sonin.mn

СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 24 /The Korea Economic Daily/. Өмнөд Солонгосын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 26 их наяд воны (19 тэрбум гаруй ам.доллар) урамшууллын багц арга хэмжээг Ерөнхийлөгч Юн Сог Ёль пүрэв гарагт танилцуулжээ. 



Энэхүү алхам нь хиймэл оюун ухаан ба тооцооллын бусад салбарт дэвшилтэт чипүүдийн эрэлт нэмэгдэж байгаа энэ үед чип үйлдвэрлэгч “Samsung Electronics Co”, мөн “SK Hynix Inc.” зэрэг компаниудыг дэмжих зорилготой юм.



Тус улсын эрх баригчид ширүүн өрсөлдөөнтэй хагас дамжуулагчийн зах зээлд чипийн загвар, гэрээт үйлдвэрлэл зэрэг салбарт хоцрохгүй байхыг зорьж байна. Дээрх багцад үйл ажиллагааны тодорхой чиглэлүүдэд хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын хөнгөлөлтийг өргөжүүлэх зорилгоор Солонгосын хөгжлийн банкаар дамжуулан 17 их наяд воны санхүүгийн тусламж үзүүлэхээр тусгажээ.


"Бид бүхний мэдэж байгаачлан хагас дамжуулагчийн зах зээл бол улс орнуудын хооронд дайн болж буй талбар юм. Энэ дайнд ялах, ялагдах эсэх нь хэн түрүүлж дэвшилтэт чип бүтээж чадахаас шалтгаална” гэж Юн Сог Ёль засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай уулзах үеэрээ хэлсэн байна. 


Хагас дамжуулагчийн төхөөрөмж үйлдвэрлэгчид болон чип (үйлдвэрлэхгүйгээр) зохион бүтээдэг компаниудыг дэмжих зорилгоор 1 их наяд воны тусгай сан бий болгоно гэж Юн Сог Ёль онцлон тэмдэглэжээ. Түүний хэлснээр, дэлхийн чип хөгжүүлэлтэд Өмнөд Солонгос нь ердөө 1 орчим хувийг эзэлж байгаа аж. Дэлхийн чип хөгжүүлэгч шилдэг 50 компанийн жагсаалтад Солонгосын цорын ганц компани багтсан нь “LX Semicon Co.” юм.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг