sonin.mn

"Баялагтаа эзэн Монгол" ТББ, "Машинтай жагсаал" ТББ-ын гишүүдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.


Энэ үеэрээ тэд: "Иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа аваад бараг дууссан байх. Гэвч АН-ын С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, оюутнуудын 300 мянган төгрөгийн хувьцааг нь хувьдаа хууль бус аргаар, дээрэмдэж, луйвардаж авсан. Энэ асуудлын талаар шаардлага хүргүүлэх гэж байсан иргэнийг 3 хоногийн өмнө гэрийнх нь ойролцоо 4 машинаар хавсарч зам тээврийн осол гаргасан үйл явдал боллоо. Үүнийг санаатайгаар, захиалгатай үйлдсэн байх гэж бид хардаж байна. Хүний амь насыг хохирооход бэлэн болсон байна.



Бид ногдол ашгаа аваагүй байгаа иргэдийг төлөөлж, С.Баярцогтоос нэхэмжлэх гэж байсан юм. Нийтдээ 700 орчим тэрбум төгрөгийг тухайн үеийн АН-ын дарга нараас нэхэх гэж бид ТББ байгуулж, тэмцэж явсан юм.



1072 хувьцааны ногдол ашгаа жил бүр авдаг болохыг хүсч байна. Сонгууль угтаж өгдөг биш, олон нийтийн хяналттай, нээлттэй компани болгож өгөхийг хүсч байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын 316-р тоот тогтоол дээр хувьцаа эзэмшигчдийн хувьцааг авна гэсэн нэг ч үг байхгүй. Энэ тогтоол бол сонгуульд санал авахын тулд хууль бусаар, хууран мэхлэх замаар гаргасан тогтоол. Үүний цаана 1 сая гаруй хүний эрх ашиг хөндөгдөж байна. Ийм учраас тэдгээр хүмүүсийн эрх ашгийг хамгаалах үүднээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт тус тогтоолыг хүчингүй болгох шаардлага хүргүүлсэн юм. Дараагийн арга хэмжээ бол ҮХЦ-д хандах зам байна.


Хувьцаа хэрэв хүний өмч мөн юм бол зах зээлийн зарчмаараа явах ёстой. Катар, Дубай болон олон улсад хувь хишгээ зөв зохистойгоор ард иргэддээ тарааж болдог гэдгийг харуулсан зөндөө жишээ байна. Гэтэл Монгол улсад мөнгө тараавал инфляци өснө, аймар болно шүү гэж айлгахаас өөр зүйл хийхгүй байна. Тийм учраас УИХ-аас гаргасан тогтоолоо, Үндсэн хуулиа дагаж мөрдөхийг Засгийн газраас шаардаж байна. " гэв. 



М.Чой