sonin.mn

ЭЛЬ-ПАСО, 2024 оны долоодугаар сарын 26 /ВВС/. Дэлхийн хар тамхины мафийн хамгийн нөлөө бүхий толгойлогчдын нэг болох Исмаэль «Эль Майо» Самбада гэгчийг АНУ-ын Техас муж улсын Эль-Пасо хотод баривчилжээ.

Мексикийн хар тамхины “Синалоа” бүлэглэлийн толгойлогч, өдгөө 76 настай Самбада болон одоогоор Америкийн шоронд хоригдож буй Хоакин “Эль Чапо” Гусманы хүү болох Хоакин Гусман Лопес нарыг Техасын ойролцоох нэгэн хувийн нисэх онгоцны буудалд байхад нь баривчилсан тухай АНУ-ын Хуульзүйн яам мэдээллээ. Хоакин “Эль Чапо” Гусман нь Самбадагийн хамтаар “Синалоа” бүлэглэлийг байгуулжээ.




АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарландын мэдэгдсэнээр, Самбада, Лопес нар бол дэлхий дээрх хар тамхины хамгийн харгис хэрцгий, хүчтэй мафиудын нэгийнх нь толгойлогчид ажээ. Энэ оны 2 дугаар сард Америкийн эрх баригчид “фентанил агуулсан бодисыг бэлтгэж, түгээх зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан” хэмээн Самбадаг буруутгасан юм. “Фентанил бол үхэл тээгч хамгийн аюултай бодис бөгөөд манай иргэдийг энэ бодисоор хордуулж буй хар тамхины картелийн толгойлогч, гишүүн, хамсаатан нэг бүрийг хариуцлагад татахаас нааш бидний санаа амрахгүй” гэж Гарланд мэдэгдэж байв.




АНУ-ын Төрийн Департаментын мэдээллээр бол, Самбада нь Мексикт хуулийн дагуу хэд хэдэн үйлдвэрлэл үйлчилгээний газрыг, тэдгээрийн дотор сүүний ферм, автобусны компани, зочид буудал зэргийг эзэмшдэг байна. Фентанилыг худалдан борлуулснаас гадна хүний амь хөнөөсөн, хүмүүсийг хулгайлсан, мөнгө угаасан, зохион байгуулалттайгаар гэмт хэргүүд үйлдсэн зэрэгт Самбадаг буруутгаж байгаа юм.

Тэрбээр хэдэн арван жилийн турш Америкийн эрх баригчдаас нуугдан зугтсаар ирсэн бөгөөд энэ удаад Техаст өөрөө нисэж ирсэн бололтой. Түүнийг хэрхэн баривчлан саатуулсан талаарх тодорхой мэдээлэл алга байна.  



Б.Адъяахүү