sonin.mn

Үнэн ба Зөв намаас сонгуулийн хууль бус санхүүжилттай холбоотой асуудлаар нэр бүхий хүмүүсийг АТГ-т өглөө.


Энэ үеэр "Үнэн Ба Зөв" Намын дарга А.Отгонбаатар: "УИХ-ын сонгууль дөхөж байгаа энэ үед хууль бус санхүүжилтээр улстөрийн нам, хувь хүн, бүлэг этгээдүүдийг санхүүжүүлж байж магадгүй гэдэг үндэслэлээр АТГ-т шаардлага хүргүүлж байна. Уул уурхайг дагасан том бүлэглэлүүд, ялангуяа ойрын үед дурдаад байгаа



"Цагаан суварга"-ын ордыг эзэмшиж байгаа Н.Номтойбаярын гэр бүл, Эрдэнэтийн 49 хувь, Хөтөлийн цемент, Нарийн сухайт дахь орд, Ховд аймаг дахь орд гэх мэт том ордуудыг эзэмшиж байгаа хүмүүс нам, улстөрийн хүчнүүдэд асар их санхүүжилт өгч байна.



Өгснийхөө хариу болгож, Монголын ард түмэнд биш, өөрсдөдөө ашигтай хууль, дүрмийг батлуулж, гаргуулж байна. Сүүлийн үед улс орноос хулгай хийсэн, ард түмний боломжийг дээрэмдсэн, өмч хөрөнгийг нь хулгайлсан хүмүүс бүс болгонд асар том уулзалтуудыг зохион байгуулж байна. Хаанаас, ямар санхүүжилтээр хийж байгаа нь нээлттэй биш. Тийм учраас Эрдэнэтийн 49 хувь, Хөтөлийн цемент, Цагаан суваргын орд, Нарийн сухайт, Тавантолгой, Оюутолгой зэрэг ордууд дээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад санхүүгийн шалгалт хийх хэрэгтэй. Үгүй бол энэ ордуудын цаана байгаа бүлэглэл буюу нөгөө Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Б.Нямтайшир, түүний гэр бүл хулгайлсан мөнгөө цацаж, ард түмний тархийг угаах зарчмаар сонгуулийн хууль бус санхүүжилт хийж байна. Энэ нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг болж хувирч байгаа юм.



Нөгөө яригдаад байдаг 30 гэр бүл чинь сонгуульд орох гэж байгаа МАН, АН, Үндэсний эвсэл, ХҮН намуудыг тэжээж, санхүүжүүлж байна. Тийм учраас энэ асуудлыг шалгуулхаар АТГ-т өгч байна.



Сонгуулиар л зөв сонголтоо хийж чадахгүй бол сонгуулийн дараа уйлаад яах вэ дээ. Авлигач нь толгой дээр гарчихдаг. Тийм учраас Монголчууд бид энэ үед л ухаантай байж, хулгайчдаа цэгцлэх хэрэгтэй. МАН, АН, ХҮН нам, Үндэсний эвслийн уулзалтанд орж байгаа иргэд тэднээс ямар санхүүжилтээр уулзалт зохион байгуулж байгааг нь асуух хэрэгтэй. Танайд хэн, хэдэн төгрөгний хандив өгсөн гэдэг тайлангаа гаргаж өг гэж маш тодорхой асуу. Тэгэхгүй бол нэг гэр бүл нэг эвслийг санхүүжүүлээд, хэргээ нуудаг, наймаалцдаг байж болохгүй. " гэв.



М.Чой