Энэ жил дэлхийн 62 улс сонгуультай. Тэдний нэг нь Монгол Улс юм. Шинэ тутам хуулийн дагуу анх удаа бүсчилсэн 13 том тойргоос 126 гишүүнийг сонгоно. Сонгуульд 23 нам, хоёр эвсэл өрсөлдөх болзлоо хангасан. СЕХ зөвшөөрсөн. Эндээс ойрд үзэгдээгүй нүсэр сонгууль болох нь анзаарагдана. Хэдэн ч нэр дэвшигчтэй болох юм, бүү мэд.
Тамтаггүй олон нэр дэвшигч өрсөлдөх нь л тодорхой юм. Хэвлэлүүд, нийгмийн сүлжээгээр дүүрэн нүд эрээлжлүүлж, толгой эргүүлэм олон нэр дэвшихийг горилж буй хүмүүс байгааг харж байна.
Үнэнийг хэлэхэд, “…Дур эзнээ голохгүй” гэдэг шиг хүмүүс ч “горьдоод” яваа аж. Тийм горилогчид горьгүй л харагдаж байна. Мэдээж хэрэг, “…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” хэмээн Үндсэн хуулийн 16.9-д Монгол Улсын иргэний эрхийг тунхаглачихсан Тийм учраас УИХ-ын 2024 оны сонгуульд хуулийн шаардлага хангасан хэн ч нэр дэвших эрхтэй. Тэгэхээр хэн ч нэр дэвшиж л таараад байгаа юм.
Ер нь бол хотод ч, хөдөө ч яваад ирж байгаа нэр дэвшигчдийг УИХ-д орж суугаад ямар хууль дээр яаж ажиллах вэ гэдэг ганцхан талаас нь харах ёстой. Гэвч одоогоор яг бодлого, хөгжлийн төлөвлөгөө боловсруулчихсан, түүнийгээ яриад яваа нь бараг алга.
Ерөөсөө, элдвийн популизм, уянгын халил хоёроороо панаалдаж байгаад санал зулгаачих санаатай байх шиг… Торгон дээлээр ижилсэж, том том популизм ярьсан “нэр дэвшигчид” хангай, говь, төв, зүүн, баруун бүсүүдэд бүгдэд нь явцгааж байна. Бүсчилсэн том тойрогт жаахан түүртэсхийж, удам судраа ухаж байгаад тойргийнхоо аймаг, сум бүрт хамаатчих “баримт” олоод, түүнийгээ “чулуу” болгочих санаатай л үзэж тарж явах шиг байна. Тэгээд болоогүй, морь, мотоцикль, машин, онгоц гээд унахгүй “техник”-гүй. Уултай, устай, хүнтэй, малтай, бүр нохойтой нь гээд “сээлфий”-дэхгүй юмгүй. Дуулна, уйлна, шүлэг уншина гээд чадахгүй зүйлгүй. Ингэвэл танигдана гээд итгэчихсэн байна.
Уг нь бид энэ сонгуултиар реалити шоуны оролцогч биш Төрийн түшээдийг сонгох гээд байгаа юм. Тэд төр түшиж, хууль тогтоох өндөр үүрэг, хариуцлага үүрэхээр яваа юм шүү дээ.
Тиймийн тул сонгох бид л учрыг нь олох ёстой болж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, тэднийг хаана очиж гэж, юу хийх гэж ингэж явааг нь бид л мартахгүй байх ёстой юм байна. Дэрээс нь, энэ удаагийн улс төрийн намууд, улстөрчдийн сонгуулийн тактикт ч шинэ зүйл алга. Намууд нь нөгөө л хар PR-аасаа, нэр дэвшихийг горилогчид нь дээр хэлсэнчлэн популизм, уянгын халилаас салаагүй, цаашхыг сэдээгүй л байна. Энэ хэвээрээ л сонгуульдах шинжтэй. Уг нь Монгол Улс маань 1992 оноос хойш ес дэх удаагийн УИХ-аа байгуулах байгаа шүү дээ. Тоо талаас нь дүгнэвэл туршлага суучихсан байх ёстой. Гэтэл улс төрийн намууд, улстөрчдийн хандлагаас харвал сонгогчдоо нөгөө л 1990-ээд оноор нь төсөөлсөн хэвээр л бололтой.
Тэгэхээр ирэх сонгуулийн дараа ямар УИХ бүрдэх нь сонгогчдоос шууд шалтгаална. Санал өгөхдөө илүү няхуур, нямбай хандах шаардлагатай. Гишүүдийн тоо олон болж, 100 давсан ч хэнийг ч хамаагүй сонгоод УИХ-д оруулчихаж болохгүй юм байна. Тэгэх нь том уршиг дагуулна.
Учир нь Монгол Улс яг одоо салаа замын уулзвар дээр ирчихсэн. “…Хөгжих үү, хөших үү” гэдэг гарц дээр зогсож байна. Хамгийн сүүлд батлагдсан Баялгийн сангийн хууль хүртэл цаашаа яаж хэрэгжих нь энэ сонгуулиар байгуулагдах УИХ, Засгийн газраас шууд шалтгаална. За тэгээд, улс төр, нийгмийн амьдрал энэ тэр бас л шулуухан хамааралтай. Тэгэхээр сонгогчид бид л хариуцлагатай байх хэрэгтэй юм шиг байна. Тиймээс дахиад хэлье. Хэцүү сонгууль болно. Хэрсүү л байгаарай, таминь?
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл6
УИХ 126 хулгайчтай болно. Хулгайчдын маш их болно. Монголд амьдрал улам хэцүү болно.
Хохь чинь гэе
Эх орон Монгол улсаа бас өөрийгаа бодож танигдсан хулгайчдын эсрэг, тэдний гэмт бүлэглэлийн эсрэг саналаа өгнө шүү монголчууд аа.Сонгуулиар асар их мөнгө цацаж яваа этгээдүүд улс орныг минь сүйрүүлэх гэж эрх мэдэл рүү улайрч байгаа нь ойлгомжтой хэн мөнгө тараана тэр монголын дайсан.
Бараг 1 мётр урт цаасыг бөглөх юм байна лэ ! Санал өгөх өдрөө сунгах хэрэгтэй ! 100 хүнээс 10 нь л энэ цаасыг зөв бөглөж чадах байх ! маш олон хуудас хүчингүй болно ! Тэгэж тэгэж сонгууль нь дууссан болоод МАН ын ялалтыг зарлах байх да хөөрхий ! Ялагдсан хүчнүүд зөвшөөрөхгүй гэж орилолдоод талбай дээр цуглаад МАН ын байр лу довтлоод дахиад шатаачихвал сайн л байна !
УИХын гишүүн сонгохдоо ядахдаа царай зүс харж байж сонголтоо хийцгээ. Манигар нүүртэй.гахай нүдтэй.данх лонхон толгойтой , том хар чихтэй,шулга хэлтэй, бусдыг мичлэн дууриаж навсаганаж татганадаг хулгайчуудыг БҮҮ сонгоцгоо.
Уг нь бид энэ сонгуултиар реалити шоуны оролцогч биш Төрийн түшээдийг сонгох гээд байгаа юм. Тэд төр түшиж, хууль тогтоох өндөр үүрэг, хариуцлага үүрэхээр яваа юм шүү дээ.