг нь байшингаа эрчим хүчний хэмнэлттэй дулаалгын хавтангаар бариулсан юм. Гэтэл Германаас хүмүүс ирж суурилуулсан системээ шалгахад байшингийн дулаан алдалт нь маш их байсан. 128 мквт байшинд 9.4квттай систем суурилуулсан. Гэтэл дулаан алдагдал нь 18 буюу хоёр дахин их байсан. Тэгвэл бидэнд Германы компаниас сэргээгдэх эрчим хүчний угсралт суурилуулалтад асуудал алга. Та нар байшингаа сайн дулаалгатай барьж сур гэсэн. Ингээд дараа нь бид 2009 онд СХД-ийн Толгойтод 150мкв аж ахуйн аргаар баригдсан Сод хүүхдийн цэцэрлэгт газрын гүнээр халаах технологи суурилуулсан. Одоо 15 дахь жилтэйгээ золгож байна. Үүнээс харахад бид дулаалгаа л сайн хийж чадах юм бол сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломжтой. 

 

Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой зээлүүдийг дэмжих хэрэгтэй


 

-Сүүлийн жилүүдэд зээлийн маш олон аппликейшн гарсан. Тодруулбал, цахилгаан бараа, гар утас, хүнс зэргээ худалдаж авах маш амархан болж байна. Тэгвэл гэр болон орон сууцны дулаалгын үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатай байна. Жишээлбэл, Монголбанкны мөнгөний бодлогын хүрээнд арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгох ногоон зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүүг бууруулж, зээлийн хугацааг уртасгах зохицуулалтыг хийх боломж бий. Мөн төрөөс дулаалга хийж буй айлуудыг дэмжиж, тодорхой хувийг нь айл гаргаж, үлдсэн хэсгийг нь төр хариуцвал дулаалах аян хурдан өрнөнө.


Харин дээрх хийн түлш ашиглах, гэр дулаалах зэрэг ажлуудыг туршихын тулд нийслэлийн тодорхой цэгүүдэд турших нь зүйтэй. Ургах наран, Өлзийт хороолол, 61-ийн гарам зэрэг газруудад туршиж, үр дүнг нь иргэдэд харуулах хэрэгтэй. Уг нь манай нийслэл болон бусад газрууд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд маш олон ажлуудыг хийдэг юм байна лээ.


Цахилгаанаар халаах бүс хийх, утаагүй бүс зэргийг санаачилсан байдаг. Гэвч хараахан үр дүнд хүрч чадахгүй байна. Тиймээс манай “Цэлмэг тэнгэр” санаачилгыг дэмжиж, туршиж үзээсэй гэж хүсэж байна. Бид бодит боломж, судалгаанд суурилсан санаачилгыг дэвшүүлсэн байгаа. Мөн “Цэлмэг тэнгэр” санаачилгыг онцгой журмаар, нэгдсэн зохион байгуулалттай, олон нийтийн оролцоо, санхүүгийн ил тод хяналтын дор хэрэгжүүлэх нь илүү үр дүнд хүргэнэ. Ингэхдээ салбар хоорондын зохицуулалт шаардагдах тул Ерөнхий сайд эсвэл Шадар сайдын шууд удирдлага дор байж, Засаг дарга нар биечлэн хариуцаж ажиллах нь зөв гэж үзэж байна.


Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин