sonin.mn

Ардчилсан намын ээлжит “4:11 мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин шүүхийн үйл ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа болон Хөгжлийн банкны хэргийг буцаасан шийдвэртэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.


Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан шударгаар шүүлгэх эрх бодит байдал дээр хэрэгжихгүй байгааг шүүмжилж, шүүхийн байгууллага хуулиар олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлж байна гэж мэдэгдэв.


Х.Тэмүүжин “Үндсэн хуульд заасан шударгаар шүүлгэх эрх хоёр үндсэн агуулгатай. Нэгдүгээрт, шударгаар шүүлгэх, хоёрдугаарт, өөрт холбогдох хэрэг, маргааныг шүүхээр нэн даруй хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх эрх юм. Гэтэл өнөөдөр энэ хоёр эрхийн аль аль нь бодит байдал дээр хэрэгжихээ больсон. Иргэдийн шүүхээр шийдвэрлүүлэх асуудал нааш цааш буцсаар найм, арван жил үргэлжилдэг болсон. Хэрэг шийдвэрлэх хугацаа нь хэмжигдэхээ больж, шударгаар шүүлгэх үндсэн зарчим алдагдаж байна” гэв.


Тэрбээр Хөгжлийн банкны хэргийг Улсын дээд шүүхээс буцаасан шийдвэрийг жишээ болгон дурдаж, шүүх төвийг сахисан байр сууриа алдаж, яллах чиг үүрэг хэрэгжүүлэх болсон хэмээн шүүмжиллээ.



“Шүүх өөрөө шүүх байж чадахаа больсон. Хөгжлийн банкны хэргийг Улсын дээд шүүх буцаасан нь үүний нэг илрэл. Шүүх хэрэг, маргааныг нотлох баримт, талуудын мэтгэлцээнд үндэслэн шийдвэрлэх ёстой.



Гэтэл "Та нар асуудлаа дутуу шалгасан байна. Дахиад шалгаад, илүү сайн нотлоод аваад ир. Тэгвэл би шийдвэр гаргая" гэсэн байдлаар хандаж байна. Энэ бол шүүхийн бус, яллагчийн буюу прокурорын чиг үүрэг юм.

Шүүх урьдчилан итгэл үнэмшилтэй болж, түүнийгээ батлуулахын тулд хэргийг буцааж болохгүй. Шүүхийн үндсэн үүрэг бол төвийг сахиж, нотлох баримт, мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх явдал” хэмээн онцоллоо.


Мөн тэрбээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль тогтоомжид шүүхээс хэрэг буцаах зохицуулалт хэрхэн өөрчлөгдөж ирснийг тайлбарлав.


“Монгол Улсад өнөөдөр шүүхээс хэрэг буцаадаг хууль байхгүй. 2016 онд анх батлагдсан хуульд ийм зохицуулалт байгаагүй. Харин 2017 онд шүүхээс хэрэг буцаах боломжийг бий болгосон. Улмаар 2022 онд уг зохицуулалтыг хуулиас хассан. Гэтэл шүүхүүд хуульд байхгүй зохицуулалтыг хэрэглэж, хэрэг буцаасан шийдвэр гаргасаар байна. Энэ нь шүүгч гагцхүү хуульд захирагдах Үндсэн хуулийн зарчим алдагдсаны илрэл” гэв.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан хууль ёсны байх зарчмыг дурдан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн заалтыг чанд сахих үүрэгтэйг санууллаа.


Х.Тэмүүжин “Хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч албан тушаалтнууд хуулийн заалтыг чанд мөрдөх ёстой. Хэрэв энэ зарчмыг зөрчсөн бол гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх зохицуулалттай. Гэтэл 1700 хэрэгт буцаах шийдвэр гаргасан шүүгчдээс нэг нь ч хариуцлага хүлээгээгүй байна. Энэ асуудал зөвхөн анхан шатны шүүхэд бус, Улсын дээд шүүхээс эхлээд бүх шатны шүүхэд байна” хэмээн мэдэгдэв.


Тэрбээр хуульд заасан журмаас гадуур хэм хэмжээ тогтоосон шийдвэр, журам гаргахыг хориглодог болохыг мөн онцолж, шүүхийн байгууллага өөрөө хууль дээдлэх зарчмыг үлгэрлэн хэрэгжүүлэх ёстойг тэмдэглэлээ.


“Хууль зөрчиж, хуульд байхгүй үндэслэлээр шийдвэр гаргасан бол түүнийг хүчингүй болгож, гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой. Гэтэл Улсын дээд шүүх өөрөө үлгэр дуурайл үзүүлэхийн оронд хуульд байхгүй үндэслэлээр хэрэг буцаасаар байна” гэж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин шүүмжилсэн юм.


М.Чой