sonin.mn

Чөлөөт болон сонгомол бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны Бишкек хотноо болж байна.


Тус тэмцээнд манай улсаас чөлөөт болон сонгомлын төрөлд эрэгтэй, эмэгтэй 26 тамирчин зодоглож байгаа. Тэмцээний эхний өдөр таван тамирчин дэвжээнд гарснаас эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Ингэснээр тэр Азийн аваргын хошой мөнгөн медальтан болов. Тэрбээр эхний даваанд Японы Оно Масаносүкег цэвэр, дараа нь БНАСАУ-ын бөхийг 3:0, их шөвөгт Энэтхэгийн Рохитыг 10:0-ээр ялснаар финалд үлдэв.


Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд Ираны алдарт бөх, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Рахман Амузад Халилд 2:1-ээр хожигдсон. Тэд Азийн дэвжээнд гурван удаа таарахдаа хоёрт нь манай тамирчин ялагдлаа. Т.Тулга Халилд хоёр ялагдахдаа хоёуланд нь Азийн аваргаар ялагдсан бол Азийн наадмын финалд түүнийг ялж, алтан медалийн тавцанд зогсон төрийн дууллаа эгшилүүлж байлаа.


О.Тулга ярихдаа "Бэлтгэл сургуулилт хангалттай сайн байсан. Финалд санаснаараа барилдаж чадсангүй. Гэхдээ хэрхэн барилдахаа ойлгож авлаа. Барилдааны эхэнд бага зэрэг алдаа гаргаж, тэр чигээрээ дууслаа. Монголын чөлөөт бөхийн шигшээ багийнхандаа амжилт хүсье. Олон жил тасарсан олимпын медалийг авчрахын төлөө хамтдаа зүтгэе. Намайг дэмждэг бүх хүнд баярлалаа. Бөхийн буян их юм. Олимпын наадамд төрийн далбаагаа мандуулахын төлөө хичээх болно" гэв.


Тэгвэл 79 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Бямбадорж алтан медалийн төлөө барилдахаар болсон. Тэрбээр эхлээд Казахстаны Азамат Омырзхановыг цэвэр, улмаар Японы Камияаг 5:3, хагас шигшээд Узбекстаны Хасановыг ялснаар алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан юм. Гэвч финалд дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Ираны Мохаммед Ашгерт 12:2-оор ялагдлаа. Түүний хувьд тивийн аваргаас анхны медалиа хүртсэн нь энэ.


Э.Бямбадорж ярихдаа "Бэртэл авснаас хойш бараг нэг жил барилдаагүй. Тэр үед сэтгэл зүй үнэхээр хүнд байлаа. Барилдахаа болих тухай хүртэл бодсон. Одоо бол амжилтаасаа урам авч байна. Туркиийн тэмцээн, Азийн аварга гэсэн хоёр тэмцээнд дараалан финалдсандаа баяртай байна. Ираны бөхийг ялах боломж байсан л гэж харлаа. Дараа нь таарвал ялахын төлөө хичээнэ. Нэг мэхээр нэлээд хэдэн оноо алдлаа. Энэ л миний хожигдлын гол алдаа байсан болов уу. Дашрамд, Монголын чөлөөт бөхийн холбоо болон БТСУХ, Үндэсний шигшээ баг, сэтгэл зүйн баг, хоол зүйн багтаа баярлалаа. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа" хэмээн ярилаа.


Харин 57 кг-д З.Занабазар, 70 кг-д Ц.Чинзориг, 97кг-д Ө.Батзул нар ирэх жилийг хүлээх болж байна.