sonin.mn

УИХ дахь АН-ын бүлгийн хаалттай хурал юу болов? Шинэ даргаа сонгохоор явуулсан санал хураалтын дүнг яагаад эцэслээгүй гэх мэдээлэл гарав? Олонхийн санал тодорхой болсон атал хуралд ирээгүй гишүүдийн саналыг хүлээх шаардлага үнэхээр байсан уу?


О.Цогтгэрэл намын тамгаа өвөртөлсөөр бүлгийн хуралд орж ирсэн гэх мэдээлэл байна. Тус хуралд 37 гишүүн оролцож, бүлгийн шинэ даргыг сонгох санал хураалт явуулахад Х.Тэмүүжинг 15, Б.Түвшинг 22 гишүүн дэмжсэн гэх. Х.Тэмүүжинд санал өгсөн гишүүдийг Х.Баттулгын талынхан хэмээн тайлбарлаж байгаа юм.



Хэрэв дээрх мэдээлэл үнэн бол хуралд оролцсон гишүүдийн олонх Б.Түвшинг дэмжжээ. Гэвч санал хураалтын дараа О.Цогтгэрэл хуралд ирээгүй таван гишүүний саналыг заавал авах шаардлагатай гэж үзэж, үр дүнг эцэслэн баталгаажуулаагүй гэнэ. Тэдний дунд Х.Баттулга, Л.Гантөмөр нар багтсан гэх.



Энд нэг энгийн тооцоо анхаарал татна. Хэрэв сонголт нь зөвхөн энэ хоёр нэр дэвшигчийн хооронд байсан бөгөөд эхний санал хураалтын дүн өөрчлөгдөхгүй бол ирээгүй таван гишүүн бүгд Х.Тэмүүжинг дэмжсэн ч түүний санал 20 болно. Харин Б.Түвшингийн авсан 22 санал олонх хэвээр үлдэнэ. Тэгвэл таван гишүүний санал авах нь ямар журмын шаардлага байсан, шийдвэрийг эцэслэхэд яагаад саад болсон бэ?


Бүлгийн даргыг сонгох журамд бүх гишүүний саналыг авах, эсвэл тусгай босго хангах шаардлага бий бол түүнийгээ тодорхой тайлбарлах учиртай. Харин ийм шаардлага байхгүй атал олонхийн сонголтыг баталгаажуулаагүй бол асуудал өөрөөр тавигдана. Санал хураалтын үр дүн хүссэнээр нь гараагүй учраас шийдвэрийг хойшлуулсан уу гэсэн асуултаас намын удирдлага зайлсхийхэд хэцүү.



Үүнтэй зэрэгцэн О.Цогтгэрэл Х.Баттулгын талтай урьдчилан тохиролцсон байсан уу, бүлгийн даргын суудлыг тэр тохиролцооны хүрээнд шийдэхээр төлөвлөсөн үү гэх хардлага үүсэж байна.



Санал хураалтын дүнг эцэслээгүй шалтгаан тодорхой бус байгаа нь ийм хардлага төрөх хөрс болж байна.


Хаалттай хурал хийж болно. Гэхдээ хаалттай хуралдсан гэдэг нь гарсан шийдвэр, баримталсан журам, олонхийн саналыг хэрхэн тооцсоноо тайлбарлахгүй байх шалтгаан биш. АН-ын удирдлага 22:15 гэсэн дүн үнэн эсэх, санал хураалт дууссан эсэх, дуусаагүй бол ямар үндэслэлээр үргэлжлүүлэхээр болсныг тодорхой болгох шаардлагатай.


Бусдад ардчилал ярьдаг нам өөрийн дотоод сонгуульдаа ч тэр зарчмаа баримтлах ёстой. Олонхийн санал хүссэн үр дүнтэй нь нийцсэн үед л хүчинтэй байдаг байж болохгүй.


Хаалттай хурлын цаадах тохиролцоо бүтэлгүйтэв үү? гэдэг асуулт хариулт хүлээж байна.


Г.Бямба