sonin.mn

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (СВО) 900 дахь хоног руугаа дөхөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, politeka.net сайт, молдовын Newsmaker сонин, оросын Төв Банкны мэдээнээс орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

 

Украины фронт дээр Оросын арми бүтэлгүйтэх тусам дэлхий даяар, хуучин Зөвлөлтийн орон зайд Орос улам бүр бүтэлгүйтэх, ганцаардах зам руугаа эргэлтгүй орж байгаа нь эмгэнэл гамшиг юм. Дэлхийн масштаб дээр харагдаж байна. Ёстой харамсалтай.


Орос хөвгүүд хаа холын Африкийн Мали улсад 70-yyлаа нэгэн зэрэг хядууллаа, олон арваараа олзлогдлоо! Түүхэн алдраа дуурсган Украинд Соледар хотыг байлдан эзлэж явсан “ЧВК Вагнер” ийнхүү шилдэг дайчдаа алдлаа. Африк дахь Оросын геополитикийн хөзөр, мөнгө уутладаг зэвсэг нь Африкаас хөөгдөхөд алхам дутуу байна. Хөлсний цэрэг элсүүлээд Украин руу илгээдэг баазыг нь Сирид украины тусгай хүчнийхэн цохилоо. Сирид украины цэрэг оросуудыг устгаж явдаг, ёстой төсөөлшгүй. Каракас хотод Мадурогийн арми ард түмэнтэйгээ нэгдэж дарангуйлагчийг огцрохыг шаардаж байх хойгуур “ЧВК Вагнер”-ыг Венесуэл руу илгээлээ. Гэвч нэгэнтээ оройтлоо. Удахгүй Оросын хөлснийнхөн Латин Америкт нэр нүүрээ үүрд барна. Оросын холбоотон болгочихно гэсэн итгэлтэй явсан “Хезболла”-гийн нэг лидер Фуад Шукраг өмнөд Бейрутэд израилийн хүчнийхэн устгажээ. Оросын холбоотон болоод нэрээ мандуулж Москвад хүндтэй уригдаж явсан ХАМАС-ын улс төрийн удирдагч Исмаил Хания Тегеранд алагджээ. Хамгийн түрүүн тэр үхэлд Орос дургүйцлээ илэрхийлж эмгэнэв. Исмаил Хания бол дэлхийд зартай террорист этгээд. Итгэлт холбоотон Хойд Солонгос нь төмрийн хаягдал, хоёрдахь түүхий эд рүү явах хуучирсан их буу, сум, зэвсгээ Орост нийлүүлж, Украины фронт дээр байлдаанд оролгүй шившиг болж байна. 


Украин дахь бүтэлгүйтэл нь Молдова улсыг бүр цааш нь түлхлээ. Баруун руу эргэлтгүй алдагдлаа. Молдовын парламентад нэгжлэг хийжээ. Тэнд оросын талд тагнуул хийсэн хэрэгт холбоотой байж болох хэрэг дэгдээд ийнхүү булай болж байна. Оросын тагнуулчдыг баривчлан саатуулжээ. Баривчлагдсан хүмүүс ОХУ-ын ЭСЯ-наас мөнгө шагнал авч, төрийн нууц мэдээлэл дамжуулж, бас тархи угаалт хийж, хорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэж байсан ба энэ хэргээр оросын дипломатчид Молдоваас хөөгджээ. Яг ийм эгзэгийг ашиглаж Оросын “Приднестровье” гэх төсөл замхрах тийшээгээ эргэжээ. Оросуудын байгуулж өгөөд 33 жил Молдоватай нь сөргөлдүүлээд болоод ирсэн, тэгснээрээ Молдовыг Кремль хяналтдаа торгоогоод болоод байсан нь төгсгөл болоход ойрхон байна. Молдова, Приднестровье хоёр нь холбооны улс болон нэгдээд, улмаар Европын Холбоонд элсэх тухай далд хэлэлцээгээ эхлүүлжээ.


Хэлэлцээг ивээн тэтгэгч зуучлагч нь ХБНГУ гэнээ. Приднестровье дахь оросын цэрэг үүнд нь саад хийж чадахгүй болсон, Кремлиэс энэ нууц хэлэлцээг сэтгэл түгшин гунигтай нүдээр харахаас өөр аргагүй боллоо хэмээн молдовын сонинд тавлан бичжээ.

 

Армен Оросоос нүүр буруулан Баруун руу эргэж байна. Армены хүн амын дунд явуулсан саналын тандалтаар 66% нь Оростой тогтоосон харилцааг өөдрөг бусаар үзжээ. Армен баруунжихыг дагалдаад Гүржид Оросын хэрэгжүүлсэн “Гадаадын агентын тухай хууль” одоохондоо Орост ялалт болж түр үлдэх ч Гүржид үзүүлэх тусламжийн санхүүжилтээ Европын Холбоо, АНУ зогсоож, Европын Холбоо Гүржийг Европын Холбоонд элсүүлэх кандитатаас хассан нь Гүржийн ард түмэнд том сургамж боллоо. Оросыг дагавал ингэж хохирч дуусдаг юм байна гэсэн сургамж. Ийм нөхцөлд ганцаардсан Орос ухрах араагүй цуст дайнаа Украинд үргэлжлүүлэн балгас болсон амьгүй хот тосгодод төрийн далбаагаа мандуулахын төлөө давшсаар, алуулсаар, сөнөөлгөсөөр.


Фронт Оросын хил даваад ороод ирсэн, зарим өдөр 500 хүртэл дроноор Орос руу халдаж, нефть бааз, цахилгаан станц, дэд бүтцүүд нь галд автаж байна. Гал түймэр Орост энгийн өдөр тутмын үзэгдэл болсон.

 

Энэ бүхнийг Оросын эдийн засаг, иргэд дааж тэсвэрлэн байгаа нь цаг зуурын үзэгдэл, нэг өдөр тэсэрнэ. Оросын Төв Банкны эдийн засагчид бодитой дүгнэлт айлгүй хийцгээж байна. Нөхцөл байдал Орост үнэхээр хүнд байна. Инфляц өндөр үзүүлэлттэй, хүний нөөц боловсон хүчин дутагдалтай, эдийн засгийн өсөлтийн хурд олон жилийнхээ хуримтлуулсан дээд максимумд хүрээд зогссон. Өсөн нэмэгдэж буй бэрхшээлээ өндөр хурдаараа хайцаалаад нэмэргүй. 2024 ондоо эдийн засаг нь хямрал гэдгийг үзэхгүй байж болох ч 2025 онд нүүрлэн ирэхийг үгүйсгэхгүй гэжээ.

 

2023 оны дүнгээр бол ОХУ-ын ДНБ-ий өсөлт 3.6% байсан бол энэ оны эхний улиралд 5.4%-тай гэж эрх баригчиддаа илтгэсэн. Дэлхийн дундажаас давлаа гэж В.Путин Петербургийн олон улсын эдийн засгийн форум дээр тэмдэглэсэн. Ажилгүйдэл огт байхгүй боллоо, хөдөлмөрийн зах зээл чанарын шинэ түвшинд гарлаа, 15-20 жилийн өмнө ажил яаж олох вэ гэдэг асуудал амин чухал байсан бол одоо кадр боловсон хүчнийг хаанаас олох вэ гэдэг асуудал чухал байна хэмээн Путин ярьсан нь Орост мэргэжилтэй мэдлэгтэй боловсон хүчнүүд нь төрд зүтгэхээс халширч зугтаад, гадаадад үй олноороо дүрвэн гарсантай холбоотой гэдгийг Путин өөрөө хүлээн зөвшөөрснөөс өөрцгүй юм.

 

Орост ажилгүйдэл доод түвшинд, тэгсэн атлаа ДНБ өндөр хурдтай өссөн гэдэг нь төсвийн асар их зардал, дайчлагдсан ба гэрээт цэргийнхэнд асар их цалин олгож байгаа, алагдсан ба шархадсан цэргийн ар гэрт асар их компенсац төлж байгаа, мөн “Гособоронзаказ” буюу цэргийн үйлдвэрүүдэд захиалга их очиж байгаа, цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор үйлдвэрүүдэд улсаас янз бүрийн татаас асар их өгч байгаатай холбоотой болохоос Оросын эдийн засаг босоод ирсэн юм биш хэмээн Оросын Төв Банкны эдийн засагчид үзжээ. “Оросын эдийн засаг боломжийнхоо цаад хязгаарт хүрсэн, цаашаа уналт л нүүрлэнэ. Эдийн засаг өсчээ гэхэд хүмүүс нь хуучирсан байна” хэмээн профессор Рубен Ениколопов дүгнэжээ. “Хичнээн нуугаад нэмэргүй боллоо. ДНБ нэг, хоёрдугаар улиралд өссөн ч инфляцыг хурдлуулсан, ажиллах хүчний нөөц, үйлдвэрлэлийн хүчин чадал барагдлаа” хэмээн Төв Банкны тэргүүн Эльвира Набиуллина айлгүйгээр хэлээд тавьчихжээ.


Оросын мэнгэ голлосоныг оросын нэртэй жүжигчин Алексей Серебряков “Воровство и бесконечное вранье: актер Серебряков прояснил свое скандальное высказывание о Путине” гэсэн гарчгаар ярилцлага өгөхдөө нотложээ. Түүний хэлсэн нь:


-Путинтэй уулзвал юу гэж хэлэх вэ?

-Дэлхийг, амьдралыг харах бид хоёрын өнцөг хэзээ ч нийлэхгүй учраас юу ч хэлээд нэмэргүй.

-Путины яг юу нь таалагддаггүй юм бэ?

-Хоёр зүйл нь–враньё, воровство буюу хязгааргүй худалч, хулгайч учраас таалагддаггүй гэжээ.


Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь