sonin.mn

Үер усыг улстөржүүлэх нь нэг тийм увайгүй санагдаад байгаа юм. Тэр тусмаа “Үер ус боллоо” гээд байхаар нь сэргийлэх гэхээр “Үер ус хамаагүй, бургас шавар чухал” гээд явчихдаг бол яг л сэтгэл хуваагдлын эмгэгийн жишээ шиг зүйл. Саяхан даа, ХҮН-аас нэр дэвшүүлсэнгүй гэсэн үү, жагсаалтад оруулаагүй болохоор нь уу мэдэхгүй. Намын дарга Т.Доржхандынхаа өрөөнд лайвдаж байгаад өргөдлөө өгөөд гарсан Намсрайжав Энхчимэг гэдэг эмэгтэй Баянгол дүүрэгт “Үндэсний эвсэл”-ээс нэр дэвшиж яваа. Ямар ч байсан дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч ажилтай тэрбээр УИХ-ын гишүүн болохоор эгнэгт шийдсэн юм байна.


Тойрог тойрогт хүн дутагдалтай намуудын хаалга шагайж явсаар нэр дэвшилтийн мандаттай ч болжээ.


Харин одоо танигдах нь чухал байж таарна. Үндэсний бөхийн улсын аварга Н.Батсуурь дүүг нь гэхээс өөрийг нь олон нийт мэдэхгүй. Санал хураах өдөр ч тулчихлаа. Ингээд үерийн эсрэг хийж буй ажлуудыг бариад авч. “Ингэж болохгүй ш дээ. Энэ чинь одоо юу болж байгаа юм. Ажлаа хийгээчээ” гэсэн үгсийг урсгана.

Танд тайлбарлаж өгье дөө. Хот үерт автахгүйн тулд ажлаа хийж байгаа юм аа. Салбарын мэргэжилтнүүд нь ч үүнийг хийхийг олон жил шаардсан. Хотын голоор урсдаг голыг яагаад далантай болгодог вэ гэхээр хаших гэж тэр юм. Энэ чинь хээр тал биш Улаанбаатар хот. Тэр хашлагыг нь лаг шавар дүүргээд, голын гольдиролыг нь цэвэрлэхгүй байсаар бургасаар бүрхэчихээр ус урсдаг газраараа урсахгүй байр байшингуудыг живүүлээд байгаа хэрэг. Таны нэр дэвшиж байгаа Баянгол дүүргийн чинь гол асуудлыг наана чинь хүмүүс шийдэж байна.


Улс төр сонирхож байгаа хүн юун түрүүнд өөрийн амнаас гарах үгийн талаар мэдэгдэхүүнтэй болох нь чухал.


Цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын газраас гамшиг болох эрсдэл өндөр байгааг анхааруулсаар байгаа. Өнгөрсөн жил хотыг живүүлсэн үер ердөө 30-хан минутын борооных байсан юм. Сая хэдэн өдрийн бороонд хэдий их ус тогтсон боловч хот дажгүй тэслээ. Энэ бол яг Баянгол дүүрэгт нэр дэвшигч Намсрайжав Энхчимэг таны шүүмжлээд байгаа шиг ажлуудыг хийсний үр дүн юм.


Борооны усыг хуримтлуулах хиймэл нуур үүсгэсэн тулдаа, Сэлбэ голын хөндийг дагасан объектуудаас чөлөөлсөндөө тэсэж гарсан юм. Одоо харин лаг шаварыг нь цэвэрлэж байна. Бургасыг нь цөөлөх ч шаардлага үүссэн. Энэ талаар таньдаг мэддэг дендрологич байдаг бол асуугаад мэдээрэй гэж хүсье.

Одоо ирэх долоодугаар сард байтугай өнөө маргаашгүй эхлэх бороо хэдэн өдрөөр үргэлжлэх прогноз байна. Ийм нөхцөлд урьдчилан сэргийлэх ажил хийж л таарна. Улстөржилт, сонгууль өнгөрнө. Аль нам нь ч ялсан бай Улаанбаатар хот нүүгээд явчихгүй хойно эндээ байж л байна. Бороо нь ороод үерлээсэй, үер буухад битгий саад болоосой гэж бодох хэмжээний богино бодолтой хүн юм бол та дүүрэгтээ дахиад жаахан ажиллаж, аливааг таньж мэдэх байж дээ.