sonin.mn

Өнөөдөр Иргэний Зориг Ногоон Намын удирдлагууд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлыг нээж Иргэний Зориг Ногоон Намын дарга Б.Батбаатар хэлсэн үгэндээ : "Монголын иргэд сонгогчид 6 дугаар сарын 28-ны өдөр сонгуульд оролцож ИЗНН-ыг дэмжиж саналаа өгсөн нийт иргэд сонгогчиддоо талархлаа илэрхийлье. ИЗНН минималист, эко, шударга ёс, ардчиллын төлөө нам. УИХ-ын сонгуульд манай ИЗНН мөрийн хөтөлбөр, 23 хуулийн төсөл боловсруулан "Зоригтой бай" уриатайгаар орлоо. ИЗНН-аас 59 хүн нэр дэвшиж, намын жагсаалтаар 12 хүн нэр дэвшсэн. УИХ-ын сонгуулийн санал хураалтаар 269.469 хүн Иргэний Зориг Ногоон Намыг дэмжин саналаа өгсөн. УИХ-ын гишүүн болохоор ИЗНН-ын дарга Б.Батбаатар, ИЗНН-ын дэд дарга М.Нарантуяа-Нара, ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Р.Батболд, ИЗНН-ын гишүүн С.Замира ийм дөрвөн хүн одоогийн байдлаар дэмжигдээд байна.


Бид сонгуульд иргэддээ, мөрийн хөтөлбөртөө итгэсэн. 2023 оны 10-р сарын 23-ны өдөр Улсын Дээд Шүүхэд Б.Батбаатар миний бие ИЗНН-ын даргаар бүртгэгдэн богино хугацаанд мэрийн ажиллаж баг хамт олон, нэр дэвшигчдээ бүртгүүлж иргэдийн итгэлийг авсандаа туйлаас баяртай байна.


2023 оны 2-р сарын 25-ны өдөр МАН, АН-аас бусад Дээд Шүүхэд бүртгэлтэй 35 намаас УИХ-ын сонгуульд хамтарч оролцооч гэж уриалсан. 35 нам бүгд нэгдээд сонгуульд оролцсон бол улс төрийн цоо шинэ хүчин болох байв. Харамсалтай нь нэгдэж чадсангүй. Монголын ард түмэн ИЗНН-ыг мартаагүй, дэмждэгээ илэрхийлэн саналаа өглөө. ИЗНН хулгай, худал хуудуутай явдалд оролцож байгаагүй. Ардчилсан хувьсгалын нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны бидэнд захиж хэлсэн

1.Эх орон

2.Нам

3.Бүлэг фракц

4.Хувийн эрх ашиг гэсэн захиасыг үргэлжлүүлэн биелүүлж ажиллахаа энэ 4 жил ИЗНН-ын зүгээс Та бүхэндээ нотлон харуулна.



2024 оны 10-р сард Аймаг, сум, нийслэлийн төлөөлөгчдийн сонгууль болно. ИЗНН иргэдийг "Иргэний зориг" гарган манай намаас ИТХ-д нэр дэвшихийг уриалж байна. Та бүхэнд ИЗНН-ын үүд хаалга нээлттэй байх болно. Агаар нь цэвэр, шударга ёс, дүрэм журам нь бүгдэд нээлттэй байх болно. Та бүгдэд баярлалаа. Итгэлийг хариуцлагаар үүрэх болно гэдгээ илэрхийлье." гэв.


Мөн энэ үеэр ИЗНН-ын дэд дарга М.Нарантуяа Нара "Ийгл" телевизийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа: "УИХ-ын сонгуульд гурав дахь удаагаа өрсөлдөж байж, сонгогдож байна. Гэхдээ энэ бол бэлэг биш, үүрэг хариуцлага.


Хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөөлөл болж чадна гэсэн итгэл байсан учраас эмэгтэйчүүд, ээжүүд ихээр дэмжсэн болов уу? Намаа төлөөлөхөөс гадна энэ чиглэлээр ажиллана гэж бодож байна.


Гэхдээ яг одоо бол тэгнэ ингэнэ гэж хэлэхэд хэцүү байна. Мэдээж ажлын хүрээнд олон зөвлөхүүдтэй болох шаардлагатай болдог юм шиг байна. Олон олон гоё юм хийх гэж бодож байна. Гэхдээ ажлаа нэн яаралтай, чухал, чухал бус гэж эрэмбэлээд дэс дараатай явах болно. УИХ-ын гишүүн боллоо гээд шидэт дохиур шиг дон дон гээд асуудал шийдчихгүй. УИХ-ын гишүүдтэйгээ хамтраад ажиллана " хэмээсэн юм.


С.Сарнай