Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс багагүй мэднэ. Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Харьков, Херсоноос оросын цэрэг шившигтэй хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан, миний зөв! Одоо бол стратегийн ялагдал хүлээхэд Орос тун ойртсон!
Дани улсад Батлан хамгаалах тагнуулын алба гэж байдаг юм байна. Тэндээс Оросын дайны бүтэлгүйтэл, Оросын эрх баригчдын аман заналхийлэлд дүн шинжилгээ хийсэн нийтлэл оруулсныг “Axios” сайт товчлон авч тавьсан, тэр сайтын орос орчуулгыг оросын сөрөг хүчний эх сурвалжаас нь орчуулъя.
Орос улс Украин руу халдан түрэмгийлээд бүтэн 4 жил хагас байлдаад юунд хүрэв? Ердөө л хоёр үр дүнтэй. Бөөн эрсдэл Орос орон үүрч байна, нөгөөх нь нутаг дэвсгэрийн багахан газрыг эзлэн авахын тулд маш хүнд гарз хохирол амсаж буй. Нэмээд Барууны орнуудын эсрэг хорлон сүйтгэл, кибер-атакаа яаж ийгээд алдаг оног үргэлжлүүлж байгааг нь амжилт гэж үзэхэд хэцүү. Ийм нөхцөлд “Оросын аюул” гэж байна уу? НАТО-гийн гишүүн ганц нэг улсын агаарын хил рүү дроноор халдсан, пуужин чиглүүлж хөөргөсөн, Балтийн тэнгист жижиг фрегат, нисдэг тэргээр будлиан тарьсан гээд байх нь байна, гэхдээ тэр бол Орос ялалтандаа эрэмшээд үйлдэж буй биш, анхаарал сарниулах, зүгээр л айлгах арга тактик нь болохоос цэргийн том хүчээр НАТО-гийн ямар ч улс руу халдаж чадахгүй, чадахгүй гэдгээ ч оросын генералууд ойлгож байгаа. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хэлснээр Оросын эсрэг зүгээр л санкц тавиад байхад, дээр нь чухал дэд бүтэц рүү нь цохилт өгөөд байхад Орос хөмрөхөөр болж байна. Оросын эдийн засаг гүн гүнзгий хямралын ирмэг дээр дэнжигнэн байна. Батлан хамгаалах зарлага, олон улсын санкц хоёр хослоод Орос орныг ийм ангалын ирмэгт аваачлаа. Дайнд 1 сая хүнээ алдлаа. Энэ зуны байдлаар бол шинээр татаж авчирснаасаа үхэл хорогдол нь хамаагүй давлаа. Украин ба Украины түншүүд руу халдая гэж Владимир Путин хичнээн хүсэвч НАТО-гийн гишүүн орнууд руу халдах ямар ч шинж тэмдэг дохио сануулга бид олж харахгүй байна.
Бидэнд мэдэгдэж байгаа, нийтэд тодорхой болсон ОХУ-ын хохирол гэж юу вэ? Зөвхөн энэ оны эхний 8 сарын байдлаар оросын арми 250 мянган цэргээ алдсаныг Владимир Зеленский мэдээлсэн.
Энэ ямар тоон үзүүлэлт вэ гэвэл хүн ам нь 250 мянгаас дотогши байгаа дэлхийн 21 улс оршиж байдгийг нь зүгээр харьцуулаад үзэж болно. Наймхан сарын дотор Орос ийм их цэргийн албан хаагчаа ухаангүй дайндаа алдчихсан байна. Гэтэл энэ 8 сардаа тэд үхлээрээ юу бүтээв? Ердөө 1000 гаранхан хавтгай дөрвөлжин км газрыг эзлэн авахчаан болжээ. Тэгтэл Украины зэвсэгт хүчин зөрүүлээд алдсан газрынхаа үлэмж хэсгийг чөлөөлчихсөн байдаг. Орос орон украины газар нутаггүйгээр өөртөө 17 сая хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Тэр 17 сая дээрээ 1000-ханыг нэмэх гэж байж Путин 248 цэргээ 1 км тутамд амийг нь зольжээ. Ийм нөхцөлд Оросын эрх баригчдын аман заналхийлэл хичнээн их урсаад ч нэмэргүй болжээ–Данийн тагнуулын дүгнэлт.
The Telegraph сонинд Кон Кофлин гэдэг тоймч бисчэнийг оросын сөрөг хүчний эх сурвалжаас сонирхоё. Оросын дарангуйлагч Владимир Путины төлөвлөгөө юу вэ? Тэр төлөвлөгөөнд цэргийн зардлаа хоёр дахин өсгөнө, гэхдээ тэр их мөнгийг татвараа өргөн хүрээнд огцом нэмэх журмаар бүрдүүлнэ гэсэн нь Барууны зарим лидерүүдийг болгоомжлоход хүргэж байна. Путин нэгэнтээ ухрах гарцгүй болсон, тийм учраас НАТО-г өдөөн хатгаж магадгүй.
Москвагийн төлөвлөгөөгөөр цэргийн зардал нь 2027 онд 27% нэмэгдэж 17.1 их наяд рубль (204 тэрбум орчим доллар) болно. Украины фронтод удаа дараа, бүр тасралтгүйгээр бүтэлгүйтэлтэй тулгарч байгаа ч гэсэн Путин эзлэн авахдаа биш, харин янз үзээд Европын өргөн хүрээтэй дайны өдөөн хатгалга үйлдэхээс сийхгүй.
Гэхдээ энэ их зардал ОХУ-ын хүн амын санхүүгийн бэрхшээлийг улам гааруулна. Хүн амын орлого илт буурч байна, эрүүл мэнд, боловсрол зэрэг үндсэн үйлчилгээнд зарцуулах улсын төсөв эрс танагдана. Барууны санкц, Оросын эрчим хүчний дэд бүтэц рүү онилсон украины цохилтоос болж Оросын эдийн засгийг эрүүлжүүлэх хэтийн төлөв гэж манан дунд байна. Кремлийн цэргийн машиныг өөд татах гэсэн Путины шийдвэр бол аргаа барсан, бүр цөхөрсөн авантюр бөгөөд тэр нь яван явсаар энхүү деспот дэглэмийг өөрийг нь сүйрэлд хүргэж мэднэ. Цэргийн төсвөө хоёр дахин нэмдэг энэ төлөвлөгөө Зөвлөлт Холбоот Улс 1991 онд нурж унахад хүргэсэн тэр аюулыг дахин сануулж байна. Хэрэв Путин энэ авантюраасаа салахгүй бол Брежневийн үеийн харамсалтай түүх давтагдаж магадгүй.
Афганистанд 1979-1989 онд Москвагийнхан цэргийн ажиллагаа, тэгэхдээ өөртөө сүйрэл дагуулсан интервенц хийсэн, тэр нь явсаар Зөвлөлтийн блокийг нураасан гол хүчин зүйл болсон.
Тэр үед Зөвлөлт улсад хэрэглээний барааны дефицит, цэрэг-аж үйлдвэрийн комплексын үр ашиггүй урвуу үйлдвэрлэл сургамж болж үлдсэн бол одоо Украинтай явуулж буй дайн нь Кремлийн хувьд зөвлөлтийн “Афган авантюр”-ыг санагдуулам өндөр өртөгтэй өрнөж байна. ТТГ-ын захирал Жон Рэтклифф мөнөөхөн Орост айлчлахдаа оросын дээдчүүлд энэ баримт, сургамжийг ятгаж ойлгуулахыг хичээсэн. Тэрээр бүр ТТГ-ын илтгэлийн дүгнэлтийг авч очсон. Оросын эдийн засаг нурлаа шүү, “Хүйтэн дайн”-ы төгсгөлд Зөвлөлт Холбоот Улсад тохиосон шиг үйл явдал болох нь байна шүү хэмээн тэрээр анхааруулах гэж Москвад очсон хэмээн The Telegraph сонинд Кон Кофлин бичжээ. Төгсгөлд нь би олон удаа давтан өчдөгөө дахин давтая. Би бол Оросыг, Оросын ард түмнийг үзэн ядагч огт биш. Би бол шударга бус энэ дайныг үзэн ядагч. Путины толгойлсон өнөөгийн Оросын дайны хэнээт эрх баригчид тусгаар тогтносон Украины эсрэг түрэмгий дайн өдөөгөөд, одоо тэр дайндаа бүдрээд унасан, Орос эх орноо амьдын там руу түлхэж байна гэж л үздэгээсээ буцахгүй!
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Пүрэв - 10 сарын 01,
2026
Сэтгэгдэл1
Зөв л бичжээ! Путин Украины жаахан газар нутгийг авах гэж шунасандаа биш, ерөөс эх орондоо нэр хүндийн нөөц цэнэг нь дуусчихаад Крымыг булаах г.м. орос хүмүүсийн "эх оронч" хийрхэлийг хөөргөх гэнэтийн цочмог эрс үйлдэл хийж, албан тушаалдаа байх хугацааг бага ч гэсэн сунгах гэсэн амиа хоохойлох арга хайж байгаа юм!!! Түүнд олон мянган цэргийн амь нас огтхон ч падгүй, багаас дутуугийн комплекстой өссөн хүн юу ч хийхээс буцахгүй!!!