sonin.mn

САИН намаас мэдээлэл хийж, Засгийн газарт шаардлага хүргүүллээ.


Энэ үеэр САИН намын дарга Б.Жагар: " Монгол Улсад эдийн засгийн болон мөнгөний бодлого алдагдсанаас болж ард түмний нуруун дээр, аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн дарангуйлал тогтож байна. Үүний эсрэг бид САИН намыг байгуулахаасаа өмнө ч тэмцэж байсан. Одоо ч тэмцэж байна. Төрийн алдаатай шийдвэрүүдээс шалтгаалан олон аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьж, иргэд өр зээлээ төлж чадахгүйгээс үүдэн нийгэмд сөрөг үр дагаврууд гарч байна. Үүний тод жишээ бол Монгол банкны хар жагсаалтанд иргэд, аж ахуйн нэгжүүд хэдэн зуун мянгаараа орж, 6 жилийн хугацаанд эдийн засгийн эрх чөлөөгөө хасуулдаг.



Монголын төр 30 гэр бүлийг буюу хүчтэйг нь тэжээхийн төлөө өвдөж байна. Шударга нийгэмд төр нь иргэдээ сайхан амьдруулахын тулд толгой нь өвддөг байх ёстой.



Сонгуулиа хүртэл луйвардахаар бэлдчихсэн байна. Сонгуулийг худалдаж авдаг цөөн гэр бүлийн төлөө Монголын ард түмэн мөлхөж, өлөн зэлмүүн, ядуу зүдүү амьдарч байна. Үүний эсрэг шаардлагыг САИН намаас УИХ, Засгийн газарт удаа дараа хүргүүлсэн. Иргэдийнхээ мөрөөдлийг биелүүлэхийн төлөө бид зүтгэсээр байх болно. " гэсэн бол


САИН намын УЗ-ийн гишүүн Ч.Нямсамбуу: " Монгол Улсад сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тасралтүй өсөж, иргэдийн нуруун дээрх ачааг хүндрүүлсээр байна. Үүний эсрэг шаардлагатай, оновчтой арга хэмжээг УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлэхгүй байна. Үнийн өсөлтийн шалтгаан нь хэт өндөр хүүтэй зээлүүд, татварын бодлого алдагдсан, гадаад вальютын ханш тогтворгүй, иргэдийг дэмжих бодлого оновчгүй, үр дүнгүй байна гэж үзэж байна. Иймд Засгийн газар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, үнийн өсөлтийг зогсоож, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах оновчтой арга хэмжээг яаралтай авахыг шаардаж байна. " гэлээ.


Харин САИН намын зөвлөх н.Чимэгсайхан: " ЖДҮ болон бага хүүтэй зээлийг ордонд сууж байгаа ах эгч нар маань дээгүүрээ хуваагаад идчихдэг. Иргэддээ хүрдэггүй. Банкнаас зээл авах гэхээр шаардлага хангадаггүй. 3 хувийн хүүтэй зээлийг авах нь бүү хэл үртэс нь ч олддоггүй. Бага хүүтэй зээлийг өөрсдөө хувааж аваад, иргэддээ хүүлж, банк бус байгууллага, ломбард, цахим зээл нэрээр иргэдээ шулж байна.



Ордонд сууж байгаа ах, эгч нараа та нар хэдий болтол бидний боломжийг хулгайлах вэ? Залуус бид яагаад хүний нутгийг зорьж, хүнд хөдөлмөр эрхлэх ёстой юм бэ?



Бүгдээрээ эх орондоо эзэн байя. Эзэнгүй төрийг эзэнтэй болгоё. Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлье. Ордонд сууж байгаа ах, эгч нараас аз жаргалыг хайгаад, олон жил хүлээлээ, горьдлоо. Хонгилын үзүүрт гэрэл асахыг удаан хүлээлээ. Одоо аз жаргалыг өөрсдөө бий болгож, эх орныхоо эзэн нь байцгаая. " хэмээлээ. 



М.Чой