sonin.mn

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг зургаадугаар сарын 28-ны өдөр зохион байгуулна. Энэ удаагийн парламентын ээлжит сонгуульд 23 нам, хоёр эвсэл, 70 орчим бие даагч өрсөлдөхөөр хуулийн хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ өгсөн. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвших болзлыг хангасан, бичиг баримтын зөрчилгүй нам, эвсэл нэр дэвшигчдэд батламжийг гардуулан өглөө. Тиймээс гуравдагчдын орон зайд өөрийн өнгө төрх, бодлогоороо ялгарч буй ШИНЭ нам, МУНН-ын Шинэ нэгдсэн эвсэл ч батламжаа гардаж авсан. Энэ үеэр ШИНЭ намын үзэл баримтлал, бодлогыг сонгож ирсэн залуусын төлөөлөл ч оролцож, үзэл бодлоо хуваалцсан юм. Ингээд Шинэ нэгдсэн эвслийн тэргүүн болон бусад төлөөллүүдийн сэтгэгдлийг нь сонслоо. 


ШИНЭ НАМЫН ДАРГА Ц.ГАНТУЛГА:


ШИНЭ нам, МУНН-ын Шинэ нэгдсэн эвсэл 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох эрхийн батламжаа гардаж авлаа. Манай эвсэл есөн зүйл, 81 заалттай, гурван том хэсгээс бүрдсэн Мөрийн хөтөлбөр боловсруулсан. Өнгөрөгч 2020 оны сонгуульд ШИНЭ нам 241 мянган хүний санал авсан ч харамсалтай нь энэ санал гээгдэж, бид парламентад суудал авч чадаагүй. Гэхдээ бид ялагдлаа гээд хойш суугаагүй, өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд Монгол Улсын 60 гаруй эрдэмтдээс бүрдсэн баг бий болгож, батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, эрх зүй гэсэн таван гол салбарын чиг хандлагад тулгуурлан хөгжлийн бодлого боловсруулсан. Тиймээс ард иргэдээ шинэ сонголт хийж, шинэ хөгжлийн, шинэ мөнгөний бодлогыг дэмжих, цаашлаад шинэ Үндсэн хуультай, шинэ төртэй болох сонголт хийнэ гэдэгт найдаж байна. Мөн бусад улс төрийн намууддаа ч эх орон, ард түмнийхээ төлөө шударга сайхан өрсөлдөхийг уриалж байгаагаа илэрхийлье. Бид нам дотроо хулгайчгүй, ардаа ямар нэг улс төрийн хүчин, эрх мэдэлтэн байхгүй өрсөлдөнө. Зөвхөн мэргэжлийн чадварлаг сэхээтнүүд дээр тулгуурласан баг хамт олныг УИХ-ын сонгуульд сойж байгаагаараа онцлогтой. Монгол Улс орших уу, эс орших уу гэдэг сонголтын өмнө байгаа учраас зөв сонголт хийгээсэй гэж хүсэж байна. 


ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР Т.БАЯРХҮҮ


Шинэ нэгдсэн эвсэл албан ёсоор сонгуульд оролцох батламжаа авлаа. Эвслийн тэргүүн, дарга маань сонгуульд оролцох шинэ төр, шинэ бодлогын уриагаа хэллээ. Энэ сонгуулиар Шинэ нэгдсэн эвсэл ард түмэндээ, улс эх орондоо, үндэснийхээ онцлогт таарсан шинэ онолтой орж байгаагаараа бусдаас давуу талтай. Шинэ мөнгөний бодлого, шинэ онолын дагуу үүсчихсэн байгаа мөнгө санхүүгийн буруу тогтолцоо, өр зээл гээд үндсэн суурь хямралын шалтгаануудыг арилгаж, цаашдаа мөнгө хүүлдэггүй, зээлийн өндөр хүүгүй, төгрөгийн ханш унадаггүй, барааны үнэ өсдөггүй эрүүл эдийн засагтай байлгахын төлөө энэ сонгуульд оролцоно. Шинэ нэгдсэн эвсэл энэ сонгуульд амжилттай оролцоно гэж итгэж байна. 


ШИНЭ НАМЫН ДЭД ДАРГА Ж.ЦОЛМОН


Монголын ард түмний хайрт хүү, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эх орныхоо төлөө тууштай тэмцэгч, цогтой хүү Очирбатын Дашбалбар агсны үүсгэн байгуулсан МУНН-тай үндэсний ардчилсан үзэл баримтлалыг тээгч, түгээгч ШИНЭ нам нэгдэн, Шинэ нэгдсэн эвслийг байгуулан, өнөөдөр Монгол Улсын 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа гардан авч байна.


Шинэ намд эрдэмтдийн төлөөлөл байгаа. Тиймээс шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн бодлогоо боловсруулан, үүний дагуу Мөрийн хөтөлбөрөө өргөн барьсан. Ингээд сонгуульд оролцож байгаа нийт улс төрийн намууддаа шударга сайхан өрсөлдөхийг уриалж байна. 


ШИНЭ НАМЫН ЗАЛУУ ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ Э.ЭНХЗОРИГ 



Миний хувьд 2019 оноос хойш залуучуудын төлөөлөл болж, тэднийхээ өмнөөс энэ нийгмийн төлөө дуу хоолой болж явсан. Таван жилийн хугацаанд хулгайчдыг өөрчилнө гээд дуугарч явсны үр дүнд юу болсон бэ гэхээр надад эрүүгийн хэрэг үүсгээд шүүхийн шатанд нэг жил гаруй хугацаанд явж байна.


Эцэстээ ойлгосон зүйл нь аль нэг зөв бодлоготой улс төрийн намыг сонгож, өргөн бүрэлдэхүүнээр энэ бүхэнтэй тэмцэх юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд би улс төрийн намуудыг судалж эхэлсэн. Одоо биднийг удирдаж байгаа хулгайч нарыг дэвшүүлэхгүй ямар нам байгааг юуны өмнө судалсан.


Ингээд хэдхэн хоногийн өмнө улс төрийн шийдвэр гаргаж, ШИНЭ намыг сонголоо. Учир нь ШИНЭ нам нь аж үйлдвэржсэн улс орныг бий болгохын төлөө яваа юм байна, байгалийн баялгийг ард түмэндээ тэгш хүртээх юм байна, хамгийн гол нь хууль бус асуудалд оролцсон хүмүүс энэ намд байхгүй юм байна. Тиймээс сэтгэлтэй, зүтгэлтэй, зорилготой хүмүүстэй нэгдэхээр ШИНЭ намыг сонгосон.  


МУНН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Л.ХАТАНБААТАР


Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын тухай хуулийн дагуу МУНН, ШИНЭ нам хамтран, УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох Шинэ нэгдсэн эвсэл байгуулагдсан. Ингээд өнөөдөр сонгуульд оролцох батламжаа гардан авч байна. Энэхүү батламж авснаар монголын ард түмэн шинэ сонголт хийх найдвар, итгэл төрж байгаа юм. Шинэ нэгдсэн эвслийн зорилго бол монголоо хайрлах, хадгалах, хамгаалах үзэл баримтлалтай бөгөөд ард түминий хүсэл зориг, улс орны эрх ашигт захирагдана. Мөнх тэнгэрийн хүчин Монгол Улсыг маань ивээх болтугай.