sonin.mn

Аливаа хувьсал нь эсвэл хөгжилд хүргэдэг, эсвэл мөхөл рүү аваачдаг. Хувьсах аргаар хөгжихийн тулд хэлбэр ба агуулга зөвөөр хослон хувьсах учиртай. Тодорхой чиг рүү хэлбэржих, тодорхой чанар руу тэмүүлэх арга, замаар хөгжил, дэвшил хэрэгжих ёстой. Хэлбэр, агуулга хоёр хослон, найрсан хувьсаж байж л шинэ, дээд чанар буй болж иржээ. Амьд биетийн туулсан зам бол өмнө өгүүлсний сонгодог жишээ юм. Материйн хувьсах хязгааргүй боломж л органик молекулыг анх үүсгэжээ. Молекулжиж хэлбэржсэн нь цаашдаа эсжиж хэлбэржихэд, эсүүд тодорхой байдлаар нэгдэж, нийлж хэлбэржихэд, нэг эст, олон эст бүдүүлэг биет болж хэлбэржихэд, улмаар бактери, вирус үүсэхэд хүргэжээ. Үргэлжлэл нь хаг, замаг, нялцгай биетэн. Цаашлаад тэд махжиж, мөгөөрсжиж, ясжиж, арьсжиж, үсжиж, элдэв дүрсийг олж, усанд хөдлөх, хуурай газарт хөдлөх, шилжих, бүр агаараар ч хөдлөх, нисэх боломжийг олжээ. Өмнө дурдсан хэлбэржих процесс аажимдаа мөн хүн дүрсийг ч бүтээжээ. Хүн дүрс нь оюун ухаант амьтныг бүтээхэд ашиглагдсан байна. Хувьслынхаа явцад амьтад араг ястай болж, ясаа хөдөлгөх булчинтай болж, гадна талаа хамгаалах арьстай болж, орчинтойгоо харилцах мэдрэхүйтэй ч болжээ.


Манай дэлхий дээрх амьд биетийн үүсэл, хөгжил устай л холбоотой, уснаас эхтэй. Энэ холбоо, уялдаа нь ардын аман зохиолд ч туссан байдаг. Онон хатан ээж, хатан Туул гол гэхтэй адилтгах зүйрлэл бусад улс оронд ч элбэг буй...


Хэлбэр агуулга хоёр нийцгүй болох аваас аль ямар ч юмс, үзэгдэл тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг, үзэшгүй муухай болдог нь түүхээр нотлогдсон үнэн юм. Жишээ нь ардчилал, ардчилсан төр засаг, ардчилсан гэгдэх нийгэм (дүр эсгэсэн), ардчилсан нам. Монгол орон 36 жилийн туршид тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг, дүр эсгэсэн ардчиллын нөхцөлд аж төрлөө. Ардчиллын нэр хаягаар гадны болон дотоодын луйварчдад хууртагдлаа, дээрэмдүүллээ. Ичмээр хүнд байдалд орлоо, эдийн засгийн тусгаар тогтнолоо алдлаа. Газар доорх баялгаа ашиглах гэж оролдоод өр төлбөрт уналаа, ихээхэн үнэт зүйлээ “дээрэмдүүллээ”... Швейцарь, Дани, Норвеги, Швед зэрэг орны төрийн эрх барьж байгаа улс төрийн намууд манай Монгол Ардын Намтай ойролцоо үзэл, онолтой. Тэдгээр орны хөгжил, хүн амын нь аж байдал, боловсрол, эрүүл мэнд дэлхийд дээгүүрт ордог. Гэтэл Монголд байдал ямар байгаа билээ? Монгол Ардын Нам бас л нэг дүр эсгэсэн хуурамч, баг өмссөн улс төрийн хүчин болох нь дэлхий нийтэд ч ил боллоо, манай хот, хөдөөгийн хүн ам, сонгогчдын хувьд ч нотлогдлоо. Монгол Ардын Нам өмнө дурдсан орнуудад очиж туршлага судлаад ч ер дээрдсэн юмгүй. Яахлаараа тэр улс орнуудын улс төрчид, эрх баригчид жинхэнэ эх орончид байдаг, харин Монголынх хулхи хүмүүс байдаг юм бэ? Манайхан намынхаа үзэл, онол, зорилгод захирагддаггүй байх нь ээ. Зөвхөн дүр эсгэдэг, сонгогчдоо л хуурдаг байх нь ээ? Уул нь социал-демократ үзэл, онол бол тун сайтар боловсрогдсон үзэл, онолуудын нэгэн юм шүү дээ! Хулхи социал-демократууд, хуурамч улс төрчид, авлигачид Монгол Ардын Намын хот, хөдөөгийн удирдлагад цөөнгүй тоогоор шургалжээ, бүгжээ. Монгол Ардын Намыг эмчлэх, илааршуулах залуу үе хэзээ гарч ирэх бол оо? Социал- демократ үзэл онолдоо бат итгэдэг, үнэнчээр зүтгэдэг, шударга улс төрчид, халуун эх орончид л Монголд маань хэрэгтэй байна.


Социал демократ гэх дүр эсгэсэн хэлбэр ба авлига, булхай, луйвраар хөрөнгөжихийг эрмэлзсэн нууц хүсэл, агуулга хоёр танигдан танигдсаар, илрэн илэрсээр газар авч Монгол Ардын Намын нэр төрийг гутаалаа. Сонгогчид итгэл алдаж гутарч байна. Өөрсөддөө хэрэгтэй, өөр намын эрэлд тэд хатахнээ!

 

Социал-демократ үзэл онол уг нь Монголд маань жинхэнэ утгаараа нутагших боломж тун өндөр. Их баялаг, том газар нутаг, цөөхөн хүн ам, үндэсний үнэт уламжлал, хүмүүнлэг ёс суртахуун гэх мэтийн олон зүйлүүд энэ үзэл, онолд ургах, цэцэглэх нэн таатай суурь, хөрс болох учиртай. Гэтэл мөнхүү үзэл, онолыг баримталдаг гэгдэх Монгол Ардын Намын гишүүдийн цөөнгүй хэсгийн нь практик үйл ажиллагаа огт өөр шинж, байдалтай болчихлоо. Ам, ажлын нэгдэл, үг яриа, үйл хэргийн нэгдэл, дотоод ардчилал, сахилга батын чанар, байдал энэ намын хувьд 30 гаруй жилийн туршид уруудлаа, доройтлоо. Төрийн эрх барьж буй намын нэр хүнд, боломжийг л хувьдаа ашиглахын төлөө есөн шидийн заль, мэхтэнгүүд энэ намд, энэ намын удирдлагад шургалжээ. Намын олон нийт энэ гажуудлыг засах, арилгахын төлөө ер идэвхтэй тэмцэхгүй байна. Монгол Ардын Намыг дэмжиж санал өгөх нь эцсийн дүндээ мөнхүү нам дахь том луйварчдыг дэмжсэн болчихож байна. Энэ байдал нь намын удирдлага дахь цэвэрлэгээг бодитойгоор нөхцөлдүүлэх боллоо. Улс төр судлаачид үүнийг тулгамдсан асуудал гэж үзэх, дүгнэх болов. Цэвэрлэгээ эс хийгдвэл, явц нь хэтэрхий удааширвал, сонгогч олныг басамжилж гоо сайхны төдий засал хийж хуурсаар, мэхэлсээр байх аваас нийгэмд тэсрэлт гарч ихээхэн хохирол ч учирч мэдэх юм. Монголд нам шиг нам ч байхгүй, мөн лам шиг лам ч байхгүй хэмээн ярилцах болов. Энэ нь тун ч олныг өгүүлж байгаа цэцэрхэлт шүү. Нээрээ ч тийм юм уу гэж бодогдохоор болчихсон нь үнэн. Нийгэм дэх сайн, зөв бүхэн ч танигдчихсан, бас муу, худал бүхэн ч танигдчихсан байгаа болохоор нам бүхэн, лам бүхэн өөртөө шүүмжлэлтэй хандах л чухал юм. Уг нь хүн төрөлхтөн ухаажвал ухаажих цаг нь болсон эрин, зуун билээ.


Хүн хүнээ боол болгож, хамжлага болгож, хөлсний ажилчин болгож, цөөхөн гэр бүл ихээхэн баялаг өмчилж, хүн амын олонх нь ядууралд автаж, луйварчдад мэхлүүлж, элдэв зүсмийн эзэд, дарангуйлагчид, жанчжлагчдад захирагдаж, ноёрхуулж ханалаа шүү дээ.


Дурдсан бурангуй харилцааг хар, шар, цагаан арьстан бүгд л үзсэн, биеэрээ туулсан, бүгдээрээ л сайтар таньсан, ойлгосон зуун билээ, энэ 21-р зуун. “Одоо л нэг шударга, шулуундуу нийгэмд, боломжийн гэхээр арга, хэлбэрээр амьдрах цагтай золголоо” хэмээж, таван тивээрээ л хөөрцөглөж эхэлсэн он жилүүд хажууханд л байна. Гэвч олон зүсмийн хачиг, хувалзнууд, хулгайч, луйварчингууд бидний дэргэд маань л байцгаажээ. Тэд биднийг мөнхөд хорлосоор байх бололтой... Монголчууд "Хүн нэг бүдэрвэл долоо бүдэрдэг" гэж цэцэлжээ. Цаад гүний утга нь уг хүнд бүдрэх шалтгаан буй болжээ, түүнээ таньж, засаж, арилгаж чадахгүй бол нэмээд бүдэрсээр л байх болно гэсэн анхааруулга юм. Аливаа алдааны, өвчний гадаад шинж тэмдэгтэй биш, харин угийн шалтгаан, нөхцөлтэй нь тэмцэж, арилгаж байх нь чухал билээ. Энэчлэн, төрийн эрх барьж байгаа улс төрийн нам маань өөрийнхөө эгнээг, дотоод ардчиллаа, үйл ажиллагаан дахь дутагдал, доголдлоо олж харж, зоримог, түргэн засахгүй бол нэр, нөлөө, байр сууриа эргээд олж, сэргээж чадахгүй болтлоо алдаж ч болох юм. Удаах сонгууль хүртэлх богино хугацаанд элдэвээр бүдэрсээр л байвал сонгогчдынхоо итгэлийг бүрэн алдах аюул хаяанд нь л ирчихсэн байна даа... Хүмүүс хүмүүсдээ ах дүү, найз нөхөд мэт байдаг тийм эрин зуун хэзээ ирэх бол оо? Шунах донтолтоос хэзээ салах болоо? Дайн, дээрэм, хулгай, луйвар, авлига, мөлжлөг мэт нь үнэндээ бол өвчин, нийгмийн өвчин, гэхдээ бүрэн эдгэрэх боломжтой өвчин шүү дээ! Хүмүүс оюун ухааныхаа хүчээр, боловсрох, гэгээрэх хэрээр амьтан байх үеэс нь үүдэлтэй бусармаг бүхнээс салсаар л ирсэн түүхтэй. Цаашдаа ч салах болно. Энэ процессыг л харин түргэсгэх юмсан! Тэрбумтан гэгдэгч, дэлхийн хэмжээний тэргүүн баян гэгдэх хүмүүс ч  шуналдаа хөтлөгдсөөр, алт мөнгөнд донтсоор, бүр амиа золин шуналтсаар л байх юм. Өвчин хүндэрнээ, засал авахааргүй болтлоо ужгирна гэдэг нь л энэ байх даа! Шунал, донтолт, солиорол бол өвчин, эмгэг юм. Улс төрийн намд ч гэсэн “донтолт” гэх онош тавигддаг ажээ. Авлига, хулгай, луйврын донтолт бол цар тахал л гэсэн үг...

 



Судлаач, профессор Д.Чулуунжав