sonin.mn

Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагчийн ажлын албанаас Батлан хамгаалах үйл ажиллагаа, ёс зүй болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга дэг журмыг бэхжүүлэх сургалтыг Зэвсэгт хүчний бүх анги, салбар нэгж, харьяа байгууллагуудад зохион байгуулж буй. Энэ хүрээнд өнөөдөр нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын 50 гаруй офицер, ахлагч нарт тус сургалтыг зохион байгуулсан юм.


НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Уг сургалтаар Батлан хамгаалах салбарт Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэн, санал солилцлоо. Түүнчлэн цэргийн алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх нь нэн шаардлагатай” гэдгийг онцлов.

Сургалтыг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ерөнхий хянан шалгагчийн Ажлын албаны дарга, хурандаа Т.Мөнхбаяр, ҮБХИС-ийн ЦНДС-ийн доктор, профессор хошууч Г.Пүрэвсүрэн, Багшийн хөгжил цахим сургалтын төвийн доктор Д.Оюунбилэг нар удирдан явууллаа. Мөн НЗДТГ-ын Цэргийн штабын Ёс зүйн дэд хорооны 2024 оны хоёрдугаар улирлын төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны Удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Ганболд цэргийн дотоод албаны дүрэм, цэргийн алба зохион байгуулах, дүрэмт хувцас өмсөж хэрэглэх зааврын талаар танилцуулсан юм.